Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Тулга: Нэг савтай, нэг бодлоготой, нэг зорилготой болъё

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

БНХАУ-ын Мүгдүн хотноо болсон “3-ын эсрэг 3” оюутны Азийн аврага шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд манай эрэгтэйчүүдийн нэгдүгээр баг хоёрдугаар байр эзэлж мөнгөн медаль хүртсэн. Түүнчлэн, багийн ахлагч О.Гансүх тэмцээний цагирганд довтлох төрөлд аваргалж бахдам амжилт үзүүлсэн юм. Эх орондоо өчигдөр ирсэн тамирчдыг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд хүлээн авч баяр хүргэсэн. Энэ үеэр МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулгаас цөөн асуултад хариулт авлаа.

-Манай тамирчид “3-ын эсрэг 3” төрөлд амжилттай оролцоод ирлээ. Медальт байрт шалгарсан багууд энэ төрлийн дэлхийн аваргад оролцох эрхтэй болдог байх аа?
-Тиймээ, байр эзэлсэн багууд “3-ын эсрэг 3” төрлийн дэлхийн аваргад тив, улсаа төлөөлдөг. Сая болж өнгөрсөн Азийн аваргад манай багууд маш сайн тоглолоо. Ер нь, эрэгтэй хоёрдугаар баг, эмэгтэй багууд ч мөн адил маш сайн оролцлоо. Мөнгөн медаль хүртэл амаргүй зам туулсан. Энэ төрлөөр илүүрхдэг Филиппин, Иран, Хятад, Хонгконг зэрэг хүчирхэг багийг буулган авч хоёрдугаар байрт орлоо.Харамсалтай нь, алтын төлөөх шийдвэрлэх тоглолтод Хятадын багт хожигдсон. Гэхдээ энэ тэмцээнээс Монгол, Хятадын баг л дэлхийн аваргад оролцох эрх авсан. Тэгэхээр бид санасандаа хүрсэн.

-Өмнөх тэмцээнүүдээс ч хараад байхад манайхан энэ төрөлд амжилт үзүүлэх боломжтой санагдсан?
-Ер нь, “3-ын эсрэг 3” бол сагсан бөмбөгийн төрлүүдээс монголчуудад хамгийн тохиромжтой нь. Талбайн нэг талд, цөөн хүний бүрэлдэхүүнтэй тоглодог, богино хугацааны тэсрэлттэй тоглолт үзүүлдгээрээ манайхан илүүрхэж чаддаг. Манай тамирчид сүүлийн үед оролцосон тэмцээнүүддээ ур чадварын хувьд ч илүүрхэж, улам бүр ахиж байна. Энэ удаагийн тэмцээнд мөнгөн медаль хүртсэн нь Азийн сагсан бөмбөгийн дэвжээнд монголын баг тамирчид гарч ирснийг харууллаа гэж ойлгож байна. Цагирганд довтлох үзүүлбэрт түрүүлсэн манай Хүдэрбат л гэхэд Азийн аваргад анх удаа орж байгаа. Гэсэн ч бэлдсэн үзүүлбэрээ 100 хувь, амжилттай гүйцэтгэж аваргалж чадлаа. Энэ нь цаашид “3-ын эсрэг 3” гэлтгүй цагирганд довтлох төрөл ч манайд өндөр хөгжих боломжтойг харуулж байгаа хэрэг.

-Ирэх жил манайд Азийн аварга болно гэж сонссон?
-Тиймээ, ирэх жил манайх Азийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулна. Гэхдээ “3-ын эсрэг 3” биш таван хүний бүрэлдэхүүнтэй тоглодог үндсэн төрлөөр. Энэ бол маш том тэмцээн. Аливаа юм өөрийн гэсэн шатлалтай байдаг. Азийн аварга бол дэлхийн аваргын дэвжээнд гарах босго. Тиймдээ ч бэлтгэл ажил, зохион байгуулалтад өндөр ач холбогдол өгөх нь чухал.

-Дашрамд сонирхвол хоёр холбооны асуудал юу болж байгаа вэ. Асуудлаа шийдвэрлэх талаар ярилцаж байна уу?
-Манай холбооны зүгээс хамтарч ажиллая, нэгдье гэсэн санал тавьсан.Монголын сагсан бөмбөгийн холбооноос “за” гэсэн ч асуудал шийдэгдээгүй л байна.

-Сагсан бөмбөгийн холбооны ээлжит бус чуулганаар ерөнхийлөгч сонгосон ч танай холбоо ирц хүрээгүй гэх шалтгаанаар хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй гэсэн?
-Намайг урд хөрш рүү явсан, эзгүй хойгуур хурал хийсэн байсан. Үнэндээ найз нөхдийн хүрээнд хийсэн хурлыг хүлээн зөвшөөрч чадаагүй. Хоёр холбооны асуудал мэт боловч бүхэл бүтэн лигийн 15 баг,тамирчин, “Спрайт”, Хөгжлийн лиг гээд 21 аймгийн хоёр, гурван мянга гаруй хүний эрх ашгийн асуудал шүү дээ.

-Асуудлын гарцыг танай холбооны зүгээс хэрхэн харж байна?
-Манай холбооны зүгээс нэгдэх нь зөв гэдэг байр суурьтай байгаа. Олон удаа нэгдсэн хурал хийе гэсэн санал тавьсан. Ер нь тэгээд бүх зүйл хуулийн дагуу байх нь зөв гэж бодож байна. Ямартай ч, энэ хэвээр удаан үргэлжлэхгүй, шийдэлд хүрэх байх гэж найдаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан