Дэлхийн багш нарын өдөр, Монголын багш нарын 49 дэх баярыг угтаж нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд “Спорт наадам-2015” тэмцээн зохион байгуулахаар болжээ. Ингэснээр Монголын багш нарын өдрийг спортын амжилтаар угтах, багш нарын ур чадварыг дээшлүүлэх, спортоор тэргүүлэгч баг, дүүргийг шалгаруулах боломжтой гэж нийслэлийн Боловсролын газрын удирдлагууд үзжээ.
Тус тэмцээн нь волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, үндэсний бөхийн төрлөөр явагдах бөгөөд дүүргүүдээс шалгарсан багууд олимпын системээр өрсөлдөх гэнэ. Нэг тамирчин нэг л төрөлд оролцох боломжтойгоос гадна зөвхөн тухайн сургуулийн багш, захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтнууд л оролцох эрхтэй юм байна. Туслах ажилтнуудыг оруулахгүй гэсэн шаардлага тавьсан тэмцээний журам, зааврыг зөрчиж үндсэн багшаас бусад гадны хүнийг тоглуулсан, шүүгч болон удирдлагуудтай зүй бусаар харилцсан, согтууруулах ундаа хэрэглэсэн баг, тамирчин, багш нарт захиргааны арга хэмжээ авахаа хүртэл мэдэгдээд байна. Тэмцээн энэ сарын 26-27 хүртэл үргэлжилнэ.