Б.БААТАР
Дэлхийн улс орнуудын зөвлөл, төрийн тэргүүн ОХУ-ыг Украины тал дээр буулт хийж, олон улсад нэр хүндээ эргүүлэн авахыг зөвлөсөөр байгаа. Тэгвэл ОХУ-ын төрийн мэдэлтнүүд барууны орны эдийн засгийн хориг арга хэмжээнээс болж нөхцөл байдал өөр тийш эргэсэн. Украины газар нутагт ОХУ-ын дэмжигч, салан тусгаарлагчид хилийн бүс байгуулаад жил болох гэж байна. ОХУ-ын Дум, Ерөнхийлөгчийн зүгээс Крымийг дэмжих болно гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл АНУ тэргүүтэй барууны орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ОХУ-ын армийг хөдөлгөөнд орж эхэлсэн талаар мэдээллээ.
Украины хилийн бүсэд ойрхон байгаа ОХУ-ын армийн цэргүүд, хүнд техник хуягтууд хөдөлгөөнд орж, армийн шилжилт хөдөлгөөн явагдаж эхэлсэн бололтой. Энэ мэдээллийг хиймэл дагуулаас авсан мэдээллийн дагуу таамаглаж байгаа юм байна. Украины хилийн ойр байгаа ОХУ-ын гол армийн бааз шинэ барилга байгууламж барьж эхэлсэн нь ийнхүү бүс нутгийн хямарлыг өдөөж эхлэх шиг боллоо.
Хамгийн эхэнд ОХУ Украины хилийн ойролцоо цөөн тооны эксковатор үзэгдэх болсон аж. Улмаар барилгын ажил өчигдрөөс эхлэн явагдаж, цэргийн шинэ байгууламж баригдаж байгаа мэт суурийг нь цутгаж эхэлжээ. Солоти тосгоны ойролцоо ийнхүү барилгын ажил явагдаж байгаа нь тодорхой болсон бөгөөд өөр хаана цэргийн бааз барих гэж байгааг одоохондоо тогтоож чадахгүй байгаа юм. ОХУ-ын Белоград хотын зүүн өмнөд хэсэгт байрлах энэхүү Солоти тосгоны дэргэд ОХУ-ын цэргүүд, танк, хуягтууд үзэгдэх болсон талаар Украины хэвлэлээр гарсаар байна.
“Ройтерс” агентлаг ОХУ-ыг маш том цэргийн бааз барих ажил эхэлсэн нь ойлгомжтой болж байгаа бөгөөд үүнийг барууны орнууд болон Украины эрх баригчид анхааралдаа авч эхэлсэн талаар мэдээлсэн. Хэдэн зуун мянган цэргийн бие бүрэлдэхүүн багтах боломжтой цэргийн бааз барих гэж байгаа бололтой гэсэн таамгыг барилгын ажлаас олж харж болохоор байна. Суурийг нь маш том газар нутагт цутгаж эхэлсэн ч энэ талаар одоохондоо ОХУ-ын хэвлэл, төрийн мэдлийн яам агентлагууд тайлбар хийгээгүй аж.
Цэргийн бааз баригдаж дуусахад цэрэг армийн бүрэн цогц байгууламж бий болох бололтой. Усан бассейн, буудлагын талбай гээд олон зүйл шинээр баригдах байх гэсэн таамгийг нутгийн иргэд өгүүлжээ. Украины тагнуулчид энэхүү цэргийн барилга байгууламжийн талаар судалгаа явуулж байгаа бөгөөд өчигдөр ганц хоёр мэдээлэл дамжуулаад амжсан талаар Украины хэвлэлүүд бичсээр байгаа юм. Баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар ОХУ-ын хэдэн 100 ширхэг байлдааны нисдэг тэрэг байрлах шинэ талбай засах ажил зэрэг явагдаж эхэлжээ. Урьдчилсан байдлаар 10 км талбайг нисэх онгоцны талбайд зориулж магадгүй гэдгийг барилгын ажил хийж байгаа хүмүүс ярьсан байна.
Энэ бүх яриа, мэдээлэл гарсны дараа НАТО өөрийн мэдэгдлийг хийж, ОХУ-ыг шүүмжилсэн юм. Киевийн эрх баригчидтай тулалдахын тулд ОХУ-ын салан тусгаарлагчдыг дэмжих зорилготой иймэрхүү цэргийн томоохон үйл ажиллагаагаа зогсоохыг шаарджээ. Нөхцөл байдлыг улам хүндрүүлээд байна гэдгийг НАТО мөн онцолж, цэрэг армийн бааз барих талаар тайлбар өгөхийг хүсчээ. Харин ОХУ-ын зүгээс Украины газар нутагт ямар ч хууль зөрчсөн цэргийн үйл ажиллагаа явуулаагүй, ОХУ-ын салан тусгаарлагчдаа цаашид ч дэмжих болно гэдгээ илэрхийлжээ. Цэрэг армийн хөдөлгөөн, шинэ барилга, байгууламж нь ОХУ-ын нутаг дэвсгэрт учраас ямар ч шүүмжлэлийг хүлээн авахгүй л байх болов уу гэдгийг ажиглагчид онцлон тэмдэглэжээ. Харин цэргийн мэргэжилтнүүд ч ОХУ-ыг шинэ цэргийн талбайд зориулж 300 га талбайг зориулахаар шийдсэн бололтой хэмээж байна. Ийнхүү барилгын ажлын цар хүрээ дээрх дүгнэлтийг гаргахад хүргэсэн талаар мэдээлсэн юм.
Украин ОХУ-ын хилийн бүсэд хэдхэн километр ойрхон Солоти тосгоны эргэн тойронд болж байгаа үйл ажиллагаа украинчуудын сэтгэлийг зовоож байна. Европын холбоо дээрх асуудалд анхаарлаа хандуулж яаралтай хурал зөвлөгөөн хийх ёстой талаар зарим сайт мэдээлсээр байгаа юм. ОХУ-ын энэ алхам үнэхээр бүхэл бүтэн тивийг хөдөлгөөнд оруулж чадаж байна. Дээр нь Африкийн орнуудаас ирж байгаа цагаачдын асуудал Европын холбооны шүдний өвчин болсоор байна. Грекийн өрийн асуудал, Их Британийн Европын холбооноос салан тусгаарлах асуудал, Украины нөхцөл байдал гээд олон зүйлд Европын холбоо анхаарлаа хандуулж ажиллаж чадах нь эргэлзээ төрүүлж эхэлсэн талаар БНХАУ-ын зарим цахим сайтууд мэдээлсэн.
ОХУ-ын Барилга, байгууламжийн харьяа яам, агентлагийн зүгээс зөвхөн Солоти тосгонд баригдах ажил биш, Валуюкид ч мөн цэргийн шинэ бааз баригдах талаар шинэ мэдээлэл иржээ. Валуюки л гэхэд 3500 цэрэг армийн хүчин, танк эсэргүүцэгч, пуужингууд, артиллериболон зэр зэвсгүүдийн агуулах зэрэг олон барилгын байгууламж баригдах бололтой. Хэсэгхэн газар л гэхэд 6000 гаруй метр квадрат талбайг ашиглах гэж байгаа гэсэн таамгийг цэргийн мэргэжилтнүүд гаргасан байна. Тагнуулчдын ирүүлсэн мэдээллээр бол шинэ цэргийн байгууламж нь маш өргөн том бөгөөд нэг анги нэгтгэлийн байр 50 ортой, бэлтгэл сургуулилт хийх заалтай, олон 100 цэрэг буудлагын сургуулилт хийх боломжтой байхаар барилгын зохион байгуулалт байгаа аж.
Шинээр баригдаж эхэлж байгаа цэргийн байгууламж нь нууцлалын өндөр түвшинд баригдаж байгаа анхны цэргийн бааз бололтой. Хиймэл дагуулаас ч үл харагдах нууцлал бүхий бааз барих чадвар ОХУ-д байгаа гэдгийг ч зарим цэргийн шинжээч тайлбарласаар байгаа юм. Таамаглаж байгаагаар 5000 байр, хэдэн 10 мянган цэрэг шинэ бааз дээр байрлах боломжтой бололтой. Нөхцөл байдалд ОХУ бодлоготой хөдөлж байгааг “Ройтерс” агентлаг мэдээллээ.
ОХУ-ын армийн дараагийн алхам юу байх нь дэлхий нийтийн анхаарлыг татаж эхлэв. Тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Сирийн нутаг дэвсгэрт цэрэг оруулахгүй, зөвхөн зэр зэвсгээр дэмжлэг үзүүлнэ гэж байсан бол өчигдөр Сирийг хүлээн зөвшөөрвөл ОХУ цэрэг оруулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Барууны орнууд ОХУ-ын цэрэг армийн хөдөлгөөнд хяналт тавихаас өөр ямар ч арга хэмжээ авч чадахгүй байгаа нь давуу талыг олгож байна гэсэн мэдээллийг “CNN” агентлагийн тоймчид үзсээр байна.