Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын төв музейг 60 настай өвгөн ухсан түүх


Хэрэг төвөг ховорхон гардаг социализмын үед музейн алтан сан хөмрөгт орсон хулгайчийн тухай бараг л сансарт хүн ниссэнтэй адил шуугиж байсан гэдэг. Энэхүү хэрэг далаад оны үед гарсан бөгөөд уг хэргийг илрүүлэх группын даргаар ажиллаж байсан П.Доржпалам гуайн дурсамжинд тулгуурлавал илүү үнэнд дөхөх биз ээ. “...Хэрэг гарсан Улсын төв музей дээр А.Думбурай бид хэд очлоо. Улсын төв музейн дарга Доржсүрэн, фондын эрхлэгч Чүлтэмсүрэн гээд нижгээд хүмүүс байв. Музейн фондын тасалгаа гурван давхар байшингийн гурав дахь давхарт байдгийг анзаарч авлаа. Хэргийн газарт үзлэгийг хэдэн цагийн турш нягт нямбай нарийчлан хийж дуусгалаа. Хулгайч музейн гурван давхар байшингийн гадна талаас шатаар дамжин дээврийн хонгилд орж, дээд давхрын модон таазыг фондны өрөөний дээрээс дугуй хэлбэртэй цоолж нэвтэрсэн байв. Тэгэхдээ эхлээд модны өрмөөр ойр ойрхон өрөмдөн цоолж нэвтэрсэн байлаа” гэж тухайн цагийн мөрдөн байцаагч П.Доржпалам дурссан байх аж. Улсын төв музейн фондын эрхлэгч Чүлтэмсүрэн нь ээлжийн амралтаа авч 7-р саргаар сарын 25-нд фондоо хааж, лацдан хүлээлгэн өгөөд наймдугаар сарын 15-нд тусгай шаардлагаар буцаан дуудагдан ирж фондныхоо өрөөг тусгай комиссын бүрэлдэхүүнтэй онгойлгоход хулгайч орсон нь илэрсэн учир наймдугаар сарын эхний 15 хоногт л хулгайч оржээ гэсэн таамаг дэвшүүлцгээсэн гэдэг.

Фондын үзмэрээс Богд хааны алтан завъяа аяга, маршал Х.Чойбалсангийн 50 насны ойгоор Засгийн газар, Гандантэгчилэн хийдээс дурсгасан хоёр ширхэг алтан аяга, Налайхын орчимд байдаг Туркийн мэргэн сайд Тоньюкийн хөшөөний дэргэдээс олдсон гоц хийцтэй хөмөлдөргөний алтан товруунууд, хударганы алтан хэлнүүд, Баруун Монголын нэг хошууны том мөнгөн тамга зэрэг түүх дурсгалын үнэт зүйл алдагдсан байв. Хэргийн газрын үзлэгээр илрүүлэн бэхжүүлсэн ул мөр, хулгайч нэвтэрсэн арга зам, алдагдсан зүйлсийн чанар, онцлогоос үндэслэн эрэн сурвалжлах болон мөрдөн байцаах, түүнийг шалгах ажилд байцаагч нар ихээхэн цах хугацаа зарцуулсан гэдэг. 1971 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хэргийн гол гогцоог барьж авчээ. Энэ |ухай хожим П.Доржпалам гуай дурсахдаа “Музей тоногдсон энэ хэрэгт 60 мянга орчим хүний хурууны хээг шалгаж, гэмгүй олон хүнийг хардаж, сэрдэж байсан нь одоо бодоход нүгэл хилэнц ч гэмээр, нөгөө талаар бидний ажилд тэгэхээс өөр арга байгаагүй юм.

Бас эгэл жирийн алтны дархан, наймаачин олон хүн энэ хэргийн хөлд чирэгдэж, зарим нь арга хэмжээ авагдаж, алт мөнгөө хураалгаж, одоо цагийн ойлголтоор бол хэлмэгдсэнийг дурдах хэрэгтэй” гэж онцолжээ. Энэхүү хэргийг музейн ажилчид дотроос фондын нууцыг мэддэг, тэгэх тусмаа мод, төмрийн дарханы мэргэжилтэй хүн үйлдсэн байж болох юм гэсэн таамаг анхнаасаа дэвшүүлсэн нь оносон хэрэг байжээ. Үүнийг тус музейд мужаанаар ажиллаж байсан 59 настай Гомбосүрэн гэдэг буриад өвгөн үйлдсэн байлаа. Ер нь Гомбосүрэн бараг өөрөө өөрийгөө бариад өгчихсөн гэдэг. Хэрэг гарсаны дараахан музейн захиргаанд нэг ч хүнийг ажпаас нь халах юмуу, чөлөөлж болохгүй гэсэн чиглэлийг цагдаагийн байгууллагаас өгчээ. Гэтэл Гомбосүрэн бие муу, ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй гэж удаа дараалан өргөдөл гаргаж, эцэстээ эмнэлэгийн хуурамч акт авчраад халагдсан байна. Тэгээд удалгүй уурын зууханд галчаар орсон байна. Энэ нь алт, мөнгөн эдлэл хайлуулахад хамгийн тохиромжтой газар болохыг мөрдөн байцаагч нар анзаарчээ. 1971 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр бохирдуухан хайлуулсан бөөрөнхий алт зарах гэж явсан нэг авгайг цагдаагийнхан бараан зах дээрээс илрүүлэн байцаавал энэ нь Гомбосүрэнгийн садан төдийгүй хэд хэдэн алтан бөгж зарснаа хүлээсэн байна. Мөнөөх авгайг хэд хоног цагдан хорьсоны эцэст “Гомбосүрэн ахын алт” гэдэг үгийг амнаас нь унагаж чаджээ. Ингээд Гомбосүрэнг баривчилжээ.

Тэрбээр өөрийгөө 59 настай, ариун цагаан мөртэй хүн гэж итгэл үнэмшил төрүүлэхээр өчсөөр байж. Үүний зэрэгцээ түүний гэрт үзлэг, нэгжлэг хийхэд юу ч илрээгүй бөгөөд зах дээр зарагдаж байсан алтныхаа талаар Гомбосүрэн дээр үед танихгүй хятадаас худалдаж авсан гэж мэлзсээр байжээ. Гэвч удалгүй тэдний хашаанд металл эрэгчийн тусламжтайгаар шалан дороос алт, мөнгө хийдэг, дарханы хэрэгсэл, жингээр таслагдсан алт гарч Гомбосүрэн хэргээ хүлээсэн төдийгүй музейгаас хулгайлсан зүйлийн ихэнх нь Сэлбийн гүүрний үерийн далангийн чулуун хавтан доороос гарч ирсэнээр энэхүү дуулиант хэрэг дуусгавар болсон байна. Улсад учруулсан хохирол нь хэдийгээр бага ч гэсэн буриад өвгөн Гомбосүрэн тухайн үеийн хуулийн зүйл ангиар 15 жилийн ялаар шийтгүүлж, өршөөлгүйгээр 15 жил суусан гэдэг.

Эцэст нь нэг зүйлийг тэмдэглэхэд манай буриад зон мөрийтэй тоглоом болох хөзөр, даалуу, танхайн сэдэлттэй хутга, шөвөг, зодоон цохионы хэрэгт олонтаа орооцолдон шийтгүүлдэг боловч хэзээ ч хулгай хийж байгаагүй, харин Гомбосүрэн манайдаа л анхдагч нь байлаа гэж хуулийн ахмад ажилтанууд ярьдаг билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан