Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мөрөөдлийн сургуулийн мөрөөр...

А.ЦАГААН

Бор гэртээ богд, хар гэртээ хаан байсан Баянзүрх дүүргийн Хо Ши Миний нэрэмжит улсын тэргүүний 14 дүгээр сургуулийн сурагчид, багш, сурган хүмүүжүүлэгчид айлын хаяа дэрлээд гурав дахь хичээлийнхээ жилтэйгээ золгоод байна.

Тус сургуулийн “А” байранд аль 5-6 жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон ч 2013 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр хоёр давхрынх нь тааз нурснаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар акталж үйл ажиллагаа явуулахыг нь нэгмөр зогсоосон. Үүнээс хойш тус сургуулийн хамт олон сургалтын үйл ажиллагаагаа тасалдуулахгүйн тулд сургуулийнхаа Б байранд 1-3 дугаар ангиа гурван ээлжээр хичээллүүлж, “Шавь” цогцолбор сургуульд 4, 5 дугаар ангийн сурагчдаа мөн л гурван ээлжээр хичээллүүлж, 92 дугаар сургуулийн өргөтгөлд зургаа, найм, 12 дугаар анги, 53 дугаар сургуульд долдугаар ангиа, 44 дүгээр сургуульд 12 дугаар ангийн сонгох хичээлүүдийг гэх мэтээр тав хуваан хичээллүүлсээр ирлээ.

Харамсалтай нь, энэ байдлаас болж багш нарт болон сурагчдад багагүй хүндрэл үүсчээ. Өмнө нь эхний анги хичээллээд гарсны дараа тодорхой хэмжээний ариутгал цэвэрлэгээ хийдэг байсан бол одоо ар араасаа залгаад хичээллэж буй болохоор багш, сурагчдын өвчлөл ч эрс нэмэгджээ. Сурлагад давтлага чухал гэдэг. Тэгвэл тус сургуулийн сурагчид давтлага хийх ямар ч боломжгүй болсон байна. Энэ жил ЭЕШ өгөх ёстой ахлах ангийн сурагчид нь Шархадны Эрдэнэ толгойд очиж хичээллэчихээд үдээс хойш нь 44 дүгээр сургууль дээр ирээд сонгон судлах хичээлээ үзэж буй гэнэ. Тус сургуулийг Засгийн газрын 2012 оны тавдугаар сарын 23-ны өдрийн 179 тоот тушаалын дагуу ерөнхий боловсролын  сургуулиудын дунд явуулсан сонгон шалгаруулалтад хамт олны амжилт, үйл ажиллагааны чанарын үзүүлэлтээр шалгарч БСШУ-ы сайдын 341 тоот тушаалаар олон улсын стандартыг хэрэгжүүлэх үндэс­ний лаборатор сургуу­лиу­дын нэгээр баталж байсан удаатай.

Тиймээс 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн олон улсын стан­дартыг сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэлсэн тус сургуулийн хамт олон өнөөдөр лаборатор сургуулиудын нэг гэж хэлэ­хээсээ ч ичиж байна. Учир нь, хичээллэж буй сургуулиудынх нь анги танхимд лаборатор байхгүй болохоор онолын сургалт л явуулж байгаа аж.

Мөн биеийн тамирын хичээлээ танхимын сургалт­тай болгосон, олон сургууль дамжиж хичээллэдэг боло­хоор зарим шинэ ирсэн боловсон хүчнээ таньдаггүй гэх мэтчлэн олон бэрхшээлтэй нүүр тулж буй гэнэ.  Тулгарч буй асуудлаа хурцаар тавьж ярихгүй бол сургуультай болж чадахгүй нь хэмээн тус сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг, эхийн төлөөлөл, сурагчдын хамтаар өчигдөр сэтгүүлчдэд хандлаа. Тус сургуулийг барихад 6,5 тэрбум орчим төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо судалгаа гарчээ. Тэр бүү хэл “Мөрөөдлийн байшин” нэртэй тус сургуулийг барих загвар зураг нь хүртэл гарсан байна. Харамсалтай нь, тус сургуулийн барилгыг Концессын гэрээгээр барих тухай Засгийн газрын тогтоол гарсан боловч өнөөдрийг хүртэл тодорхой бодитой арга хэмжээ аваагүй. Асуудлыг нь шийдэх ёстой яам, тамгын газрынхан нь тус тусдаа өөр зүйл ярьж, ямар нэгэн хамтарсан нэгдсэн шийдэлд хүрсэн мэдээ, мэдээллийг тус сургуулийн хамт олонд өгч байгаагүй талаар тэд ярилаа.

Тиймээс сургуулийн барилгын асуудлыг шийдвэр­лэж, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрх, мөн багш ажилчдын ажиллах таатай орчныг бүрдүүлэх талаар яаралтай арга хэмжээ авч тодорхой бодитой хариу өгөхийг Сангийн яам болон Аж үйлдвэрийн яам, БСШУЯ-нд  болон нийслэлийн Боловсролын газрын удирдлагуудаас хүсч шаардах бичиг хүргүүллээ. Хэрвээ тавьсан шаардлагынх нь хариуг энэ сарын 25-нд өгөхгүй, биелүүлэхгүй бол хэдэн хүүхдүүдээ дагуулаад суулт зарлахад ч бэлэн гэдгээ илэрхийлэв. Мөн улсын Ерөнхийлөгчөөс авахуулаад дүүрэг, НБГ-ын удирдлагууд, яам, тамгын газрын дарга нарыг нэг ширээний ард сууж учир байдлаа ярилцахыг уриалж байсныг уламжлах нь зүйтэй болов уу.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан