Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тухайн үед салхи 125 кмцагийн хурдтай байжээ

Б.БААТАР

Япон хамгийн сүүлд 2011 оны гамшгаар олон мянган хүнээ алдан хэдэн зуун тэрбум ам.долларын хохирол амссан. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр тус улсын зүүн хойд хэсгийн нутгуудаар үргэлжилсэн аадар бороо орсны улмаас аймшигт үер боллоо. Маш их хэмжээний хохирол дагуулсан үерийн ул­маас хэдэн зуун хүн орон гэргүй болсон талаар тус ул­сын хэвлэлээр бичиж байна.
Хөдөө тосгод хүнээ бүртгэж, бүх нийтийн онц байдал зарласан ч үерийн гамшиг олон хүний амь авч одлоо. Нийт амиа алдсан хүний тоо тав болж, 18 хүнийг яаралтай хайж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Эхний ээлжинд 100 мянган хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн бол энэ тоо өссөөр гурван сая хүнийг нүүлгэн шилжүүлж буйг холбогдох албаныхан өчигдөр мэдээлсэн.

Эмнэлэгт 27 хүн эмчилгээ хийлгэж байгаа мэдээтэй ч бэртэж гэмтсэн хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буй юм байна. Гамшигтай тэмцэх албаныхан иргэдийг ямар ч үнээр хамаагүй аврахыг хүсэж, Засгийн газраас яаралтай нисдэг тэрэг гаргаж өгөхийг шаардан гамшгийн газар 50 гаруй нисдэг тэрэг шуурхай ажилласан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Жосо хотоос эхлээд гурав, дөрвөн тосгоны бүс нутагт иргэдийг аврах ажиллагаа хамгийн хүнд байсан аж.
Нутгийн удирдлага 183 мянган иргэнийг яаралтай гэр орноо орхин өндөрлөг газар бараадан очихыг уриалж, аюулгүй байдлыг сахих тушаал өгөв. Олон 100 хүн гэрийнхээ дээвэр дээр аврах багийнхныг хүлээн суух дүр зураг олон нийтийн сүлжээгээр цацагдсан төдийгүй Осака хотын ойролцоо тосгоны байшин сав үерийн усанд хөвж яваа бичлэг олны сэтгэлийг түгшээж, зовоосон. Шибуяа голыг дагасан их хэмжээний үер хамгийн их хохирол амсуулсан талаар эх сур­валжууд мэдээлж аврах ба­гийнхан ихэвчлэн тухайн бүс нутагт ажиллаж байгаа юм.
Токио хотоос хойд хэсэгт орших Жосо хот хамгийн их хохирол амссан ч Точиги хотод 24 цагийн дотор 500 мм бороо орсон тухай “Токио Ньюс” мэдээлсэн. Мөн Япон улсын зарим хотод үерийн ус, аадар борооны улмаас цахилгаан тасарч, автозамууд усанд автаж, олон улсын нислэг, галт тэрэгний үйлчилгээ ч түр хаагджээ. Гэхдээ өнөөдөртөө багтааж хэвийн үйл ажиллагаанд оруулах талаар албаныхан мэдэгдсэн.

Цаг уур судлаачид тухайн үед салхи 125 км/цагийн хурдтай байсан учраас далайн хар шуургын эхлэлийг тавьсан бөгөөд үргэлжилсэн аадар бороо хүнд байдал дагуулсан гэжээ. Ерөнхий сайд Шинзо Абэ аврах багийнханд хэрэгтэй бүх зүйлээр туслахыг үүрэгдэж, хүн тус бүрт тусгай аврах үйлчилгээ үзүүлж, дэм­жихийг хүсчээ. Мөн орон гэргүй болсон хүмүүст май­хан сав, хоол хүнсээр туслах тус­гай баг бүрэлдэхүүн зар­лаж, ажилд нь томилсон байна.

Мушгиралдсан голын эрэг дагуу байрлах байшин сав бүгд урсан одсон ч иргэд 2011 оны гамшгийн дараа аливаа осол, гамшигт бэлэн байдаг болсон нь хохирол бага амсахад хүргэсэн гэж аврагчид онцолсон. Өнөөдөр ч гэсэн аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд энэ долоо хоногтоо багтаан Засгийн газраас бүхий л зүйлээс тусалж, гэр оронгүй иргэдийг хохиролгүй болгож, сэргээн босгох ажиллагааг эхлүүлэхээ амлав.

NHK агентлаг нийт 700 гаруй хүн алга болоод байгаа гэсэн мэдээлэл өчигдөр дамжуулсан. Энэ нь амиа алдсан, холбоо тасарсан, ор сураггүй болсон хүний тоо гэдгийг албаныхан өгүүлж, байшин сав болгоныг нэгжих, аврах ажиллагааг яаравчлуулах талаар анхааруулжээ. Гар утасны цэнэг дууссан учраас зарим хүмүүс тусламж дуудаж чадахгүй байдалд хүрсэн байж болзошгүй гэдгийг “Ройтерс” агентлаг уламжилсан.

Иймэрхүү гамшиг Япон улсын эдийн засаг, газар нутгийн бүрэн бүтэн байдал хүртэл нөлөөлөх болсон талаар эх сурвалжууд мэдээлж, газар нутгийн хувьд хүнд байдал оршдог талаар өгүүлсэн. Газар хөдлөлт, үерийн ус, хөрсний гулгалт, цунами, ган гачиг гээд сүүлийн 30 жилийн хугацаанд тухайн үед ЗХУ АНУ-д Аляска мужийг зарсан хэмжээний мөнгөн дүнгээр шатсан гэсэн тоон судалгааг гаргасан байна. Үүнээс харахад ямар их хэмжээний мөнгөөр Япон улс шатсан нь ойлгомжтой. Мөн Олон улсын хүмүүнлэгийн байгууллага Япон улсад тусламжийн гараа сунгах болгонд япончууд өөрсдөө бие даан асуудлыг шийдвэрлэсэн байдаг.

Тиймээс гамшиг, ослын үед ямар өндөр түвшинд шуурхай ажиллаж, асуудлаас гарч чаддаг ард түмэн гэдгийг харуулсаар байгаа тухай барууны хэвлэлүүд онцолж буй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан