Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 165 нэр төрлийн нэг сая 200 мянга орчим сурах бичиг хэвлэн нийлүүлж буй юм. Суурь боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчилж байгаатай холбоотойгоор Vl-IX ангийн 77 нэр төрлийн сурах бичиг, багшийн номыг шинээр, I-XII ангийн 88 нэр төрлийн сурах бичиг, багшийн номыг дахин хэвлэж нийлүүлэхээр болсон.
Түүнчлэн I-IV ангийн 25 нэр төрлийн 20 мянга орчим сурах бичгийг казах хэл рүү орчуулан Баян-Өлгий, Ховд аймагт хүргэхээр болсон билээ. Гэвч БСШУ-ы сайдын баталсан үнээр нь авч чадахгүй илүү өртгөөр авах, олдоц хүрэлцээ муу гээд л сурах бичгийг тараах ажил жил бүр асуудал дагуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс дээрх шиг асуудал гаргуулахгүйн тулд нийт 11 компани, номын дэлгүүрт сурах бичгийг үйлдвэрийн үнээр нь зарж борлуулах эрхийг нь өгсөн. Ард иргэдийн амьдрал, хүүхдүүдийн амьдрах боломж нөхцөл хэцүү байгаа учраас нэг ч сурах бичиг дамлуулах ёсгүй, нэг ч төгрөг нэмүүлэхгүйгээр байнгын цэг ажиллуулах болсонд нь эцэг, эхчүүд сэтгэл хангалуун байгаа юм. Жил бүр дунд ахлах ангийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд буюу нийт хүүхдийн 40 хувьд олгодог сурах бичиг энэ хичээлийн жилд 24,5 хувь болон буурсан байгаа. Тиймээс үлдсэн хувийг нь эцэг, эхчүүд өөрсдөө худалдан авна гэсэн үг. Гэхдээ энэ жилийн нэг сурах бичгийн дундаж үнэ 2600 төгрөг байгаа болохоор эцэг, эхчүүдэд тийм ч их дарамт болохгүй байгаа юм. Харамсалтай нь, сайны хажуугаар саар гэгчээр зарим сурах бичиг олдохгүй байгаа бэрхшээлтэй тулгарч буй зарим эцэг, эх холбогдох яамны цахим хуудсанд ийн бичжээ. “Интерном, Аз хур дэлгүүрээр ороод сурах бичиг авах санаатай худалдагчаас нь асуутал “мэдэхгүй” гэдэг гоё үгээр ам таглав.
Дараа нь "Номын худалдааны төв"-ийн хажууд "Сурах бичгийн төвлөрсөн худалдааны төв"-өөр ортол долдугаар ангийн хоёр сурах бичиг нь л байна. Маргааш нь нөгөө худалдагчтайгаа ярьтал дахиад хоёр сурах бичиг нэмэгдсэн байв. Үндсэндээ дөрвөн сурах бичгийг хоёр өдөр зарцуулж авлаа. Үлдсэн 10-аадыг нь хэдийд авахыг хэн ч хэлж үл мэднэ. Гэтэл хажууханд нь ном дамладаг нөхдөд бүх ном хоёр юм уу гурав дахин үнэтэй байж байх юм. Эдгээр сурах бичгийн ард "Дамлан борлуулахыг хориглоно" гэсэн үг бас байна. Сурах бичгийг зөв системтэй хүргэж чадахгүй байна” гэж шүүмжилсэн байв. Энэ мэдээллийн дараа орон нутагт сурах бичиг хүрэхгүй байна гэдэг жиргээ нүдэнд туссан болохоор учрыг нь лавлахаар зарим мэргэжилтэнтэй холбогдож дараахь мэдээллийг авлаа.
Ж.Долгор: Орон нутаг руу сурах бичиг явуулахад хойрго хандаж байна
Сүхбаатар аймгийн хувьд "Солонго" бичиг хэргийн дэлгүүр сурах бичгийн борлуулалтыг хийдэг юм байна. Өнгөрсөн жил Улаанбаатар хотын хэвлэлийн үйлдвэрээс захиалж, замын зардлын өртгийг нэг номон дээр 600 төгрөг нэмж байсан бол энэ хичээлийн жилд 300 төгрөг нэмж зарж байгаа аж. Энэ нь хэвлэлийн компаниуд борлуулалтын хөлс өгдөггүйтэй холбоотой гэнэ. Ингээд тус дэлгүүрийн захирал Ж.Долгортой холбогдов.
-Бүх сурах бичиг танайд очсон уу?
-Бүгд ирээгүй байна. Хагас нь л ирсэн. Уг нь сурах бичгүүдээ үйлдвэрийн үнээр нь борлуулж байгаа л даа. Хамгийн гол нь компаниуд сурах бичгээ гаргаж өгөхгүй байна. Тухайлбал, “Эдмон”, “Улаанбаатар хэвлэл” компанийн сурах бичиг ерөөсөө ирээгүй. Уг нь, номнууд нь хэвлэлтээс гарчихсан юм билээ. Гол нь орон нутаг руу явуулах тал дээр анхаарахгүй байна. Ашгийн байгууллагууд учир хотод бэлэн мөнгөтэй хүмүүст өгөх сонирхолтой байх шиг. Одоогоор манайд “Улаанбаатар хэвлэл”-ийн наймдугаар ангийн математик, биологи, мэдээлэл зүйн ном ирээгүй байх жишээтэй. Мөн “Эдмон”, “Улаанбаатар хэвлэл”-ийн сурах бичгүүд ч ирээгүй байна.
-Уг нь хэвлэлтээс гарсан гэдэг мэдээлэл бий?
-Ер нь, ажиглаад байхад БСШУЯ-наас гаргасан үнэгүй тараагдах сурах бичгүүдийг хүргүүлсэн байна билээ. Нийт сурах бичиг авах хүүхдийн тоогоор бол 24,5 хувь нь авах ёстой. Бусад сурах бичгийг хүмүүс худалдаанаас авах юм. Тэр номнуудыг явуулах ажил дээрээ л компаниуд хойрго хандаад байна. “Соёмбо” бол тэр дор нь явуулчихдаг юм. Харин бусад нь бол гуйлгана, захиралууд хуралдаж байна, хэвлэнэ, хэвлэхгүй гэх зэргээр хариу өгдөг.
-Тэгэхээр танай аймгийн сурагчид сурах бичиггүй байгаа байх нь ээ?
-Нөхцөл байдал өнөөдөр ийм л байна. Орон нутгийн хүүхдүүдийн ном, сурах бичиг авах хүсэлт ч тааруухан болж. 24,5 хувьд нь өгч буй номноос л хэрэглэж байгаа болов уу. Ямар ч гэсэн хүүхдүүд байгаа номоо солилцоод л сурч байгаа байх. Хамгийн сайн эрэлттэй байгаа ном нь долоо, наймдугаар ангийнх л байна. 10, 11, 12 дугаар ангийнхан бол бараг л ном авдаггүй.
-Хэвлэлийн компаниудын ийн хойргошиж буй нь ямар шалтгаантай байна гэж та үзэж байна вэ?
- Өнгөрсөн жил шинээр хэвлэгдсэн сурах бичгийг энэ жил хэрэггүй болгоод дахин өөр сурах бичиг хэрэглүүлж байна. Хүмүүс ямар ч гэсэн хоёр, гурван жил хэрэглэх байлгүй гээд авчихдаг. Гэтэл тэр ном нь энэ жил хэрэггүй болчихдог болохоор хэвлэлийн компаниуд жаахан халширах байдалтай болчихож. Тиймээс компаниуд илүү хэвлэх сонирхолгүй байгаа. Дахин хэвлэхээс цааргалаад бүх хүүхдээ сурах бичгээр хангах тал дээр анхаарахгүй байна л даа.
Б.Батхишиг: Хэвлэлийн компаниуд хэвлэлтээс гараагүй байна гэдэг
/Ховд аймгийн Боловсрол, соёлын газрын нярав/
-Сурах бичгүүд 70 хувьтай ирсэн. Ерөнхийдөө бага болон ахлах ангийн сурах бичиг бараг бүгд ирсэн. Харин дунд ангийн сурах бичгийн 50 хувь нь ирсэн. Одоогийн байдлаар зургаа, долоо, найм, есдүгээр ангийн зарим сурах бичиг ирээгүй байна. Хэвлэлийн компаниудаас яагаад номоо явуулахгүй байгаа талаар тодруулахаар хэвлэлтээс гараагүй байна гэдэг тайлбар хэлдэг. Ямар ч гэсэн энэ долоо хоногт хэвлэгдэж дуусна гэсэн болохоор ирэх долоо хоногт ирчих байх. Дунд ангийн сурагчид хуучин сурах бичгээ ашиглаж байгаа.
П.Жавзмаа: Дамлан худалдаачдад ном олгохгүй байх үүрэг өгсөн
БСШУЯ-ны Сурах бичиг, сургалтын орчны бодлогын зохицуулалт хариуцсан мэргэжилтэн П.Жавзмаагаас сурах бичигтэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа.
-Зарим аймагт сурах бичиг нь бүрэн очоогүй байгаа нь ямар учиртай юм бэ?
-Хэвлэлтээс бүх сурах бичиг гараад аймаг, нийслэлийн боловсролын газруудад хүргэгдсэн. Тэгэхээр зах зээлд борлуулагдаж буй сурах бичгийн тухай л яригдаж байгаа болов уу.
-Ховд аймгийн сурах бичиг хариуцсан мэргэжилтэнтэй холбогдоход энэ долоо хоногт сурах бичиг нь хэвлэгдээд очино гэсэн байна?
-Бидэнд өгсөн мэдээллээр бүх сурах бичиг түгээгдээд очсон гэсэн. Мөн үлдсэн сурах бичгүүд ачигдаад гарсан гэсэн мэдээллийг ч аль хэдийнэ өгсөн. Машин тэрэг нь саатсан байж магадгүй. Уг нь, аймгийн боловсролын газруудад эргээд энэ хүмүүстэй холбогдоорой, ийм компаниудаас сурах бичгүүд очино гэсэн мэдээллийг өгсөн шүү дээ. Зах зээлд борлуулагдах сурах бичгүүдийг хэвлэлийн компаниуд нэгдсэн журмаар эсвэл өөр компаниар дамжуулан орон нутагт хүргүүлэхээр ажиллаж байгаа л даа. Яагаад гэвэл сурах бичгийн үнэ нэлээд хямд байна. Тэгэхээр тухайн компаниуд сурах бичгүүдээ ганц ганцаар нь хүргэнэ гэхээр хүндрэлтэй байгаа учир хамтарсан гэрээ байгуулсан байж магадгүй.
-Ер нь, сурах бичигтэй холбоотой гомдол танайд хэр ирж байна вэ. Зарим ном нь худалдаалах эрхтэй дэлгүүрүүдэд байхгүй хэрнээ дамын наймаачдад байна гэх юм?
-Зах зээлд худалдаалах эрх бүхий компаниудтай бид гэрээ хийсэн болохоор хэвлэлийн компаниуд номоо тэр эрхтэй газруудаар худалдаалж байгаа. Дамын худалдаачдад битгий өгөөчээ гэдэг үүргийг бүхий л хэвлэлийн компаниудад өгсөн. Тиймээс хоёроос илүү номыг нэг хүнд олгохгүй байгаа шүү дээ. Хэрвээ олон ном авахаар бол тухайн сургуулиасаа албан тоот авчир гэдэг шаардлагыг компаниуд тавьж ажиллаж байна. Гэхдээ ченжүүдийн арга их нарийсчихаж. Хэд хэдэн хүнээс ном аваад өгөөч гэж гуйгаад л авчихаж байна гэсэн сураг сонссон. Үнэндээ энэ асуудалд анхаарал тавиад шалгах эрх нь бидэнд байхгүй.
-Ном борлуулах эрхтэй компаниудын талаар иргэд мэдээлэлгүй байх шиг?
-Ард иргэд гаргасан мэдээллийн дагуу үйлдвэрийнх нь үнээр зарж борлуулах эрхтэй газраас нь авах хэрэгтэй байгаа. Худалдаалах эрх авсан компани, номын дэлгүүрүүдийн хаяг, утасных нь дугаарыг бичсэн жагсаалт манай яамны сайтад байгаа шүү дээ. Өөр олон сайт дээр байршуулсан байгаа. Тэгэхээр тэр жагсаалтыг хараад сурах бичгийн худалдаагаа хийвэл өөрсдөд нь л хэрэгтэй. Багшийн хөгжлийн ордны ард талд байрладаг нэгдсэн худалдаанд байхгүй л бол цаашаа арав алхаад дамын худалдаачнаас өндөр үнээр авчихаад байна. Гэхдээ энэ нь хувь хүний өөрийнх нь л сонголт.