Жилийн сүүл гэхэд 850 мянган цагаач иргэд Европын улс орон руу орох хандлагатай байгаа талаар НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн. Өдөр бүр Газардундын тэнгисээр дамжин өнгөрч байгаа цагаачдын дундаж тоо судалгаанаас ийнхүү дүгнэж хэлсэн байна. НҮБ-ын цагаачдын албаныхан нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч эхэлсэн гэдгийг өчигдөр мэдэгдсэн. Европын улс орнуудтай хамтарч шаардлагатай арга хэмжээг авахын хажуугаар хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг улам идэвхжүүлэхээр ажиллаж байгаа гэдгийг онцлов. Цагаачдын тоо буурах төлөвгүй байгааг цохон тэмдэглээд цаашид ч өсөх хандлага ажиглагдаж байгаа талаар хэлсэн юм. Нэг өдөрт хамгийн ихдээ 7000 гаруй цагаач хилээр нэвтэрсэн удаа байгаа бол одоогийн байдлаар 30 мянган цагаач Грекийн арлуудад байрлаад байна гэсэн мэдээлэл гаржээ. Өчигдөр Австрийн иргэд цагаачдад зориулж хоол хүнсний тусламж үзүүлсэн. Хэдийгээр тэд цагаач иргэдийг нутагтаа байлгахгүй гэсэн ч дамжин өнгөрөхийг хүлээн зөвшөөрч ийнхүү тусламжийн гараа сунгахаар болжээ.