А.ЦАГААН
Сургалтын төлбөр нэмэгдчихлээ гэж ирээд жагсаал цуглаан зохион байгуулаад байсан оюутнууд одоо нийтийн тээврээр үнэгүй зорчино хэмээн бухимдах болов. Хэдхэн хоногийн өмнө гэхэд хуулиар олгогдсон эрхээ эдэлж байна хэмээн НЗДТГ-ын гадаа суулт зарласныг уншигч та санаж буй биз ээ.
Тэд Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн орлогч дарга нар нийтийн тээврийн хэрэгсэлд шинэ систем нэвтрүүлж буй гэх шалтгаанаар смарт картаа үзүүлэн үнэ төлбөргүй зорчих эрхтэй 113 мянган оюутны эрх ашгийг уландаа гишгэлээ гэж эгдүүцсэн. Түүгээр ч барахгүй шинэ системд тохирсон картыг оюутнуудад түгээж, өдөрт хоёр удаа үнэгүй зорчуулна гэсэн шийдвэрийг нь эсэргүүцэж айлын эрхийн балай хүүхэд шиг аашилж буйд нь гайхах хүн цөөнгүй. “Улсын төсөв хүндрэлтэй байхад оюутнууд л тэтгэлгээсээ татгалзсан, сургалтын төлбөр нэмэгдэж байхад инфляцын дагуу хэмээн асуудалд тайван хандсан. Гэтэл улс маань өөрсдийнхөө гаргасан хуулийг зөрчиж, оюутны эрх ашигт халдаж байна. Оюутнууд чинь дөрвөн жил төлбөрөө төлж сураад, 40 жил татвар төлж амьдарна” гээд айлгах, сүрдүүлэх нь мэдэгдэхгүй мэдээлэл түгээх болсон нь сошиал ертөнцөөр нэг тархаж “талархлын” үг харамгүй сонссон. Үүнээс улбаатайгаар “Оюутнууд хэний төлөө сурч байгаа юм бэ” гэдэг асуулт тавих хүсэлтэй хүн өдөр ирэх тусам нэмэгдэж буй. Төрөөс халамж үзүүлэх тусам улам ихийг авах гэж гүрийж, бүр улайрч байгаа тэд хэдий болтол алгаа тосч, бэлэнчилж, хүний өмнөөс сурч буй мэт аашлах болж байна вэ гэх хүн ч олон байлаа. Үнэндээ оюутнуудад төрөөс үзүүлж буй халамж үйлчилгээ ихэдсэн үү гэхээс багадаагүй. Засгийн газраас баталсан “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-ыг үндэслэн их, дээд сургууль, коллежид суралцагсдын сургалтын төлбөрт “Хүний хөгжил” сангаас 500 мянган төгрөг олгож байсныг мартаагүй л байлтай. Мөн 500 км-ээс дээш газар амраад ирсэн оюутнуудын замын зардлынх нь нэг талын төлбөрийг өгнө. Бас болоогүй сайн сурч чадвал сард 70 мянган төгрөгийг тэтгэмж авна. Онц сурвал үүнээс ч илүү тэтгэмж авах боломж нөхцөл бий. Ердөө л нийтээрээ мэддэг тэтгэлэг, тэтгэмж нь ийм байхад бидэнд төр засаг анхаарлаа хандуулдаггүй гэж хэлэх эрх тэдэнд байна уу.
Харамсалтай нь, бидний сурах орчинг сайжруул, орчин үеийн дэвшилтэт технологи судалмаар байна. Багшлах боловсон хүчинг илүү сайжруулах хэрэгтэй байна, номын сан хүрэлцэхгүй байна, мэргэжлийн ном зохиол олдохгүй байна гэж жагсвал өөр хэрэг. Түмэн олон ойлгоно. Гэтэл тэтгэмж өгөхгүй байна, автобусаар үнэгүй зорчуулахгүй байна гэж жагсч байгаа тэднийг оюутан, оюунтан гэж хэлэхээс ичмээр. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хүртэл 200 төгрөг төлөөд нийтийн тээврээр үйлчлүүлж болоод байхад “Тэр сурагчид чинь оюутан болно” гэж ирээд барьцаад байгаа оюутнууд ичиг, ичиг.
Улсаас сар бүр 70 мянган төгрөг авдаг, цэнгээний газрын хамгийн том хөрөнгө оруулагч хэрнээ унаанд суух болохоороо ядуугаа гайхаад байгаа оюутнуудын 70 мянган төгрөгийг нь хасаад нийтийн тээврээр үнэгүй зорчуулбал ямар вэ. Тэгэхгүй бол жагсаал зохион байгуулна гэж сүрдүүлэх болсон оюутнуудын хэрээс хэтэрсэн үйлдэл аяганаасаа хальж гамшгийн хэмжээнд ч хүрч болзошгүй нь.
Дээрх асуудлын талаар иргэд ямар байр суурьтай байсныг нь тоймлон хүргэе.
-Гол нь оюутнуудаа харж үздэг байх нь зөв. Хөөрхий тэд чинь ямар нэгэн орлогогүй шүү дээ. Гэхдээ бас даврааж болохгүй. Ямар нэгэн цензуртай байх ёстой. Бэлэн мөнгө өгдөг зарчмыг л болиулах хэрэгтэй байгаа юм. Тэгэхээр тэр мөнгөөр нь хэрэгтэй олдохгүй номнуудыг нь ч авч өгдөг юм уу. Тэгэхгүй бол манай оюутнууд эрхийн балай болчихож. Хичээлээ ч хийхгүй гадуур тэнэх нь ихдээд сүүлдээ бүр архичид болж дууслаа. Уг нь хүү минь энэ оюутнуудыг нэгдсэн журмаар хичээлийнхээ хажуугаар хийдэг ажилтай болгочих хэрэгтэй байна. Хог цэвэрлүүлдэг ч юм уу. Тэрнээс татвар төлөгчдийн мөнгийг зүгээр нэг цацаад байж болохгүй шүү.
-Оюутнууд үнэхээр их даварч байна. Бидний үед ийм байгаагүй шүү дээ. Сүүлийн үеийн оюутнуудын хувьд сурах боловсрох ажил нь тэдний гоёж гоодох, наргиж цэнгэхийн дараа нь л тавигддаг асуудал болж. Гол нь өгч байгаа халамж зөв зүйлд зарцуулагдаж байна уу гэдэгт анхаарал тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол тэдний баарны мөнгийг бэлдэж өгөөд байгаа юм шиг л болчихоод байна. Бүх зүйлийг нь бэлэнчилж өгөх тусам оюутнуудын тэнэх нь улам ихсч байна.
-Сурагчид бид улсаас мөнгө авдаггүй. Аав, ээжээсээ л халаасны мөнгө авч нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Автобусандаа суух болгондоо 200 төгрөг төлдөг.
-Оюутнууд хэзээ ч ийм бэлэнчлэх сэтгэлгээтэй байдаггүй л байхгүй юу. 2010 оноос өмнөх төгсөгчид яаж зовж зүдэрч төгсдөг байсныг мэдэх үү. Манай эгч Хужирбулангаас үүрийн 06:00 цагт гэрээсээ гарч алхаад 8:00 цагаас хичээлдээ /МУБИС-т/ ирдэг байлаа. Тэр үеийн оюутнууд цайны печень/янзага/ 50-ийн гөөхий, 100-гийн ундаагаар голоо зогоодог байлаа. Тэр үед өнөөгийнх шиг оюутны тэтгэлэг, цагийн ажил гэж байгаагүй. Эрх нь дэндсэн оюутнууд үргэлж л төр засаг руу амаа ангалзуулах юм даа. Ингэснээс номын сан бариад өг гэж жагсахад яадаг байна. Гонконгийн оюутнууд хичээлээ тараад номын санд үүр цайлгадаг юм билээ. Төр засаг яагаад оюутнуудаа эрхлүүлээд байдаг юм бэ.
-Оюутнууд бол сургуулийн сурагчдыг бодвол цагийн ажил хийж мөнгө олох чадвартай хүмүүс шүү дээ. Ядаж тал үнийг нь төлөөд зорчих хэрэгтэй шүү дээ. Огт үнэгүй зорчино гэдэг бол үнэхээр тэнэг бөгөөд даварсан хэрэг.
-Сурагчид биднээс 200 төгрөг авдаг, жаахан өндөр биетэйгээс 500 төгрөг өгөхийг шаарддаг. Гэхдээ бид жагсахгүй ээ.Ах эгч нараасаа ичиж байна.
-Нүүдэлчин Монголын хөөрхийлөлтэй үрс. Ажил хийхгүй, ном уншихгүй, ерөөсөө ямар нэг үүрэг хүлээхгүйгээр ганц ч болов өдрийг шоуны байдалтай өнгөрөөх гэж байгаадаа баярласан "памперстай" нялхас.
Ийм хүмүүс сурч чадна гэж үү. Арай сургуулиа төгсөнгүүтээ төрөөс завтай байгаагийн тэтгэмж, автобус, хоолны мөнгө нэхээд суух юм биш биз дээ.