Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бага олимпын ширээний теннисийн аваргууд тодорлоо

“Бага олимпоос их олимпын оргил өөд” уриатай Баянхонгорын бага олимп гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Энэ удаагийн бага олимп хангай, говь, төвийн бүсэд хуваагдан Баянхонгор хот, Бууцагаан, Баянлиг шинэ сумдад нэг зэрэг зохиогдож буйгаараа онцлог.

Иргэдийн эрүүл аж төрөх ёс, биеийн тамир спортоор хичээллэх идэвхийг сайжруулах, шинэ залуу тамирчдыг нээн илрүүлэх, 2016 оны Бразилийн олимпод эх орноо төлөөлөх баг, тамирчдаа дэмжих зорилготой энэ удаагийн бага олимп олон онцлогтой болж байна. Тодруулбал, энэ жилийн спортын төрөл өмнөх олимпоос дөрвөөр нэмэгдэж 15 төрлөөр зохиогдож, нийт мянга гаруй тамирчин өрсөлдөж байна.

Түүнчлэн, 2008, 2012 онд зохиогдсон Баянхонгорын бага олимпод зөвхөн Баянхонгор аймгийн баг тамирчид, иргэд оролцох эрхтэй байсан бол энэ жилээс бусад аймгийн баг, тамирчдад ч нээлттэй болсон юм. Тиймдээ ч тун удахгүй бага олимп зохион байгуулах гэж буй Орхон, Дархан-Уул тэргүүтэй арав орчим аймгийн төлөөлөл туршлага судлахаар ирээд байгаа байна.

Манай сурвалжлах баг хангайн бүсийн тэмцээнийг сувалжлахаар Бууцагаан суманд ажиллаж байна. Сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөг, ширээний теннис зэрэг дөрвөн төрөлд нийт 170 орчим тамирчин өрсөлдөж буй хангайн бүсийн тэмцээний хагас шигшээ тоглолтууд марааш дуусч, медалийн төлөөх шигшээ тоглолтууд энэ сарын 28, 29-нд Баянхонгор аймаг болох юм.

Өчигдрийн байдлаар ширээний теннисийн аваргууд тодорсон. 21 сумтай Баянхонгор аймгийн сум бүрээс баг тамирчид оролцосон ширээний теннисийн тэмцээн ганцаарчилсан болон холимог хосын төрөлд аваргаа тодруулсан юм.
Нийт 25 байгууллагын 60 орчим тамирчин өрсөлдсөн тэмцээний ерөнхий шүүгчээр улсын шүүгч Д.Нэргүй ажиллаж ширээний найман шүүгчийг Баянхонгор аймгийн багш, дасгалжуулагчид бүрдүүлсэн байв.

Тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Баянхонгор аймгийн нэгдүгээр багийн ахлагч, спортын мастер Д.Энхбаатар  түрүүлсэн бол “Алгоритм” компанийн залуу тамирчин Б.Баттөмөр мөнгөн медаль хүртэж, Баянцагаан сумын Б.Гантогтох удаалсан.

Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Гурванбулаг сумын тамирчин, дэд мастер Б.Батдэлгэр түрүүлсэн. Тэрээр 2012 оны бага олимпын ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртэж байсан юм. Ийнхүү энэ удаагийн олимпод медалийн өнгөө хувиргаж алтан медаль хүртсэн нь энэ.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн мөнгөн медалийн эзнээр мөн 2012 оны мөнгөн медальт, “Номгон 1” багийн тамирчин, дэд мастер Б.Сийлэгмаа тодорсон. Харин гуравдугаар байрт залуу тамирчин, дэд мастер Б.Хонгорзул орлоо.
Тэмцээний хамгийн өрсөлдөөнтэй тоглолтууд холимог хосын төрлөөс гарсан гэж болно. Энэ төрөлд “Алгоритм” болон “Номгон 1” багийн хооронд ширүүн тулаан өрнөж алтан медалийн төлөөх тоглолтод “Алгоритм”-ын Б.Баттөмөр, Б.Мөнхчимэг нар ердөө хагас онооны зөрүүтэй өрсөлдөгч “Номгон 1” багийг буулгаж авсан. Улмаар ганцаарчилсан төрөлд алт, мөнгөн медаль хүртсэн “Номгон 1” багийн Д.Энхбаатар, Б.Сийлэгмаа нар энэ төрөлд мөнгөн медаль хүртсэн юм. Харин гуравдугаар байрт “Нөхөрлөл”-ийн Б.Батдэлгэр, Р.Маргад нар орж хүрэл медаль хүртсэн.

Б.Сийлэгмаа: Орчин нь бүрэн бүрдсэн болохоор тамирчдад таатай байна

Тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртсэн, Баянхонгорын бага олимпын хошой мөнгөн медальт, дэд мастер Б.Сийлэгмаатай цөөн хором ярилцлаа.


-Юуны өмнө бага олимпын медалиа ихэрлүүлсэнд баяр хүргэе?
-Баярлалаа,

-Мэдээж медалийн өнгөө хувиргах зорилготой ирсэн байх?
-Тиймээ, 2012 оны бага олимпод оюутан байхдаа оролцож мөнгөн медаль хүртсэн. Энэ жил амжилтаа ахиулж алтан медаль хүртэх зорилготой ирсэн ч харамсалтай нь хагас параар хожигдчихоо.

-Алтын төлөөх тоглолтын үеэр багш тань мөн алтан медалийн төлөөх тоглолт хийсэнд анхаарал тань сарнисан санагдсан?
-Харин тийм, байн байн багшийнхаа тоглолтыг хараад анхаарал сарнисан тал бий. Бид хоёр холимог хосын төрөлд хоёрт орсон болохоор ганцаарчилсан төрөлдөө аваргалах зорилго тавьсан юм. Багшийн маань хувьд өрсөлдөгчөө ганцхан оноогоор хожсон болохоор миний анхаарал ч тэр тоглолтод яваад орчихсон байсан.

-Таны хувьд хоёр дахь бага олимпдоо оролцож байна. Энэ жилийн тухайд?
-Би уг нь 2008 оны олимпод оролцохоор бүртгүүлсэн ч 16-аас дээш гээд нас заачихсан байсан. Тэгээд 2012 оны олимпоос орж эхэлсэн юм. Уг нь гурван олимпод гурвууланд нь орох боломжтой байсан юм. Энэ жилийн тухайд зохион байгуулалт, хамрах хүрээ, баг тамирчдын идэвхи оролцоо гээд бүгд л сайжирсан санагдаж байна. Түүнчлэн, шинэ суманд тэмцээн уралдаанаа зохиосон маш зөв шийдэл болсон байна. Шинэ спорт цогцолбор, заал, танхим гээд дутуу юм алга. Орчин нь бүрэн бүрдсэн болохоор тамирчдад ч таатай байх шиг байна.

-Бага олимпын ач холбогдлыг хэрхэн харж байна?
-Мэдээж аймаг, сумын ард иргэд, тамирчид хамрагдаж буйгаараа маш өндөр ач холбогдолтой наадам. Энэ олимпоос тив, дэлхийн аваргууд ч төрсөн. Ер нь, энэ жил оролцсон тамирчдыг хараад байхад их залуужсан байна. Ширээний теннис л гэхэд насны хязгааргүй болж. Ердөө 13, 14-тэй хүүхүүд алт, мөнгөн медалийн төлөө өрсөлдөж байна шүү дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан