Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аль холбоо нь сагсан бөмбөгийн спортыг хөтлөх вэ

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Өстөн дайснууд хүртэл үнэнч шударгаар өрсөлддөг талбар бол спортын дэвжээ. Тамирчдын хувьд “ариун газар” гэж болох их спортын эл талбарт түнжин муутай улс орны тамирчид ч эрх тэгш хүч үзэж эцэст нь гар бариад салахыг тив дэлхийн тэмцээн уралдаан, олимпын наадмаас олонтаа харлаа. Гэтэл тамирчид нь талцаж хуваагдаагүй байхад толгойлж буй холбоод нь шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болсон жишээг Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос харж болно.

Энэ сарын 12-19-нд болж өнгөрсөн Хүүхдийн спортын V их наадмын сагсан бөмбөгийн төрлийг зохион байгуулагчдын дунд маргаан үүсч улмаар Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатарыг “Хууль бус шийдвэр гаргасан” хэмээн МСБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Батпүрэв, эмэгтэй багийн дасгалжуулагч Д.Энэбиш нар хэвлэлийн хурал зарласныг өмнөх дугаарт мэдээлсэн.
Тэд хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд МСБХ Хүүхдийн спортын наадмыг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ удаад ч мөн ялгаагүй зохион байгуулах ажлыг шат дараатай хийсээр ирсэн ч энэ сарын 12-нд өдөр буюу наадам эхлэхийн өмнөх өдөр дэд сайдын шийдвэрээр зохион байгуулах эрхийг МҮСБХ-нд шилжүүлсэн” хэмээсэн юм. Улмаар, дэд сайд Т.Болдбаатарыг албан ёсоор хариу өгөхийг шаардсан билээ.

Шаардлагын хариу ирсэн эсэхийг тодруулахаар МСБХ-ны эмэгтэй багийн дасгалжуулагч Д.Энэбиштэй холбогдсон юм. “Албан ёсны хариу өгөөгүй. Ямартай ч, Хүүхдийн спортын их наадам дууссан. Зохион байгуулах ажлыг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо хариуцан явуулсан ч тэмцээнд оролцогчдоос гомдол санал цөөнгүй ирж байна. Дархан-Уул, Завхан аймгийн баг тамирчид эсрэг багийн бүрэлдэхүүнд нь мандатгүй тамирчид багтсан тухай гомдол мэдүүлсэн. Тодруулбал, Баянгол дүүргийн багт огт мандат аваагүй, оюутнууд орж тоглосон юм билээ. Энэ мэт хэд хэдэн багийн бүтэц бүрэлдэхүүнд тэмцээний үеэр өөрчлөлт орсон ч хэн ч арга хэмжээ авалгүй хэд хэдэн тоглолт болоод өнгөрчихсөн хойно зарим багийг нь хассан юм билээ” хэмээсэн юм.
Ямартай ч, Хүүхдийн спортын наадмын сагсан бөмбөгийн төрлийг Монголын сагсан бөмбөгийн холбооноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн ч энэ удаад Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоонд эл эрх ид шидийн гэмээр шилжжээ. Наадам 12-ны өдөр албан ёсоор эхлэх хүртэл сагсан бөмбөгийн төрлийг зохион байгуулах эрх Монголын сагсан бөмбөгийн холбооны мэдэлд байв. Нэг үгээр зохион байгуулах бүх л ажил дуусч, тамирчид талбайд гарч шүгэл дуугарах л үлдээд байв. Тэр ч бүү хэл наадам эхэлсэн 12-ны өдөр, нээлтийн үйл ажиллагааны үеэр Хүүхдийн спортын V их наадмыг зохион байгуулах ажилд оролцсон спорт холбоодыг танилцуулахад “Монголын сагсан бөмбөгийн холбоо” хэмээн дурдсан байна. МСБХ-ны зүгээс Хүүхдийн спортын их наадамд орох баг тамирчдыг шалгаруулах урьдчилсан шатны шалгаруулалт, тоглолтуудыг 30 гаруй сая төгрөг зарцуулан хийсэн аж. Тодруулбал, Улсын аварга шалгаруулах тэмцээн, нийслэл, дүүрэг, бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан 32 багт Хүүхдийн спортын V их наадамд оролцох эрх олгосон байна.  Гэтэл хамаг хүнд хүчир ажил дууссан хойно, тэмцээн эхлэхийн өмнөх өдөр нөгөө холбоонд эрх шилжүүлсэн нь маргаан үүсэх гол шалтгаан болоод байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан