Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНХАУ эдийн засгаа удаашруулж байна


Сүүлийн найман жилийн дотор БНХАУ-ын эдийн засаг үлэмж нэмэгдэж, гадаад хөрөнгө оруулалт асар ихээр өссөн. Дэлхийн эдийн засаг 2008 онд сүйрч, АНУ тэргүүтэй барууны орнуудын эдийн засаг унаж байхад Хятадын хувьд эсрэгээрээ тэлж байсан. Хөрөнгийн бирж, хувьцаа, гадаад хөрөнгө оруулалт, олон улсын валютын ханш зэрэг бүхий л салбарт өсөлт ажиглагдаж юаны эзэнт гүрний эхлэлийг тавьсан талаар эдийн засагчид ярьдаг. Гэвч өнгөрсөн хоёр долоо хоногт БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлт бага багаар унаж, дэлхийн эдийн засагт нөлөөлж, хувьцаа, биржийн зах зээлд том тоглолтууд явагдаж эхэлсэн.
Энэ бүх үйл явдлаас болж хамгийн түрүүнд Хятадын хөрөнгө оруулагчид санаа зовж, дор бүрнээ хөрөнгөө татаж эхэлсэн талаар Синьхуа агентлаг мэдээлсэн. Эдийн засгийн хувьд уналтанд орж өнөөдрийн Хятадыг хөдөлгөх гол шалтгаан нь газрын тосны үнийн уналт бололтой. Газрын тосны үнийг Арабын холбоотон орнууд тогтоодог гэсэн ойлголт байдаг. Тэгвэл газрын тосны үнэ буурахад олон зүйл шалтгаалсан. ИСИС буюу Исламын дайчдын нэгдэл, тулаан, террорист бүлэглэлийн нягтаршил, газрын тосны цооногуудыг эзэлсэн, замд нь үйл ажиллагааг нь тасалдуулсан, мөн Иран улс дэлхийн газрын тосны зах зээлд хямд үнэтэй олон жил хадгалсан түүхий газрын тос борлуулж эхэлсэн зэрэг олон шалтгаан үнийг бууруулахад нөлөөлсөн.

Гэхдээ хамгийн гол шалтгааны нь Украины хямралаас болж Ойрхи Дорнодоос Европ болон ОХУ-руу чиглэдэг газрын тосны чиглэл өөрчлөгдөх болсон явдал үнийг бууруулахад хүргэсэн. Шугамны наана, цаана хоёр өөр үнэ байх жишээний. Нэг талд нь хэт үнэтэй болж эхэлж байхад нөгөө талд нь нийлүүлэлт байхгүй болж эхлэх. Ажиглагчид АНУ-ыг газрын тосны тоглолтонд оролцохгүй байгаа, газрын тосны үнэд нөлөөлж чадахгүй байгаа зэрэг олон тайлбар өгсөн ч үнэний ортой нь цөөхөн.

Ингээд газрын тосны үнэ буурсанаар БНХАУ руу нийлүүлэх байсан том гэрээнд асуудал тулгарч, Хятад улс шаталтанд орж эхэлсэн. Улмаар тооцоолж байсан эдийн засгийн өсөлт нь газрын тосны үнээс хамаарч аажим аажмаар буурч эхэлсэн гэж шинжээчид дүгнэх болсон. Жилийн дундаж өсөлт нь дөнгөж долоон хувьтай байсан он жилүүд бараг байхгүй. Хятадын эдийн засагчид жилийн эхний хагаст гарсан үзүүлэлт тааруу байгааг газрын тосны үнэтэй шууд холбож байсан удаатай. Тэгвэл тэд алдаагүй үнэн зүйлийг харж байсан байна. БНХАУ эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилготой хөрөнгө оруулагчид, хөгжлийн банкны үйл ажиллагааг идэвхжүүлэх шийдвэрүүд гарсаар байсан гэдгийг ч зарим шинжээчид онцлон тэмдэглэж байгаа юм.

Энэ үйл явдал нь БНХАУ-ын хөрөнгийн бирж, хувьцааны уналтад өнгөрсөн хоёр долоо хоногт хүчтэй нөлөөлж, ам.доллартай харьцах хэмжээ ихсэх төлөвтэй байсныг Сангийн яамнаас нь мэдээлсэн удаатай. Ингээд асуудал ундарч хөрөнгийн зах зээлд уналт бий болсноор Дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд “Хятадын эдийн засаг маш муу болж эхэллээ” гэсэн мессежийг хүргүүлэх болсон. Энэ мэдээллээс болж хөрөнгө оруулагчид, цаашлаад зээлдүүлэгч нар айдастай болж нягтаршиж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн юм. Эдийн засгийн дундаж үзүүлэлт бага болж байгааг Сангийн яамны мэргэжилтнүүд дарга нарт уламжилж, таван жилийн эдийн засгийн тогтвортой өсөлтийн төлөвлөгөөнд сөрөгөөр нөлөөлж эхэлсэн. Сангийн яам, хөрөнгө оруулагчид, Засгийн газрын төлөөлөгч нар болон эдийн засгийн мэргэжилтнүүд хуралдаж газрын тосны үнээс хамааралгүй эдийн засгийн өсөлт биш юм аа гэхэд бууралтгүй байлгах арга замыг хайх хурал зөвлөгөөн зохион байгуулсан. Зөвхөн хувьцааны уналт дунджаар 11 хувьтай байсан нь асар их хөрөнгийг алдсан нь ойлгомжтой. Дэлхийн хоёр дахь том хувьцааны зах зээл дээр ийнхүү хагарал үүсэж, нөхцөл байдал хүндэрч эхлэхэд АНУ нууцхан алга ташиж байх жишээний. Эрх баригчид эдийн засгийн энэ уналтаас мултрахын тулд эдийн засгийн бага ч гэлтгүй өсөлтийн төлөө шинэ бодлого явуулах хэрэгтэй болсон.

Зөвхөн газрын тосны уналт нөлөөлөөгүй гэдэгт зарим улс орны эдийн засагчид санал нэгдэж байгаа юм. “Жи Пи Морган” сангийн олон улсын стратегийн судалгааны дарга Дэвид Келли дэлхийн зах зээлд алт, зэсийн үнэ ч буурч байгаа  нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж болзошгүй та­лаар мэдээлсэн. Дэлхийн эдийн засагт анхааруулах тэм­дэг ассан гэдгийг BBC агент­лагийн тоймчид сэрэмж­лүүлсэн. Зөвхөн Хятад улсын байдал нөлөөлөөд байгаа юм биш бүхий л салбарт уналт ажиглагдах болсон гэдэгт санал нэгдэх нь ихсэх болов.
Хөрөнгийн зах зээлд эргэлт авчрах шахсан мэдээ мэдээллүүд улсын эдийн засагт маш муугаар нөлөөлсөн үйл явдал Хятад улсын эрх баригчдын санааг зовоосон. Тэгвэл цагдаа нар худал мэдээлэл цацсан гэх хүмүүсийг баривчилсан талаар Синьхуа агентлаг мэдээллээ. Нийт 197 хүнийг баривчилсан байна. Ихэвчлэн сэтгүүлчид байсан гэдгийг онцолж, хөрөнгийн зах зээлийн ажилтнууд ч мөн баривчлагдсан аж. Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал хөрөнгийн зах зээлийн найман хувийн уналт дэлхийг хөдөлгөсөн гэхэд хилсдэхгүй. Үүний улмаас дэлхийн зах зээлд өөрчлөлт орж, огцом унаж эхэлсэн. Ингээд хөрөнгө оруулагчдыг тэвдүүлсэн. Эрх баригчид хуралдаж, хөрөнгийн зах зээлд тогтвортой байдал бий болгох асуудлаар хуралдсан. Мөн буруутай этгээдүүдийг олж шийтгэх талаар ч ярилцаад амжжээ. Цагдаагийн байгууллага цахим ертөнцөөр маш нарийн судалгааг явуулж, гол буруутан этгээдүүдийг баривчилсан байна. Бээжин хотод хүмүүс хөрөнгийн биржийн болон хувьцааны уналтаас болж амиа хорлож эхэлсэн зэрэг нь дээрх 197 хүний буруутай үйлдлээс болсон гэж үзэж байгаа юм. Худал мэдээлэл тараасан хэргээр эдгээр хүмүүс нэгээс гурван жилийн ял авах нь ойлгомжтой болж байгаа юм.
Сүүлийн 17 жилийн хугацаанд БНХАУ-ын хөрөнгийн биржийн огцом уналт болж байгаагүй гэдгийг эдийн засагчид тайлбарласан. Мөн олон улсад итгэл хүлээлгэсэн байсан төсөл, хөрөнгө оруулалтууд гээд их хэмжээний хохирол учрах боломжтой байсан талаар ажиглагчид тайлбарлажээ. Мөн машины үйлдвэрлэлт хувьцааны уналтаас болж үнэ нь 6,1 хувиар буурч алданги дагуулаад эхэлчихсэн байсан гэдгийг Синьхуа агентлаг мэдээллээ. Засгийн газраас ханшийн бууралтыг зогсоохын тулд хэдэн 10 тэрбум ам.доллар зарцуулж байж хэлбэлзлийг тогтворжуулсан гэдгийг төрийн мэдлийн хэвлэл онцолсон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан