Б.БААТАР
Цагаачдын асуудал дахин сөхөдөж эхэллээ. Африк тив болон Ойрхи Дорнодоос Европыг зорих цагаачдын урсгал удааширч эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж, үүний гол шалтгаан нь тэднийг хүлээж авах улс орны зохицуулалт, нөөц бололцоотой холбон тайлбарласаар байна. Европын холбооны зүгээс гишүүн улс орнуудад цагаачдыг улс орнуудад хуваарилан байрлуулж, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үүрэг даалгавар өгсөн ч зарим улс нухацтай хандах болов.
Лалын дайчид цагаач иргэдийн дунд өөрсдийн цэрэг эрсийг илгээж байгаа мэт яриа гарсны дараа бүртгэл дээр илүү нарийн хяналт ажиглагдах болсон. Тэгвэл ХБНГУ-ын хувьд хилийн бүс дээр цагаач нарыг нэвтрүүлэх ажил удааширч, сунжирч эхэлсэн байна. Европын хамгийн хүчирхэг улс болох Герман цагаач иргэдийг дахин оруулахгүй байх шийдвэр гаргах гэж хуралдаж эхэлсэн талаар зарим эх сурвалжууд мэдээлж эхэлсэн. Энэхүү мэдээллийн дагуу Германы аюулгүй алба болон Батлан хамгаалах яамны зүгээс эрх баригчдад сануулга өгсөн бололтой.
Өдөрт хэдэн зуун цагаач Германы хил дээр цугларч цагаачлалын албанд хандах өргөдөл нэмэгдсээр байна. НҮБ-ын цагаачлалын алба болон Европын холбооноос эдгээр хүмүүст тусалж байгаа улс орнуудад талархаж байгаагаа илэрхийлж, цаашид ч хилээ нээн тусалж дэмжихийг бусдад уриалсан хэвээр байгаа юм.
Германы хилийн бүсэд болж байгаа үйл явдлыг эрх баригчид “Цагаачлалын алба болон улсын бүртгэл цагаач иргэдийг бүртгэх, тэднийг хуваарилах үйл явц дэндүү удаан байгаа учраас гацааг арилгах үүднээс хилийн бүсэд түр хаалт хийж, удаашралт явагдаж байгаа” хэмээн өгүүлжээ. Берлин бүх зүйлийг хяналтандаа байлгаж байгааг ч онцолсон. Аливаа улс орны хилээр нэвтрэх гэж байгаа энэ цаг мөчид бүх зүйлийг ном журмын дагуу гүйцэтгэх ёстой гэдгийг ч албаныхан тайлбарласан. Зөвхөн ХБНГУ-ын Мюнхен хотод нэвтэрсэн цагаач иргэдийн тоо 13 мянга болсон гэдгийг бүртгэлийг комисс мэдэгдсэн. Мөн уржигдар орой дахин 3000 цагаач нэмэгдэн Германы газар нутагт байрлаж байгаа юм байна. Тиймээс хилийн бүсэд хараа хяналт илүү нарийсч, цагаач иргэдийг хүлээж авах ажил удаашрах болжээ.
Балкан, Унгар, Австри, БНХГУ болон Грекийн талууд энэ долоо хоногтоо уулзалдаж шийдвэрлэх асуудлаа хэлэлцэх гэж байгаа талаар Ройтерс агентлаг мэдээлсэн. АНУ-ын хувьд 18 мянган цагаач иргэн хүлээн авах боломжтой талаар мэдэгдсэн. Грекийн хувьд хилээ чөлөөтэй орхисон гэж хэлэхэд буруудахгүй. Учир нь хилийн бүсэд Европ руу нэвтрэх гэсэн гарц, сувгууд хараа хяналтгүй байгаатай ялгаагүй. Европ руу ямар улсын цагаач иргэд нэвтэрсээр байгаа нь эрх баригчдын санааг зовоож байгаа юм.
ХБНГУ-ын хувьд Европын холбооны хамгийн хүчирхэг улс. Тэр ч утгаараа өнөөдрийн Европын холбооны гишүүн орнуудын өр зээлийн асуудал Германы сангийн яамтай холбоотой байсаар ирсэн. ОУВС-гийн хувьд ч гэсэн Германы эрх баригчдын зөвшөөрөл, нөлөө аливаа шийдвэр их байдаг болсон талаар “Ройтерс” онцолсон байна.
ХБНГУ-ын эрх баригчид цагаач иргэдийг хүлээн авах нөөц боломж, бололцооны талаар санал бодлоо хуваалцав. Үнэхээр Европын холбооны орнууд олон сая цагаач иргэнийг хүлээн авч, нутагтаа амьдруулах боломжтой юу, хүнлэг сэтгэлээр асуудалд хандаж байна уу гэдгийг ялгаж, салгах талаар тэд анхаарлаа хандуулав. Зарим ажиглагчид Герман улсын цагаачдын талаар баримталж байгаа асуудалд илүү нарийн судалгаа явуулж ийм дүгнэлтэд хүрснээ тайлагнав. ХБНГУ-ын хувьд хөгжил арай доогуур улс орнууд болох Грек Унгарт цагаачдыг ажил хийлгэх шинэ санаа төрсөн мэт цагаачдаар ханаа зузаатгаж эхэлсэн талаар өгүүлэв. Энэ бодлогоо германчууд их боловсон алсыг харсан өнцгөөс тайлбарлаж, бодлогоо чиглүүлэн алхам алхмаар урагшлах болсон талаар онцлов. Цагаачдад зориулсан шинэ бодлого мэт олон нийтэд ойлголт өгсний дараа дээрх орнуудад цагаачдыг суурьшуулах далд бодол байгаа бололтой. Гэхдээ үүнийг ажиглагчид л дүгнэн таамаглаж байгаа гэдгийг ойлгох ёстой юм.
НҮБ-ын хүмүүнлэгийн ажилчид цагаач иргэдэд тусламжийн гараа сунгаж байгаа ч Германы Засгийн газар одоогийн байдлаар хамгийн их хөрөнгө мөнгийг зарцуулсан гэсэн тоо гарсан байна. Унгар болон Австрийн хилийн бүсэд нохойтой харуулууд хилийн манаанд гарсан нь нөхцөл байдалд хүндрэл дагуулж эхэлсэн гэдгийг цагаачид онцолсон. ХБНГУ-ын хилийн цэргийн анги нэгтгэлийн зүгээс цагаачдын хажуугаар хар тамхи, зэвсгийн наймаачид далдуур хууль зөрчсөн 22 удаагийн тохиолдол бүртгэгдээд байгааг анхааруулсан юм. Цагаач нэртэй урт цуваагаар хууль бус үйлдэл гаргаж байгаа нөхдүүд ч ажлаа сайн амжуулж байгаа бололтой. Германы хилийн бүсэд нэмж хүн хүч хэрэгтэй байгааг өгүүлээд цагаачлалын алба энэ тал дээр анхааран ажиллах хэрэгтэй байна гэж мэдэгдсэн.
ХБНГУ-ын канцлер Ангела Меркел асуудалд их хянуур хандаж байна гэж парламентийн гишүүд дүгнэжээ. Герман өөрийн ашгийг бодохгүй харин хожим болох зүйлд санаа зовж ийнхүү цагаач нарт элэгтэй хандаж байгаа гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн. Яагаад зөвхөн Германы эрх баригчид санаа зовж, өөрсдийн байр суурь, бодлого зэргээ бусдад тайлагнаж байгаа талаар сэтгүүлчид тайлбарласан. Эдийн засгийн хувьд асар их нөөц боломж бололцоо байсаар байгааг ч Францын хэвлэлүүд бичсэн. Энэ мэт Германы хилийн ойролцоо өдрөөс өдөрт олон мянган цагаачид цугалсаар байна. Асуудлын гарц нь хэдий болтол улс орнууд цагаач нарыг авч дуусах вэ гэдэгт л бий. Түүнээс биш цоорхойн нөгөө талд хяналт гэж одоохондоо алга байгааг ажиглагчид дүгнэсээр байна. Цагаачдыг хүлээж авах өнцгөөс л бүхнийг харсаар байна.