Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олимпын алтан медаль авахыг ерөөж тамирчдаа 2,8 кг алтаар байллаа

А.АКЭРКЭ

АНУ-ын Лас-Вегас хо­тын “The Orleans Arena” спор­тын ордонд болсон ДАШТ-ээс  чөлөөтийнхөн нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж бахдам ам­жилт үзүүлж элэг нэгт мон­гол­чуудаа баярлуулсан би­лээ. Монголын чөлөөт бө­хийн шигшээ багийнхны түү­хэн амжилтыг шинэчилж чад­сан тамирчдаа өчигдөр хол­бооны удирдлагууд багш, дас­галжуулагчид, ахмад та­мирчид нь хүлээн авч хүн­дэтгэл үзүүлэн шагнаж урамшууллаа. Холбооны зүгээс дэлхийн хошой аварга болсон С.Батцэцэгийн амжилтыг алд цэнхэр хадаг нэг кг алт, дүүрэн будаатай мөнгөн аягаар үнэлсэн бол мөнгөн медаль хүртсэн Б.Номин, П.Өнөрбат, С.Цэрэнчимэд нарт тус бүрт нь 500 гр алтыг мөнгөн аягын хамтаар шагнасан урамшуулав. Энэ үеэр холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж “Өнөрөө ёстой миний тооцоонд байгаагүй. Үнэхээр гайхамшигтай барилд­сан” хэмээн түүнийг үгээр урамшуулахаа ч мартсангүй.

Түүнчлэн хүрэл медалийн эзэн болсон Э.Бэхбаярт 300 гр алт гардуулан өгч дараа дараагийнхаа тэмцээнд ам­жилттай оролцож меда­лийнхаа өнгийг хувиргахыг хүсэн ерөөв. Шагналын хур буусан энэ өдөр ивээн тэтгэгч байгууллагууд ч тэдний амжилтыг үнэлж дор бүрнээ бэлдсэн бэлгийнхээ батламжийг гардуулав. Тод­руулбал, Үндэсний Хөрөн­гө оруулалтын банкнаас С.Бат­цэцэгт Нарны хорооллын гурван өрөө байрны батламж гардуулж, сонголт хийх эрхийг нь түүнд өгсөн бол Э.Бэхбаярт “Алтай” констракшн хоёр өрөө байр бэлэглэх шийдвэр гаргаснаа дуулгав.

Харин П.Өнөрбатад “Хасу мегаватт” компани хоёр өрөө байр, Б.Номинд “Гацуурт” компани хоёр өрөө байр, С.Цэрэнчимэдэд “МТС” компаниас байр өгөхөөр болсон юм. Мөн тамирчдыг амжилт гаргахад нөлөөлсөн багш дасгалжуулагчдыг урамшуулахаа ч мартсангүй. Шигшээ багийн дасгалжуулагч тус бүрт нь  2000 ам.доллар бэлэглэсэн бол олимпын эрх авсан тамирчдад тус бүрт нь хоёр сая төгрөг өгсөн гээд ёстой л нэг шагнал асгарсан өдөр байлаа.  УИХ-ын гишүүн МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар гэхэд л “Чөлөөт бөхийг маш хүнд байх үед надтай мөр зэрэгцэн хөлсөө дуслуулж сэтгэлээ өгч явсан найз маань өнөөдөр хэлсэн амлалтдаа эр хүн шиг хүрээд эрэгтэй баг тамирчдаа энгэр дүүрэн медальтайгаар ард түмнийхээ өмнө авчирч уулзуулж байгаад нь үнэхээр их талархаж байна” гэж хэлээд өөрийн найз О.Пүрэвбаатарт хувиасаа 10 сая төгрөг гардуулав. Энэ мэтээр холбооны удирдлагууд дор бүрнээ сэтгэгдлээ хуваалцаж, баярласан талархснаа дахин дахин илэрхийлж байлаа. Бас нэг баярт мэдээ нь өндөр амжилт гаргасан С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгуулах талаар МЧБХ-ноос Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандсан гэнэ. Дашрамд сонирхуулахад,  Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэгт Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар дэд хурандаа цол олгожээ. Тэрээр “Хилчин” спорт хороо, хилийн 0253 дугаар тусгай ангийн алба хаагч юм. Анх 2010 онд хил хамгаалах байгууллагад хилчин ахлагчаар ажлын гараагаа эхэлж байсан тэрээр ийнхүү дэд хурандаа мөрдэс зүүлээ. Ингээд хүндэтгэлийн арга хэмжээний үеэр холбооны ерөнхийлөгч болон зарим тамирчны сэтгэгдлийг сонслоо.


Б.Номин: Алтан медаль авахын тулд өөрийгөө дайчилна

-Биднийг хүлээж авсан холбооны удирдах зөвлөлийнхөндөө баярла­лаа гэж хэлье. Мөн хүч хөдөлмөрийг минь үнэлж шагнаж урамшуулсанд маш их баярлаж байна. Цаашид дэлхийн аварга, олимп гээд тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцож аваагүй алтан медалиа авахын төлөө өөрийгөө дайчлах болно.

С.Батцэцэг: Хамгийн түрүүнд Дагвадорж ах руу ярьсан

-Юуны өмнө хошой аварга болсонд тань баяр хүргэе. Барилдаануудыг чинь үзэж байхад өөртөө их итгэлтэй байсан нь анзаарагдсан?

-Баярлалаа. Ер нь өөртөө их итгэлтэй байсан л даа. Жин­гийнхээ тамирчдыг ерөнхийд нь мэддэг. Олонхитой нь барил­­даж үзэж байсан боло­хоор барилдахад дөхөм байлаа. Харин аваргын төлөө барилдсан япон бөхтэй анх удаа таарч барилдлаа. Гэхдээ олон япон бөхтэй барилдаж байсан болохоор тийм ч хэцүү байгаагүй. Одоо намайг олон улсын тэмцээнүүд хүлээж байна. Хамгийн том зорилго маань олимпын аварга болох. Тиймээс зорилгодоо хүрэхийн тулд хичээх  болно. Энэ их амжилтад хүрэхэд нөлөөлсөн бүхий л хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Тэр дундаа Биеийн тамир, спортыэ хөгжлийн төв, Монголын чөлөөт бөхийн холбоо болон удирдлагууд, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хамт олонд, найз залуудаа, гэр бүлийнхэндээ үнэхээр их талархаж байна. Мөн анхны багш Дондов багшдаа их баярлалаа гэдгээ хэлэх нь зүйтэй болов уу.

-Яг аваргын төлөө барил­дахад ямар сэтгэгдэл төрж байв. Багш нар нь юу гэж зөвлөж байсан бэ?
-Нэгдүгээр тойргийн барил­даанаас эхлээд л өөртөө итгэл­тэй байсан. Ингэчих вий, тэг­чих вий гэсэн айдас түгшүүр байгаагүй болохоор их чөлөөтэй өөрийнхөөрөө байж чадсан. Тийм болохоор барилдаануудаа их төлөвлөж гарсан. Багш нар бо­соогоос мэх хийгээд хэвтээд шил­жихдээ мэхний залгааг сайн хийх хэрэгтэй гэж зөвлөж байсан. Тэр захиасыг нь их сайн хүлээж авч барилдаад амжилт гаргалаа. Багш нартайгаа их сайн ха­рилцаж ойлголцож чадсан. Авар­гын төлөө барилдахаар дэв­жээнд гарахдаа оноогоор цэвэр ялах эсвэл цэвэр дарна гэсэн бодолтой, тактиктай бай­сан. Ямар ч гэсэн  хошой аварга болсондоо баяртай байна.

-Хамгийн түрүүнд баярын сэтгэгдлээ хэнтэй хуваалцсан бол?
-Хамгийн эхэлж Монголын чө­лөөт бөхийн холбооны ерөн­хий­­лөгч Дагвадорж ахтай ярьсан. Хоёр талд л баярласан хүмүүс байсан даа. Энэ дашрамд Монголын ард түмэн маань үргэлж надад найдаж, тусалж дэмжиж байдагт талар­хаж буйгаа хэлмээр байна.


Д.Дагвадорж: Бүтэн нойртой хонуулаагүйд уучлаарай

/Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч/

-Чөлөөт бөхийн удирдах зөвлөлийнхөн амжилт гаргасан тамирчдаа шагнаж урамшууллаа. Ойрд ингэж сайхан баярлаагүй юм байна. Тэр тусмаа эрчүүддээ баярлалаа гэж хэлмээр байна. Эмэгтэйчүүдийнхээ амжилтад дарагдсан үе бий. Гэтэл энэ удаад гайхамшигтай амжилт үзүүлж багаараа дөрөвдүгээр байрт орлоо. Жил хүрэхгүй хугацааны дараа бид зуны олимпод барилдана. Үүнээс өмнө ирэх жилийн гуравдугаар сард Олимпын эрх олгох томоохон тэмцээн манай улсад болно. Тийм учраас бидний өмнө бүтэн багаараа олимпод оролцох том зорилт байна. Энэ удаад бид олимпод оролцох зургаан эрх авсан. Харин үлдсэн эрхүүд нь халаасанд байгаа гэж ойлгож байгаа шүү.
Бурхан тэнгэр, нутаг орон манай тамирчдад алдар гавьяаг харамгүй хайрлалаа. Тэгэхээр бид цаашид илүү чармайж ажиллах хэрэгтэй байна. Ямар ч гэсэн гайхамшигтай түүхийг бүтээсэн Монголынхоо нийт ард түмэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Цагийн зөрүүнээс болоод бөхөд хайртай монголчууд маань хэд хоног нойргүй хоносон. Нэг ёсондоо  өнгөрсөн долоо хоног монголчууд маань чөлөөт бөхөөр амьсгаллаа. Тэднийхээ буян хишгийг бид дааж явах ёстой. Өнгөрсөн долоо хоногт бүтэн нойртой хонуулаагүйд уучлаарай гэж хэлмээр байна. Мөн хамгийн сайн сайхныг хүсье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан