Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянзүрх дүүргийн баг, тамирчид медалийн тоогоор тэргүүлж байна

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Монголын Хүүхдийн спортын V их наадам гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Олимп, олон улсын тэмцээний жишгээр зохион байгуулж буй наадамд спортын 17 төрөлд 21 аймаг, есөн дүүргийн 2500 гаруй тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Иргэдийн спортоор хичээллэх хүсэл сонирхлыг дэмжих зорилгоор дөрвөн жил тутам зохион байгуулдаг эл наадмыг Биеийн тамир, спортын тухай хуулийн 16.1, Бага, дунд боловсролын тухай хуулийн 18.3 дугаар заалт, Засгийн газрын 2014 оны “Хүүхдийн спортын наадам” зохион байгуулах тухай 359 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулж байна. Эрүүл мэнд, спортын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар зохион байгуулах хороо байгуулан ажиллаж, ажлын хэсгийн ахлагчаар ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар томилогдсон. Мөн наадам зохион байгуулах ажилд 45 спорт хороо, спортод ээлтэй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож байгаа билээ.

Хүүхэд, өсвөр үеийнхнийг биеийн тамир, спортын арга хэмжээ, тэмцээн уралдаанд өргөнөөр хамруулах, тэдэнд эр зориг, хамт олонч хүмүүжлийг төлөвшүүлэх, ур чадвартай тамирчдын залгамж халааг тодруулах, 2016 оны Сахагийн Олон улсын хүүхдийн спортын наадам, “Лиллехаммер-2016” Залуучуудын өвлийн олимпын II наадамд оролцох тамирчин хүүхдүүдийг сонгон шалгаруулах зорилгоор явагдаж байгаа ажээ.

Тэмцээний гурав дахь өдөр буюу өчигдөр 18:00 цагийн байдлаар жүдо бөх, дугуйн тэмцээнүүд өндөрлөж шилдгүүд тодорсон ч хараахан дүн нь гараагүй байв. Харин гар бөмбөг, боксын тэмцээнүүдийн хагас шигшээ тоглолтууд болж өнгөрсөн. Гар бөмбөгийн хагас шигшээ тоглолтууд Спортын төв ордонд болж охидын тоглолтод Банязүрх, Сонгинохайрхан дүүрэг, Баянхонгор, Говьсүмбэр аймгийн баг тамирчид тунаж үлдсэн бол хөвгүүдийн тоглолтод Хан-Уул дүүрэг, Өмнөговь, Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн багууд шалгарсан. Шигшээ тоглолтууд өнөөдөр 14:00 цагаас үргэлжилнэ.

Харин боксын тэмцээний гурав дахь өдөр /өчигдөр/-ийн байдлаар эмэгтэй 46-48 кг, эрэгтэй 44-66 кг, 50 кг, 54, 57 кг-ын жингүүд тоглож, Сэлэнгэ аймгийн тамирчин О.Энхсайхан, Б.Мөнхтэнгэр, Т.Есүгэн-Эрдэнэ, Э.Баяр­сайхан, Л.Мичидмаа, БЗД-ийн тамирчин Б.Төгөлдөр, М.Энхжаргал, Э.Шинэболд, Баянхонгор аймгийн тамирчин Б.Батмөнх, Л.Бөхболд, Орхон аймгийн Н.Өнөболд, Д.Эрхэмбаяр Э.Өсөхбаяр, Хөвс­гөл аймгийн тамирчин Ц.Шинэбаяр, БГД-ийн Н.Билгүүн, Баян-Өлгий айм­гийн Ч.Жансерик, СБД-ийн Г.Эрдэнэчулуун, Булганы М.Баасандорж нар тус тус дараагийн шатанд орох эрхээ аваад байна. Медалийн төлөөх тоглолтууд энэ сарын 15-нд Спортын төв ордонд болно.

Энэ удаагийн хүүхдийн спортын наадмын салхийг хагалсан хөлбөмбөгийн тэмцээн 9-12-нд зохион бай­гуу­лагдаж эрэгтэй ангилалд Дархан-Уул, Орхон, Дорнод, Говь-Сүмбэр, Хөвсгөл, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн баг тамирчид өрсөлдсөн бол эмэгтэй ангилалд БЗД, БГД, ХУД, Сүхбаатар дүүрэг, Өвөрхангай аймгийн шигшээ багууд оролцож шилдгүүд тодорсон. Нийт оролцсон тамирчдаас хурд хүч, авхаалж самбаагаар илүүрхэж эрэгтэй тамирчдаас шилдгийн шилдгээр Дархан-Уул аймгийн Н.Жаргалсайхан дасгалжуулагчтай баг алтан медаль, Чингэлтэй дүүргийн Д.Нанжид дасгалжуулагчтай баг мөнгөн медаль, Орхон аймгийн Н.Мөнхбаяр дасгал­жуулагчтай баг хүрэл медалийн болзол хангалаа. Харин эмэгтэй баг тамирчдын шилдгийн шилдгээр Банязүрх дүүргийн Ц.Ганболд дасгалжуулагчтай баг алт, Өвөрхангай аймгийн Л.Эрхэмбаяр дасгалжуулагчтай баг мөнгө, Хан-Уул дүүргийн н.Болд дасгалжуулагчтай баг хүрэл медалийн эзэд болсон.

Ийнхүү Хүүхдийн спортын V их наадамыг Баянзүрх дүүрэг хоёр алт, хоёр хүрэл, Дархан-Уул аймаг хоёр алт, нэг хүрэл, Сүхбаатар дүүрэг нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл, Өвөрхангай аймаг нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл, Сонгинохайрхан дүүрэг нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл, медальтай тэргүүлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан