"Шоронгийн хулгар, нутгийн овгор" гэж хочлогдох хүмүүс эцэстээ ямар уршиг балаг тарьдгийг Говьсүмбэр аймгийн харьяат Ж.Ганхуяг харууллаа. Ж.Ганхуяг шоронд байсан, хэний хэнбугайгаас ч айдаггүй, хүнтэй гар зөрүүлж байгаад хүчин мөхөсдвөл хутгалдаг гэдгээрээ бусдыг айлгасаар нутагтаа дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг болсон нэгэн.
Даврах тусам нь дарлагдаж, далласан газар нь ил гүйж, далайсан үед нь далд нуугдан, аргыг нь авах гэж аль л өнгөтэй өөдтэй бүхнээ хөөрхий Чойрынхон түүнд саймшран өгдөг, өргөдөг байсан. Түүний энэ эзэрхийлэн дарангуйлж, азаргалан харгислах нь эрээгээ алдаж, эцэстээ нийгмийг айдаст автуулсан эмгэнэлт хэрэг үйлдэгдэх уршиг дагуулж байж. "Аав"-ын үүд татаж, нарсны нааранд олон жил талхлагдсан хэн байлаа ч цаанаа л нэг "шорон" санаатай болсон байдаг нь чонын үүрэнд өссөн хүний үр түүхий мах зулгаадагтай агаар нэгэн ажээ. Тэрээр найман жил шоронд суугаад бусдыг өрөвдөж хайрлах, энэрэн нигүүлсэхийг умартсан чулуун зүрхтэй, хүн дүрстэй нэгэн болж хувирсан байгаа юм. Архинаас хол байлгах гэсэн эхнэрээ төмөр царил, зээтүү, хүрзээр зэвсэглэн бүтэн яс үлдээлгүй хэмхчин нүдэж, гавлыг нь няцалж хөнөөсөн хэрэг үйлдэхээсээ өмнө дэлгүүрт чихэр авахаар зогсч байсан хүүхдийн 300 төгрөгийг булааж авч байсан нь жирийн л зүйл байжээ. Тэрчлэн нутгийнхаа иргэдийн хөрөнгөнд гар дүрж, хүний юмаар хүүдэгнэж байсан нь түүний хувьд бол хүн ёсных юм байж. Ер нь хаа газарт ингэж "шоронгийн хулгар" хэмээн өөрийгөө цоллож хүний нийгмээс өөрсдийгөө тусгаарласан нутгийн овгор, жалгын жаанууд хэзээ нэгэн цагт өөртөө болон өрөөлд гай болсоор ирсэн. Овгордож бусдын юмыг өөрийн болгон булааж яваа хүмүүс бүхнийг азаргалах гэсэн авираасаа болж хэн нэгний гарт өртөн бусдыг хэрэгтэн болгож эсвэл мөрөөрөө, амьдралын төлөө яваа нэгний цаг хугацааг дуусгавар болгох нь харамсмаар. Ж.Ганхуягийн үйлдсэн хэргүүд, сая эхнэрээ балмадаар хөнөөсөн нь Монголын нийгэмд байгаа зөвхөн нэг эмгэнэл, нэг жишээ нь. Нутаг нутагт л шоронгоор дамжсан Ж.Ганхуягийн ижлүүд байна. Бүр хулгайн хэргээр хоёрхон жил нааран дээр хэвтсэн этгээдүүд наранд гарахаараа хүний үнэрээ гээж нутаг нугынхаа иргэдийг айлгаж ичээж, эд хөрөнгөд нь эзэн сууж явдаг болжээ.
АТАМАН ТӨРӨӨГ АМЬСГАЛ ХУРААХАД УВСЫН ИРГЭД АЛГА ТАШИЖ БАЙЖЭЭ
Шоронгоос гарсан хулигаанууд хөдөө нутагт очоод хэрхэн авирлаж нутгийн удирдлагаас ч эрх мэдэлтэй байдаг бас нэгэн жишээг дурдъя. 1990 оны эхэн үе шиг билээ. Увс аймгийг донсолгосон нэг атаман төрсөн нь Төрсайхан гэгч. Тэрээр хулгай, хүчин, хүн зодсон хэргээр олон жил шоронд суугаад нутагтаа очсон нь энэ. Очуутаа л аймгийнхаа Засаг даргын машиныг булаан унаж дэлгүүр хэсэн тооцоо төлбөргүйгээр архи, татаас авдаг болсон байгаа юм. Увсын дэлгүүрүүдийн аль л өнгөтэй өөдтэйг нь хаман авч аймгийнхаа Засаг даргын унааг дөрөөлсөөр хэсэг хугацааг туулсан гэж байгаа. Энэ хооронд эр хүйстний чанараа гаргаж нутгийн олон сайхан бүсгүйг доромжилж байсан байдаг. Увс аймагт түүний өөдөөс дуугарах зоригтон гэж байсангүй. Хэрвээ түүнд сургаал айлдах болбол хулгана муурын сүүлээр оролдоно гэгч болно. Тиймээс өг гэснийг нь өгч, далд ор гэсэн газарт нь зугтдаг байжээ. Нутгийн буурьтай хөгшчүүл түүнд "хүн шиг бай" гэж хэлснийхээ төлөөсөнд зодуулаад үлдсэн удаа ч олон тохиолдсон гэж байгаа. Ямар сайндаа аймгийн дарга нь унаагаа булаалгачихаад юу ч дуугаралгүй хэдэн жил болохов.
Түүний дарлал, дарамтыг Увсынхан яс махаараа мэдэрч байсан цагт бас нэгэн атаман болох "хар" Тулгаа шоронгоос суллагджээ. Төрсайхан ч "хар" Тулгааг онгоцны буудал дээр тосч "Увсын дош минийх. Хол бай" гэж хэлсэн аж. Тэгэхэд нь Тулгаа шинэхэн атаман Төрсайханы амийг тэр дор нь тасалсан нь баярлууштай хэрэг болжээ. Энэ мэдээг сонссон Увсын иргэд баярлахдаа уйлж, алга ташиж байсан байгаа юм. Хүмүүсийг ийм болтол нь хашрааж байсан шоронгийн эрийн түүх төгсөхөд Тулгааг шүүн хэлэлцэх болж. Хуулиараа хүн хөнөөсөн хүнийг цаазаар авах нь дамжиггүй. Ингээд Увсын шүүх нээлттэй хуралдахад нутгийн иргэд нь Тулгааг "хэрэгтэн биш. Гавьяатай хүн" гэж өмгөөлсөөр бага ялтай мулталж байсан нь саяхан.
Түүнчлэн Мөст сумын иргэдийг тэр чигт нь чичрүүлсэн хэрэг 1990 оны сүүлийн хагаст гарч байсан нь Ховд аймгийн Мөрдөнгийн архивт хадгалаастай. Тухайн үед Ч.Эрдэнэсонины гурван хүүхдийг хөнөөж, зам дээр хаясан хэрэг мандахад аав нь болох Ч.Эрдэнэсонинг сэжиглэн баривчилсан байдаг. Ер нь гэрчүүдийн мэдүүлэг, цаг хугацаа гээд бүх зүйл Ч.Эрдэнэсонин хэргийг үйлдсэн болохыг нотолж байж. Ингээд Ховдын шүүхээс цаазаар авах ял сонссон Ч.Эрдэнэсонин Улаанбаатарт ирсэн ч хэргээ хүлээгээгүй гэдэг. Ийн хэдэн жил болоход Ч.Эрдэнэсонин хэргээ хүлээлгүй улмаар цайрсан байгаа юм. Хэргийг цайруулахдаа эхнэр нь Ч.Эрдэнэсонины дарамтаас ангижрахын тулд гурван хүүгээ хөнөөгөөд нөхрөө гүтгэсэн байж ч болох гэдэг үндэслэлийг бий болгосон удаатай.
Энэ хугацаанд Ч.Эрдэнэсонин нутгийнхаа захиргаа руу захидал бичиж "Мөст сумын иргэдийг бүгдийг нь ална. Би удахгүй" суллагдана гэдэг зурвасыг илгээгээд байж. Мэдээг сонссон Мөстийн иргэд ч тэр чигээрээ үймж, Ч.Эрдэнэсонинг ирэхээс нь өмнө нутаг орноосоо дүрвэх тухай асуудал ч боссон байгаа юм. Учир нь нутгийн иргэд түүнийг хэрэгтэн мөн гэж шүүхийн өмнө гэрчилсэн нь түүнээс айхад хүргэжээ. Харин нутгийн нэг хөгшин санал гаргасан нь дэмжигдэж нутгийн олон дагасан байна. Ингээд Ч.Эрдэнэсонинг суллагдаж ирэхэд Мөстийн иргэд хадаг барин угтаж, айл айлаас өмч тасдан гэр барьж, нутаг чөлөөлөн өгчээ. Мөст сумын цаад биед байх хайрхан түүний мэдэлд очиж төд удалгүй хэрэгтэн Эрдэнэсонин мянгат малчин болсон гэгддэг. Тэрээр ийн мянгат малчин болсон нь мөнөөх шоронгийн атаман гэдэг хоч зүүсэнтэй нь холбоотой. Тодруулбал, Ч.Эрдэнэсонин өөрийн өмчилж авсан нутаг руу хүний мал орж ирвэл буцааж өгдөггүй байсан аж. Адуу мал аа эрж, сурж ирсэн нэгнийг "Хохь чинь. Энэ газар минийх. Яах гэж малаа нааш нь явуулаад байгаа юм. Миний газрыг талхалсных нь төлөөсөнд авлаа" хэмээгээд зодож, занчин буцаасаар мянгат Ч.Эрдэнэсонин гэх титэм зүүх болсон удаатай.
Ийн шоронгоор дамжсан хүмүүс нутагтаа хаан шиг амьдардаг нь жам ёсных мэт болжээ. Өнөөдөр шоронд ордог, хүн алдаг, хуулиас айдаггүй гэдгээрээ дарамталдаг хүмүүс нутаг нутагт л байна. Монголын нийгэмд ийм ил хэрнээ далд дарлал газар авсаар.
Эх сурвалж: http://mongoliax.mn/v/86 Л.МӨНХТӨР