Өчигдөр Пакистан улсад дэлбэрэлт болж 10 хүн амиа алдсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Тус улсын Мултан хэсэгт энэхүү дэлбэрэлт болсон бөгөөд цагдаа нар хэргийг шалгаж дуусаагүй байгаа гэж тайлбарлав. Хүн олонтой дүүргийн зам дагуу ийнхүү хүчтэй дэлбэрэлт болсон нь олныг цочирдуулж, гудамж талбайд аюулгүй байдал сахих цэргүүд гарах болсон аж. Нийт 10 хүн амиа алдаж 59 хүн бэртэж гэмтсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Дэлбэрэлтийн шинж тэмдэг амиа золиослох шинжтэй байсан байна.
Хэргийн газар зарим хүмүүсийн цогцос хэдэн тийш задарсан байдалтай олдсон нь амиа золиослогч этгээд энэ хэргийг үйлдсэн нь тодорхой болсон бололтой. Ерөнхий сайд Наваз Шариф амиа алдсан хүмүүсийн өмнөөс харамсаж байгаагаа илэрхийлж эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүст шуурхай туслахыг анхааруулсан аж. Мөн хэрэгтэй бүхнээр хангахыг шаарджээ. Өмнөд нутгийн Пунжаб хэсэгт салан тусгаарлах амиа золиослох ажиллагааны нэг хэсэг байсан бололтой гэсэн таамаг дэвшүүлсэн ч хэргийг шалгаж дуустал ямар нэг тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан аж.