Боксын Ази тивийн аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Лондонгийн олимпын хүрэл медальт гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ ирэх сард болох ДАШТ-д оролцож магадгүй. Түүний хувьд гэмтэл бэртлээс болж Тайландын Бангкок хотод болсон Ази тивийн АШТ-д оролцоогүй. Гэсэн ч тэрээр 64 кг-ын жиндээ дэлхийд чансаагаараа дээгүүрт бичигддэг. Тиймээс Монголын Боксын холбооноос У.Мөнх-Эрдэнийг ДАШТ-д оролцуулж өгөөч гэсэн хүсэлтээ AIBA буюу Олон улсын боксын холбоо руу илгээжээ. Үүний хариуд AIBA-аас бид ийм чансаатай, шилдэг сайн тамирчныг ДАШТ-д оролцуулахад татгалзах зүйлгүй. Гэхдээ эхлээд ДАШТ-д өрсөлдөх тамирчдынхаа тоог харгалзаж үзнэ. Мэдээж У.Мөнх-Эрдэнийг оролцуулах тал дээр сайтар бодолцох болно. Тун удахгүй эцсийн хариуг өгье гэсэн бичиг Монголын Боксын Холбоонд илгээжээ. Иймээс ирэх сарын 4-нөөс Катарын нийслэл Дохад эхлэх ДАШТ-д оролцохоор манай улсаас эрхээ авсан дөрвөн тамирчин дээр У.Мөнх-Эрдэнэ нэмэгдээд тавуулаа тулалдаж магадгүй болоод байна. Боксчид ДАШТ-ий бэлтгэлээ Сэлэнгэ баазад хийхээр Орхон аймгийг зорьсон билээ.