Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элсэлтийн шалгалт элдвийн маргаангүй тайван боллоо

Өнгөрсөн баасан гаригаас 40 гаруй мянган шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгч бужигналдан, ямар дээд сургуульд орохоо Боловсролын үнэлгээний төвөөр шийдүүллээ. Энэ жил улсын хэмжээнд нийт 43087 шалгуулагч 52 төвд 10 хичээлээр шалгалт өгөв.


Эхний шалгалт туршлага болов

Шалгалтын эхний өдөр “Этүгэн” дээд сургууль дээр очлоо. Сүхбаатар дүүрэгт байрладаг дөрвөн сургуулийн төгсөгчид шалгалтаа энд өгч байв. Шалгалтдаа орох гэж байгаа хүүхдүүд, тэдний заримынх нь ээж, аав, багш, найзууд нь иржээ. Хамгийн эхний шалгалт орос хэлнийх байлаа. 10:00 цагаас эхлэх уг шалгалтыг өгөх төгсөгчид маань цагийн өмнө ирсэн гэсэн. Багш нар нь замын түгжрэл бас бусад саадаас болоод хоцорчихвий гээд “Цагийн өмнө очоорой” гэж захьсан гэнэ. “Сайн бэлтгэсэн болохоор айгаад байх юм алга” гэх нэгэн байхад “Өнөөдрийн аз л мэдэг” гээд хээв нэг зогсч байсан нь ч харагдсан. Харин зарим хүүхэд “Эхний шалгалт болохоор заавал сонгох шаардлагагүй ч гэсэн сонгосон” гэлээ. Учир нь,  тэд дараа дараагийн шалгалтдаа туршлага олж авч байгаа нь энэ аж.


Хөдлөх ч зав байгаагүй

Ингээд шалгалтын цаг болов. 10:00 цагтай уралдан таван хүүхэд ирсэн ч арай хоцорсонгүй. Энэ тав л сүүлийнх байсан бололтой. Шалгалт өгсөн хүүхдүүд 11:20-цагт гарч ирэх байсан ч 30 минутаар хожимдов.  Хүүхдүүдэд шалгалтын тайлбар хийсээр оройтсон нь энэ аж.
ШУТИС-ийн Математекийн лицей сургуулийн төгсөгч Б.Доржхандаас зарим зүйлийг тодрууллаа.

-Шалгалт нь хэцүү байв уу?
-Хэцүү гээд байх юм байсангүй. Сайн бэлтгэсэн хүнд бол амархан зүйл ирсэн. Харин бэлтгээгүй хүүхдүүд таахаас өөр аргагүй байсан байх.
-Дотор хэдэн багш хянаж байна. Камер байна уу?
-Хоёр багш байна билээ. Шалгалтдаа хариулаад хөдлөх ч зав байгаагүй болохоор камерыг нь анзаарсангүй.
-Нэг ширээнд нэг л хүүхэд суулгасан уу?
-Нэг нэгээр нь суулгасан. Шар хуудсан дээр бидний шалгалт өгөх анги, суух суудлыг маань бичсэн байсан л даа. Тэрний дагуу л суусан.


Монгол хэлээ шалгуулагчид цөөн байлаа

Өмнөх онуудын судал­гаагаар математик, нийгмийн ухаан, монгол, англи хэлний хичээлийг хүүхдүүд түлхүү сонгодог байсан бол сүүлийн хоёр жил газар зүй, физик, хими, биологийн хичээлээр шалгалт өгөх нь нэмэгдсэн дүн гарчээ.  Энэ нь уул уурхай хөгжиж байгаатай холбоотой ч байж болох. Энэ удаагийн монгол хэлний шалгалтыг хамгийн цөөн хүүхэд өгсөн. Энэ байдлаас харахад, монгол хэл хаягдаж байна уу даа гэх бодол ч төрөв. Мөн сургуулиуд элсэлтийн журамдаа монгол хэлний хичээлийн шалгалтыг нэг үзүүлэлт болгодог байвал яасан юм гэж бодогдсоныг нуугаад яах вэ. Яахав мэргэжлийнх нь хичээл биш ч гэлээ ядаж 10 хувийг нь ч болтугай монгол хэлнийх нь шалгалтын дүнг харгалздаг байж болохгүй гэсэн зүйл байхгүй л байх. Нэг найз маань мундаг сургуулийн эдийн засгийн ангид элсэн суралцаж байхдаа “Манайд монгол хэлний хичээл ороод өргөдөл бичиж ир гэсэн найздаа нэг юм бичээд өгөөч. Найз нь бусад хичээлдээ уг нь гайгүй байгаа. Наад нэг хичээл чинь л ядаргаатай юм. Арван жилдээ ч бичиж байгаагүй юмыг одоо яаж бичих вэ” хэмээн төвөгшөөн надаар даалгавраа хийлгэдэг байж билээ. Улаан дипломтой геологи, программист, инженерүүд үг үсгийн алдаагүй ганц өргөдөл бичиж чадахгүй бол ичгэвэртэй хэрэг биш гэж үү. Бодох л асуудлын нэг...


Тэр өдрийн тэнгэр ивээг

Шалгалтын хоёр дахь өдөр Дотоод хэргийн их сургууль дээр очлоо. Шалгалт явагдаж байх хооронд шалгуулагчдын аав, ээж, багш нарын дунд янз бүрийн л яриа өрнөх аж. Энд л анх удаа уулзсан эцэг эхчүүд аль хэзээний танилууд шиг л их, дээд сургуулийн талаар, хүүхдүүдийнхээ тухай халуун яриа өрнүүлнэ. Нэг ээж “Би хүүгээ ШУТИС-д л оруулах санаатай. Өвлөөс хар зургийнх нь дугуйланд явуулж эхэлсэн. Тэнд явсан хүүхэд бүр ШУТИС-д орчихдог юм билээ. Тэр дугуйланд яваагүй хүүхдүүд бол хэцүү. Гурван жил дарааллаж хамаатны хүүхдүүдээ ШУТИС-д оруулсан” гэлээ. Харин бас нэг ээж “Манай хүү ч яах юм байгаа юм бүү мэд. Уг нь, эрэгтэй юм гээд уул уурхайн мэргэжилтэй болгочих л санаа байна даа” гэж байсан. Харин нэг багш “Манай хүүхдүүд уг нь, сайн л бэлтгэсэн. Гэхдээ шалгалтын өдрийн аз л мэддэг юм билээ. Сайн хүүхэд муу оноо авч байхад, муу хүүхэд сайн оноо аваад гараад ирдэг” гэв.


Азын тоогоороо л бөглөсөн

Элсэлтийн шалгалтаа өгөөд гарч ирсэн хүүхдүүд адилхан вариант болсон найзтайгаа “Энийг яаж хийсэн бэ”, “Өө, би тэгвэл алдчихсан юм байна л даа” гээд л уулга алдаж байв. Харин зарим нь “Тэнэг хүнийг тэнгэр ивээдэг гэсэн” гээд өөрийнхөө азанд найдна. Гэхдээ аав, ээж нь ирсэн хүүхдүүд азандаа найдсан тухайгаа үг ч цухуйлгахгүй байгаа харагдана. Тэднийхээ урмыг  хугалахгүй гэсэн хэрэг биз. Зарим хүүхэд өөрийнхөө азтай тоогоороо тоолж байгаад таарсан хариуг нь сонгосон л гэсэн. “-Яасан гайгүй юу? –Өө, мэдэхгүй ээ” гэсэн асуулт хариулт л хүүхэд бүрийн амнаас гарч байсан. Зарим нь “Буруу хийсэн бол тэр л биз. Санаагаа зовоохгүй” гээд багшаасаа лавлаж асуухгүй байхад, гарч ирээд “Багш аа энэ юу билээ” гээд  хэл амыг нь сугалах шахам асууж шалгаах нэгэн ч байсан. Ямартай ч, 11 жил сурсан эрдэм, чадвараа энэ л өдөр гаргалаа. Азандаа найдаж болох ч гэсэн амьдарлаа шийдэх үнэтэй хором учраас хүүхэд бүр дор бүрнээ санаа зовниж байсан нь лавтай. Ганц л оноо дутахад хүссэн сургуульдаа орох боломжоо алддаг. Хэдийгээр тестийн арга нь их, дээд сургуульд элсэгчдийг шалгаруулан авах барьцтай болоод түгээмэл арга боловч, шалгуулагчдын мэдлэгийг хэр үнэн зөвөөр шалгадаг нь олон улс даяар маргаантай асуудал хэвээр байгаа. Тиймээс энэ удаагийн шалгалт өгсөн хүүхдүүдийн мэдлэгийг хэр үнэн зөв шалгасан нь энэ хэд  хоногт харагдах биз ээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан