Сүүлийн үед улс орны хөгжилд санаа зовних болсон хүмүүс өөр өөрийн санаа бодлоо сошиал ертөнцөд болон янз бүрийн аргаар илэрхийлдэг болоод байгаа. Тэдний дунд урлагийнхан ч багтана. Хоёр хоногийн өмнө гэхэд л Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батзаяа Чингисийн талбай дээр “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж ав” хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэгвэл өчигдөр Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан санаа бодлоо ийн илэрхийлжээ. “Манай нийгэм ширүүн хөдөлж, орондоо орох завгүй, олзлолдон булаалдаж байгаа нь илхэн. Мөн хөрст дэлхий хурдалж, хөвчийн улс өрсөлдөн, хөнжилдөө унтах завгүй хөгжил өөд тэмүүлж байхад, бид сэгсэрсэн будаа шиг толгой түрүүгээ олохгүй, хаашаа явахаа мэдэхгүй дэмий хүч үрэн цаг алдана. Ийм бөгөөс хүсэл зорилгоо нэг болгож хөгжлийн голдиролдоо өөрсдийнхөө чиг зорилго болон үнэт зүйлсээ хэт сулруулахгүйгээр цаашид ямар хөгжлийн зам мөрөөр голдиролд нь оруулах вэ гэдгийг бодож хөдлөх хэрэгтэй болов уу. Зөнд нь хаяж цаг алдаж болмооргүй, гадны тусламж хүчин зүйлд найдалгүй, ямар нэг зүйлийг хүлээж суулгүй өөрсдийгөө ташуурдаж, өрөөлийг гүйцэе” хэмээжээ.