Туркменистаны нийслэл Ашгабат хотноо болсон Азийн олимпын зөвлөлийн XXXIV ерөнхий ассамблейд 45 орны төлөөлөгч оролцжээ. Ассамблейгаас 2015-2019 онд ажиллах Азийн олимпын зөвлөлийн Удирдах бүрэлдэхүүнийг сонгоход Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн Азийн олимпын зөвлөлийн Мэдээлэл, статистикийн байнгын хорооны даргаар сонгогдсон аж.
Монголын үндэсний олимпын хороо нь 1974 оноос Азийн наадамд оролцож эхэлсэн бөгөөд 1982 онд Азийн олимпын зөвлөлийг анхлан байгуулалцаж байжээ. Тивийн олимпын удирдах дээд байгууллагад монгол хүн анх удаа сонгогдож буй нь энэ. Азийн олимпын зөвлөлийн ерөнхийлөгчөөр Шейх Ахмад Аль Фахад Аль Сабах /Кувейт/ улиран сонгогдсон байна. Хурлаар олон асуудал хэлэлцсэний дотор 2022 оны Азийн наадмыг БНХАУ-ын Ханжоу хотод зохиохоор болсон аж. 2017 онд Ашгабат хот Азийн танхимын болон тулааны спортын IV наадмыг хүлээж авна.