Б.БААТАР
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн олон улсад болж байгаа үйл явдлын талаар АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд “ABC” агентлагийн сэтгүүлчтэй сонирхолтой ярилцлага өрнүүлснийг хүргэж байна.
-НҮБ-ын хүрээнд сүүлийн өдрүүдэд Украины асуудал, Хойд Солонгос, БНХАУ-ын түүхт ой, ОХУ-ын эсрэг арга хэмжээ зэрэг асуудалд нэгэн зэрэг анхаарал хандуулж чадахгүй байгаа. Тэгвэл тус бүрээр нь асуух хэрэгтэй болж байна. Дэлхийн II дайнд БНХАУ ямар оролцоотой байсны үндсэн дээр ийнхүү тэд сүр дуулиантай ялалтын баяр тэмдэглэх гээд байна ?
-Дэлхийн II дайнд БНХАУ Ази тивийг хамгаалсан. Энэ бол түүхэн үнэн үйл явдал. Тэд түүхт 70 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Тэмдэглэх ч эрх бий. Сүүлийн 70 жилийн хугацаанд тэд чимээгүй л явсан. Баярын хөтөлбөрийг би харсан. Үнэхээр гайхамшигтай сүр жавхлантай үйл явдал болох талаар олж мэдсэн. Олон улсын төрийн тэргүүнүүдэд урилга өгсөн гэж дууллаа. Мэдээж Япон, Герман, Итали зэрэг холбоотон орнуудыг Төрийн тэргүүнийг хүрэлцэн ирнэ гэдэгт итгэж найдаж байгаа. Эцэг эхийнхээ үйл хэргийг үргэлжлүүлж байгаа өнөө цагийн улстөрчид, Төрийн тэргүүнүүд ч уужуу ухаанаар тунгаах хэрэгтэй.
-Түүхийг эргүүлж болохгүйн адил БНХАУ-д тухайн үед АНУ тусалсан гэж бид үздэг. Та юу гэж бодож байна?
-Дайны он жилүүдэд холбоотон орнууд нэгэндээ туслах энгийн л зүйл байсан. Франц, Англи, АНУ ОХУ зэрэг Фашист Германтай дайтаж, байж буулгаж авсан шиг. Бусдын дэмжлэг хүн бүрт л хэрэгтэй байсан. АНУ-ын хувьд түүхийг бүтээлцсэн нь үнэн. Гэвч бид өнөөдөр өчигдрийг биш ирээдүйг харж хамтдаа хөгжих нь миний эрхэм зорилгын нэг хэсэг. Би сүүлийн найм, есөн жил олон улсад ямар нэг баяр, ёслолын арга хэмжээнд оролцсоноо сайн санахгүй байна. Дэлхий дахинд болж байгаа үйл явдал хэтэрхий хурдан учраас тэр.
-Жишээ нь, Украины асуудал уу?
-Украины асуудалд би их болгоомжтой хандаж байгаа. НҮБ-ын зүгээс олон улсын байр суурийг хүндэтгэн үзэн, бүхий л зөрчил маргалдаан дээр дүгнэлт хийхээс эмээдэг. Бид иргэдийн эрх ашиг хөндөгдөх, амгалан тайван байдал алдагдсан, эрүүл мэнд, байгалийн гамшиг тохиолдсон үед тусгай хэлэлцээр өрнүүлдэг. Украины асуудалд НҮБ ажиглалт хийсээр л байгаа.
-Гол сэдэв рүү оръё. Европын холбоо руу НҮБ яагаад хандаж, цагаачдын асуудалд анхаарал хандуулахгүй байна. Тэнд хүмүүс үхэж үрэгдэж байна. Газар нутаггүй болоод цагаачилж байна. Олон улсад НҮБ биш бусад орнууд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байх шиг байна?
-Европын холбооны цагаачдын алба энэ асуудлыг дангаараа шийдвэрлэнэ гэж хариу өгсөн. Африк, Ойрхи Дорнодод дайны хөлд дарагдсан, нөхцөл байдал хүнд хэвээр байгаа нь улам хүндрэл үүсгэж байна. Улс орнууд нийлээд ч цагаачдын асуудлыг одоохондоо шийдэж чадахгүй. Итали, Испани, Грекийн эрэг дагуу цагаачид ирж, Европын холбоог хүнд байдалд оруулсаар байна. Бид үйл явдлыг сайн харж байгаа. НҮБ-ын зүгээс Европ руу чиглэж байгаа цагаачдын цувааг буцаах, замыг нь хаших, ирж буй газарт нь хөл хорио тавих зэрэг ямар ч боломжгүй зүйлийг зарим улсын тэргүүн, эрх баригчид шаарддаг. Гэвч энэ нь хэдэн 10 жилийн өмнө болж л байсан зүйл. Цагаачид бол нутаггүй, дүрвэж яваа, амьд явах эрх нь байсаар байгаа эрх чөлөөт хүмүүс. Дэлхий нэг цул гэдгийг хүлээн авагч орон харуулах л ёстой. Гэхдээ би НҮБ-ын өмнөөс Европын орнуудыг цагаачдыг хүлээн ав, тэдэнд хэрэгтэй зүйлээр туслалцаа үзүүл гээгүй. Хүнлэг байх талаас нь зөвлөгөө өгч байгаа юм. НҮБ-ээс Италийн эргийн хамгаалалтынханд маш их талархаж байгаагаа илэрхийлсэн. Бага зэргийн туслалцаа ч үзүүлсэн хэвээр байгаа. Цагаачдад зориулсан хурал зөвлөгөөнийг энэ сард багтаан зохион байгуулж, олон мянган цагаач иргэнийг цаашид хэрхэх талаар зөвлөлдөнө.
-Цагаачид газар нутгийн хувьд эргээд очих боломжгүй юу. Эргэж очих нөхцөлийг нь бүрдүүлж болохгүй юу?
-Цагаачдын асуудал хариуцсан олон мэргэжилтэн бидэнтэй ирж уулздаг. Учир нь тэд ч гэсэн шийдэлд хүрэхийн тулд юу хийх ёстойгоо төдийлөн сайн мэддэггүй. Цагаачдын асуудал өөрөө их түвэгтэй. Газар нутаг байхгүй, дайн дажинаас болоод хүмүүс эргэж очихыг хүсдэггүй. Гэвч тэдэнд боломж олгож, хүлээн авах улс орон цөөхөн байдаг нь харамсалтай. НҮБ боломжит бүхий л зүйлээр туслахыг цаг тутамд хичээж, хөрөнгө мөнгө, байр орон сууц зэрэгт ухаан зардаг. Цагаач иргэдийг нутагтаа байлгах улс орон байгаа эсэхийг асуухад цөөхөн хэд нь гараа өргөх жишээний. Энэ бүхэнд улс орнууд санаа зовж, ичдэг байгаасай. Дэлхий дээр зэрэгцэн амьдардаг байж бусдыгаа гэх сэтгэл нь давамгайлаасай. Дайн, байлдаан болохгүй бол цагаачид гарч ирэхгүй. Тиймээс дайнгүй энх тайван байлгахын тулд аюулгүй байдлыг сахих ёстой. Мэдээж өөр хоорондоо зөрчил багатай байвал аюулгүй байна гэсэн үг. Улс орнууд өнгөрсөн түүхээсээ суралцдаг байгаасай.
-Цагаачдын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Энэ бол зөвхөн миний хувийн бодол. Цагаачдыг газар нутагтай болгох асуудал хүндрэл дагуулсаар ирсэн. Тэдэнд эх орон шиг нь сайхан газар нутаг гэж үгүй. Тиймээс дүрвэж байгаа эх орныг нь хөгжүүлэх, амьдрах орчныг нь бүрдүүлэх л асуудлаас гарах гол гарц болов уу. Харин НҮБ-ын нарийн бичгийн дарга хүний хувьд арай өөрөөр хариулж болох юм. Цагаачдын асуудлыг бүс нутгийн улс орнуудын удирдлагатай шууд тохиролцож, аюулгүй байдалд хамтран ажиллах гэж хариулах ёстой байх. Миний хариулт их түвэгтэй байгааг та анзаарсан болов уу. Цагаачдын асуудал үнэхээр хэцүү.
-ОХУ-ын Ерөнхийлөгчийн талаар надад асуулт байгаа. Крым бол Украины нэг хэсэг байсан. Тэгвэл В.Путин Ерөнхийлөгчид Крымын хойгийг эзлэх нь НҮБ-ын зүгээс ямар өнгө аясаар харж байна вэ?
-НҮБ ОХУ-ыг бууруутгах үедээ буруутгаж, шүүмжилдэг. Гэхдээ Крымд украинчууд иргэний дайныг эхлүүлсэн баримт бидэнд бий. Тэглээ гээд ОХУ иргэдээ хамгаалах нь бас дайныг өдөөх болсон. Ингээд АНУ, Европын орнууд гээд Украиныг тал бүрээс нь мэрж эхэлсэн. Аливаа зүйл хоёр талтай байдаг шиг энэ асуудлыг НҮБ хүний эрх талаас нь харах ёстой. Тиймээс ч өнөөдрийг хүртэл Украины асуудалд ОХУ-ын Ерөнхийлөгчийн үйлдлийн талаар нүдээ анин, чимээгүй байсаар ирлээ.
-Гэхдээ талууд Минск-2 нэртэй гэрээг хийхээр төлөвлөж байгаа гэсэн. Энэ гэрээг та уншиж сонирхсон уу?
-Тийм ээ. Гэрээний хуулбар бүр миний ширээн дээр ирдэг. Би олон улсын бүхий л асуудалд нүд, чихээ хандуулах үүрэгтэй. Минскийн гэрээ бага зэрэг үл ойлголцох зүйл болсон ч зөрчилдөөнийг хөнгөн хэлбэрт оруулж чадсан. Харин Минск-2 гэрээний талаар нарийн зүйлүүдийг тохирох гэж байгаа бололтой. Хүнд зэр зэвсгийн талаар болон иргэдийн эрх ашиг, цаашдын байдал, улс төр, нийгмийн байдал гээд нарийн зүйлийг гэрээнд тусгасан байх шиг. Гэрээнд гарын үзэг зураагүй байгаа ч ерөнхийдөө дахиж буун дуу гарахгүй байх найдлага гэрээнээс харагдсан. Үүнийг бид “хаалтын тохиролцоо” гэж нэрлэдэг.
-Украинаас болж олон улсын хамтын ажиллагаа, найрсаг харилцаанууд нуран унасан. Олон улсын тэмцээн уралдаан, Олимпын тоглолт хүртэл өөрчлөгдөж магадгүй болоод байгаа. Та үүнийг юу гэж дүгнэж байна?
-Олимп, дэлхийн хэмжээний томоохон тэмцээн уралдаан улс орнуудыг их ойртуулж, найз нөхөд болгосоор ирсэн. Асуудлыг дайн дажин биш спорт нөхөрлөлөөр солих тийм л сайхан зүйл дагуулдаг. ОХУ-д болох ёстой тэмцээн уралдаан болоосой гэж би хүсэж байна. Хэрэв асуудлаас болж зарим зүйл өөрчлөгдөх юм бол 60,70 оны хүйтэн дайн шиг бараан түүх давтагдана. Хэн ч дэлхий хоёр, гурав хуваагдаасай гэж хүсэхгүй. Энэ энгийн мэт болов ч том зүйл гэдгийг та бас ойлгох байх.
-НҮБ болон өөрийн хувийн санал бодлоо хуваалцаж, сэтгэл зүрхнээсээ ярилцлага хийсэнд талархаж байна. ABC агентлагийн өмнөөс танд эрүүл энхийг хүсье.