Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэд амьдрах эрхийнхээ төлөө үхэж байна

Н.БАТ

Хэмээн Английн зохиолч Жоан Роулинг жиргэжээ. Тэрээр Сирийн дайнаас дүрвэж амьдрал эрэн тэмцэж яваад амиа алдаж байгаа олон мянган хүний тухай ингэж бичсэн аж. Тэнгисийн эрэгт хэвтэх Айлан Курди хүүгийн цогцос дэлхий нийтийн анхаарлыг дүрвэгсдэд хандууллаа.

Нулимс нүд бүрхэж, хоолойд юм торж, сэтгэл сэртхийн, зүрх өвдөж байсан ч харах ёстой түүний зургийг. Бурхан мянга мянган хүний амьдралыг аврахын тулд энэ хүүг хорвоод илгээсэн ч байж болох. Гуравхан настай хүү тэнгисийн эрэг дээр түрүүлгээ харан хэвтэнэ. Түү­ний сүнс диваажинд одсон ч бие махбодь нь дайны хөлөөс зугатах мянга мянган дүрвэгсдийн бодит амьдралын зураг болон тэнгисийн эрэгт хэвтэнэ. Бодрум хотын эргээс энэ сарын 2-нд олдсон нас барсан хүүгийн зургийг Туркийн “Dogan” хэвлэлийн агентлаг анх олон нийтэд цацсан ч маргааш нь дэлхийн бүхий л хэвлэл мэдээллийн анхаарлыг татсан. Аймшигт дүр зураг үлдээж, олон хүн харахаас эмээж буй энэ зураг 756194 дүрвэгсдийн амьдралыг өөрчлөх шийдвэр эрх бариг­чид гаргахад хүргэсэн гэнэ.
Английн “Financial Times” сонинд бичсэнээр энэхүү үйл явдал нь Европын улс­төрч­дийн цагаачлалын та­лаар­­хи ойлголтыг өөрчилж чаджээ.

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон Сирийн мянган дүрвэгсийг хүлээн авч нүүлгэн шилжүүлэхэд нь анхаарлаа хандуулна гэв. Өмнө нь тэрээр Англи улс ойрхи Дорнодоос ирэх дүрвэгсдийн хувьд үргэлж цоожтой хаалга байх болно хэмээн мэдэгдэж байсан юм.

Польшийн Ерөнхий сайд Ева Копач дайны хөлөөс зугатаж буй хүмүүсийг хүлээн авах нь ёс суртахуунт хүмүүний үүрэг гэв . Европын холбооны тэргүүн Жан Клод Юнкер хэвлэлд”  Итали, Грек, Унгар болон европын холбооны бусад улсад хууль бус 160 мянган түр оршин суугч хүлээн авах төлөвлөгөө боловсруулж байна. Энэ сарын 9 гэхэд бэлтгэл хангагдана” гэж ярьжээ.  Өмнө нь тэрээр Европын холбооны улсууд эдийн засаг болон хүн ам зүйн байдлаасаа шалтгаалж дүрвэгсдийг байршуулах квот тогтоох ёстой гэсэн санал гаргаж байсан ч олон орон үүнийг хүлээж авахыг эсэргүүцсэн билээ.

Гэсэн ч дээрх гэрэл зургаас үүдэн Европын улсууд дүрвэгсдийн талаар баримтлах бодлогоо зөөлрүүлж, цагдаа татвараар дарамтлахаа азнав. Их Британийн Сангийн яам цагаачлалын хямралаас гарах арга зам бий гэж мэдэгдсэн бол Унгар Сербийн эрэг орчмоор хилийн цагдаагийн пост гаргаж, Германд 10 мянга хүртэл дүрвэгсдийг хүлээн авах бэлтгэл хангасан бөгөөд шилжин суурьшигчдын татва­рыг нэмэгдүүлэхгүй хэмээн зарлав.

Европын холбооны улсуудад хууль бус шилжилт хөдөл­гөөн тойрсон хямрал сүү­лийн хэдэн өдрүүдэд эрчимтэй өсч, Унгарын нийс­лэл хэдэн мянган дүрвэгсдэд хүрээлэгдэн, хотын хамгийн том галт тэрэгний буудал дүүрчээ. Унгарын Ерөнхий сайд Серби, Хорватын хил дагуу хамгаалалтын хана барих талаар ч түншүүддээ амласан аж. Учир нь Австрийн цагдаа нар гурван долоо хоногийн турш Унгараас дүрвэгсэд ачсан том машинууд Австриар дамжин Европын улсууд руу хууль бусаар гарах гэж байгааг илрүүлж байгаа гэнэ. Зарим нь нас барсан хүмүүсийн цогцсоор дүүрэн байсан ч гэх. Өнгөрсөн сарын 27-нд олдсон ачааны машинаас дүрвэгсдийн 71 цогцсыг илрүүлсэн ба тэдний дийлэнх нь Афганистан, Сири, Иракийн иргэн байж.

Англи, Герман, Францын эрх баригчдын зүгээс Евро­пын холбооны улсууд цагаачлалын хямралыг яаралтай шийдэх гарцыг хамтдаа хайх хэрэгтэй боллоо гэдгийг анхааруулж эхэлсэн. Ингэснээр энэ сарын 14-нөөс Европын холбоо цагаачлалын асуудлаар Люксембургт хуралдахаар товложээ.

Харин зарим шүүмжлэгч нас барсан хүүгийн зургийг нийтлэх нь ёс суртахуунгүй зүйл гэж үзэж, тэдний уй гашууг доромж болгон дэлгэж байна гэх болж.
Унгарын Радикал намын тэргүүн дүрвэгсэд Унгараар дамжих нь тус улсад маш олон түвэгтэй асуудал үүсгэнэ гэдгийг онцлоод хүний наймаа, элдэв янзын өвчлөл нэмэгдэнэ гэжээ.  Тиймээс энэ сарын 15-наас үүний эсрэг хөдөлгөөн өрнүүлнэ ч гэж сүрдүүлсэн байна.  Үнэндээ Европын холбооны улсуудын радикал намынхан бүхэлдээ эсэргүүцэж буй.  Германы үндэсний ардчилсан намын зүгээс Европыг зорих дүрвэгсдийн энэ хямралаас болоод зөвхөн тус улс 3,3 тэрбум еврогийн зардал үүрэх нь гэсэн тооцоо хийсэн аж.  Франц, Английн “Үндэсний фронт” хөдөлгөөний тэргүүн нар ч эсэргүүцлээ илэрхийлж байгаа гэнэ. Мөн зургийн эзэн хүүгийн аавыг ч буруутгасан мэдээллүүд гэрч эхэлжээ.

Европ тив 1990 оны дундуур дүрвэгсдийн хамгийн том давалгаанд өртсөн юм.  Афганистан, Ливи, Сирийн 10 мянган гаруй дүрвэгсэд өдөр бүр ямар ч замаар хамаагүй Герман, Англи болон Европын бусад улсад хүрэх гэсэндээ усан хил зөрчиж, цагдаа хууль хүчнийхэнд маш их ачаалал үүсгэж, асуудал болж байсан. Энэ үеэр жилд Европын улсууд 80 мянган дүрвэгчдийг хүлээж авч байсан бөгөөд үүнээс бараг л 60 мянга орчим нь Францад үлдэхийг хичээсэн гэдэг. Тус улсын зүгээс хүмүүнлэгийн хоол хүнс олгох карт гаргаж тараасан байдаг.  Исландчүүд Сирийн дүрвэгсдээс 11 мянган өрхийг хүлээн авсан баримт бий.

Бодит дүр зургийн хүч

Гэрэл зураг гэдэг бодит үйл явдлыг гэрч болоод зогсохгүй олон нийтийн үзэл бодлыг өөрчлөх их хүч болж байсан түүх олон.  Вьетнамын дайн, Хирошима дээр хаясан атомын бөмбөг, Парижийн хавар, Эдийн засгийн их уналт гээд л олон үйл явдлын түүхэн гэрэл зураг нь хүмүүсийн үзэл бодлыг өөрчилж, шинэ үйл явдалд хөтөлж чадсан байдаг.

1993 оны хавар Кевин Картер “Суданы өлсгөлөн” гэрэл зургаараа Пулицеровын шагнал аваад зогсохгүй өлсгөлөнгийн уршгаар олон мянган хүүхэд амьд цогцос болж байгааг дэлхийд дэлгэж, Африк тив руу анхаарал хандуулж, өлсгөлөн өвчнөөс тэднийг аврах боломжийг бүрдүүлж чадсан.

1973 онд Америкийн гэрэл зурагчин Ник Утын “ Дайны гамшиг” нэртэй гэрэл зурагт тэсрэх бөмбөгөнд өртөж, түлэгдэж шархадсан хүүхдүүд хэрхэн амь тэмцэн гүйж буйг харуулснаар Вьетнамын дайныг эсэргүүцэх, яаралтай зогсоохыг шаардсан олон хөдөлгөөний эхлэл болсон билээ.

1967 онд Жейн Роуз хэмээх залуухан бүсгүй Пентагоны хамгаалалтын цэргүүдийн урдаас цэцэг барин зогсох зур­гийг Францын гэрэл зураг­чин буулгасан нь дайныг эсэр­гүү­цэгч “Цэцгийн эрин” хөдөл­гөөний эхлэл болсон гэдэг.

1936 оны эдийн засгийн уналтын үеэр авсан “ Шилжин ирэгсдийн ээж” нэртэй гэрэл зурагт долоон хүүхдийн ээж, нөхрөө алдсан, 32 настай эмэгтэй амьжиргааны эх үүсвэр хайн хэрхэн зовлон туулж байгааг харуулсны да­раа шилжин ирэгсдийн лагерь руу эрх баригчдын зүгээс хоол хүнс, нэн яаралтай хэрэгтэй зүйлсийг илгээсэн гэдэг.

Ахиад л...

Грекийн эргийн харуулын­хан энэ сарын 5-ны өглөө Грекийн Аготониси арлаас дүрвэгсдийн бяцхан хүүг олж эмнэлэгт хүргэсэн боловч амь насыг нь аварч чадаагүй байна. Грек улс тус улсыг зорин ирж буй Сирийн дайны хөлөөс дүрвэгсдийг зохицуулах гэж хичээж байгаа боловч үнэхээр хэцүү байдалд орчихоод байна гэж мэдээлж буй юм.  Афинаар дамжин Европын бусад улс руу гарахыг хүсэх мянга мянган дүрвэгсдийн хөлд дарагдсан тус улсад туслах зорилгоор Европын холбоо 33 сая ам.доллар гаргахаар төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан