Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батбаяр: Буруу шийдвэр гаргасан албан тушаалтнаас автобусны мөнгө гаргуулж оюутнуудад өгнө

А.ЦАГААН

Сайн, муугаараа хэлэгддэг хэдэн оюутнуудынхаа үйл тамыг өнгөрсөн сараас эхэлж үзэж эхлэв. Сургалтын төлбөр, дотуур байрнуудынх нь төлбөрийг нэмлээ л гэнэ, төлбөрөө төлөөгүйг хичээлд нь суулгахгүй л гэнэ. Энэ мэт шат шатандаа оюутнуудыг дарамтад оруулж байхад нийслэлийн Тээврийн газар ч дутахгүй гэдгээ харуулаад авлаа. Аль өнгөрсөн долоо хоногоос хичээл сургууль нь эхэлсэн оюутнуудын нийтийн тээврээр хэрхэн зорчих асуудал нь шийдэгдэхгүй байсаар есдүгээр сартайгаа золголоо. Энэ талаар нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат манай сонинд өгсөн ярилцлагадаа “Оюутнуудад зориулсан 110 мянган смарт карт хэвлэгдээд ирсэн. Үүн дээр нь нийслэлийн төсөвт ажлын өдрүүдэд хоёр суулттай мөнгө төсөвлөгдөөд нөхөн олговор хэлбэрээр орж ирнэ. Ажлын өдөр хичээлдээ ирж, очих гэсэн чиглэлийг нь зааж өгнө. Мөн оюутнуудад тодорхой хэмжээний лимит тогтооно” гэж байсан. Хэдийгээр оюутнуудад ямар ч хүндрэл учруулахгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэнэ гэсэн ч өнөөдөр бахь байдгаараа. Мөн хавар картаа захиалчихсан оюутнууд есдүгээр сарын 1-нээс өмнө смарт картаа авна гэж байсан ч өнөө хэр нь нэг ч карт эзэндээ очоогүй байгаа юм. Тиймээс Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр нийтийн тээврийн асуудлын талаар өчигдөр оюутнууддаа мэдээлэл өглөө. Тэрээр “Монголын оюутны холбоо НИТХ-аас баталсан 2010 оны журмын дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сард 113 мянган оюутны захиалгын үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэ хуваарь ёсоор оюутнууд өнөөдрөөс эхлэн нөхөн олговроороо зорчиж ямар нэгэн асуудал гаргахгүй байх боломж байсан. Гэтэл Нийслэлийн орлогч дарга Батаа, Гантөмөр нар нийслэлийн Тээврийн газарт чиглэл өгсний дагуу сүүлийн нэг сарын хугацаанд шийдвэр нь тодорхойгүй гацсан байдалд орчихлоо. Үүнээс болж Монголын оюутан залуучууд маань хуулиараа олгогдсон эрх ашгаа эдлэх боломжгүй нөхцөл байдал үүслээ. Мөн автобусны богиносгосон маршрут гарсан хэрнээ  өнөөг хэр нь оюутнуудад нэг ч карт тараагаагүй байна. Гэтэл есдүгээр сарын 1-нээс эхэлж бэлэн мөнгөөр зорчих иргэд 1000 төгрөг төлж явах шийдвэр гарсан. Нийслэлийн удирдлагууд гаргасан шийдвэрээ зөрчсөн бүдүүлэг үйлдлүүдийг маш ихээр гаргаж байна. Монголын оюутны холбоо сүүлийн сарын хугацаанд оюутнуудын эрхийг хамгаалах, хуулиараа олгогдсон эрхийг нь биелүүлэхээр хөөцөлдсөн боловч одоо болтол албан шийдвэр гараагүй байна. Тиймээс оюутнууд маань нийтийн тээврээр хэрхэн яаж зорчих нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Хичээл сургууль эхэлж байгаа энэ цаг үед оюутан та нийтийн тээврээр зорчих бол мөнгө төлсөн баримтаа хадгалж үлдээрэй. Энэхүү буруутай шийдвэрийг гаргасан албан тушаалтнаар таны гаргасан мөнгөн нөхөн олговрыг буцааж эргэн төлүүлэх хүртэл нь Монголын оюутны холбоо арга хэмжээ зохион байгуулна.

Нийслэлийн удирдлагууд гаргасан хууль дүрмээ зөрчсөн энэ үйл ажиллагаатай Монголын оюутны холбоо оюутнуудтайгаа хамтран тэмцэх болно. Гаргасан шийдвэрээ эргэж харж есдүгээр сарын 2 гэхэд албан ёсны шийдвэр гарган оюутнуудын хуулиар олгогдсон эрх ашгийг хамгаалахгүй бол шат шатандаа тэмцлийн арга хэмжээг зохион байгуулна. МОХ Монгол Улсад хууль, дүрэм журам үйлчилдэг гэж боддог. Тиймээс гаргасан хууль, шийдвэр нь цуцлагдана гэж найдаж байна” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан