Курилын арлын маргааныг эцэслэн шийдэх, ядаж л маргааныг аль нэг тал руу болгох асуудлаар өнгөрсөн сарын сүүлээр Японы Ерөнхий сайд Шинзо Абе анхны гадаад дахь айлчлалаа ОХУ-аас эхэлсэн. Тухайн үед арлын маргааныг Японы талд шийдвэрлэх хүсэлтэй, иргэдийг нь японы талд иргэншил олгох суурийг тавьсан талаар Японы эх сурвалжууд мэдээлсэн.
Харин энэ удаад Японы талаас арлын маргааныг нэг тийш шийдвэрлэхэд дөхөм болгох үүднээс төлөөлөгчдыг Москва хот руу илгээсэн талаар зарим сайт мэдээлсэн юм. Ажиглагчид үүнийг “Шинзо Абе, В.Путин хоёрын тохиролцооны үндсэн дээр дараагийн алхмыг хийж байгаа болов уу” гэсэн таамгийг дэвшүүлээд буй. Үнэхээр ОХУ Японы талд арлыг шийдвэрлэх эсэх нь бас л эргэлзээтэй. Ямар нэг нөхцөл саналгүйгээр арлын маргааныг нэг тийш болгох нь юу л бол. Энэ асуудал дээр ОХУ-ын зүгээс ямар нэг тайлбар, шийдвэр гаргасан эсэх нь нууцлаг хэвээр байгаа.
БНХАУ-тай Япончууд ч мөн арлын маргааныг эцэслэн шийдэж чадахгүй байгаа. Сүүлийн жилүүдэд тус улсын хувьд арлын маргаан дээр гол анхаарлаа хандуулж, иргэдэд янз бүрийн амлалтууд улстөрчид өгсөөр байгаа нь нууц биш. Гэвч ОХУ, БНХАУ хоёр арлын маргаан дээр түрэмгий байдал гаргахгүй Японы талаас ямар нэг ашигтай гэх санал хүлээсээр байгаа гэдгийг ч барууны хэвлэлүүд онцолсоор байна.
Японоос очсон гэх төлөөлөгчид ОХУ-ын эрх баригчидтай чухам юу ярьж, ямар тохиролцоонд хүрсэн нь одоогоор тодорхой бус байна. Энэ талаар мэдээллийг олонд төдийлөн цацаад байхгүй бололтой. “Риа Новости” агентлагийн сурвалжлагч “Арлын маргааны талаар ямар нэг тодорхой мэдээлэл алга. Гэхдээ төлөөлөгчид ОХУ-д маш ашигтай санал тавьсан мэт бүгд л сэтгэл хангалуун хурлын өрөөнөөс гарсан” талаар өгүүлсэн. Хурал, чуулган хаалттай болсон бөгөөд иргэдийн жагсаал, эсэргүүцлээс хол байхын тулд ийнхүү нууц болсон бололтой.
Японы хайгуулын баг 1635 онд Курилын арлуудыг олж тогтоосон гэж үздэг. Харин ОХУ-ын хувьд Дэлхийн II дайны дараа Японы талтай энхийн гэрээ хийгээгүй тул ийнхүү дайны дараа ялалт байгуулсан гэдэг утгаараа эзэмшил нь гэж үздэг юм байна.
Япончуудын хувьд хуурай газаргүй болж байгаа энэ цаг үед атга газар бүхэн чухал. Геополитик, геологчдын үзэж буйгаар дөрвөн арлын нэг Итуруп дээр л гэхэд алт, мөнгө болон титан их хэмжээгээр байдаг аж. Харин Кунашир арал дээр цайр, тугалаг, түүхий эд, үнэт чулуу байдаг. Өмнөд Курилын усны нөөц хэдэн мянган км/квадратаар хэмжигддэг. Маш их загасны нөөц бүхий сав газруудтай. Тиймдээ ч 1998 онд Япончууд маргаантай байгаа арлаас загас агнах зөвшөөрлийг 4,2 сая ам.доллар төлөн авч, 11 мянган тонн загас агнасан удаатай. Хэрэв ОХУ-ын зүгээс Япон Улсын талд арлын ирээдүйг шийдвэрлэх юм бол ОХУ-аас Номхон далайд гарах худалдааны хэд хэдэн гарцууд хаагдаж, жилд 600 гаруй сая ам.долларын алдагдалд орох бололтой. Мөн арлыг Японы талд шилжүүлбэл, ОХУ-ын Номхон далайн флот далайгаас таслагдаж, усан дээрх болон гүнд байлдах чадвартай цэргийн хөлөг онгоцууд стратегийн хувьд ашиггүй болж хувирах аж. Ер нь арлуудын маргааныг хүчээр шийдвэрлэх гэж хэд хэдэн удаа оролдож байсан. Гэхдээ талууд ирээдүйн сайн харилцаа холбоог бэхжүүлэхийн тулд хэн хэндээ хүлээцтэй хандаж ирсэн. Нэг талаасаа арлын маргааныг шийдвэрлэлээ гэхэд бусад орнууд ч өөрсдийн маргаантай байсан арлын болон газар нутгийн маргааныг эхлүүлэх магадлалтай. Чухам үүнээс л ОХУ-ын зүгээс бага зэрэг айдастай байгаа болов уу. Эдийн засгийн хувьд ашигтай санал хүлээж авсан ч стратегийн хувьд маш чухал бүс нутаг гэдгийг ОХУ-ын өмнөх үеийн эрхмүүд сануулсаар.
Курилын арал дахь Японы удирдлага 1986 оноос эхэлсэн гэлтэй. Тухайн онд Мэйжигийн Засгийн газар саппород Японы сайд хэсгийн хөгжилд туслах колоничлолын хороог байгуулсан. Курилын арлыг Хоккайдо, Кита, Эзо Карафуто гэж нэрлэж байсан аж. Учир нь Мэйжигийн Засгийн газар өмнөд Сахалын талаар амжилттай тохиролцож чадаагүй байсан учир тус арал дахь удирдлагын талаар ОХУ-тай “Гэгээн Петерсбургийн гэрээ”-г байгуулж байжээ. Гэрээний дагуу Япон Урупын хойд хэсэгт орших 18 арлыг өөрийн эзмшилд авч, Сахалин тэр чигтээ ОХУ-ын эзэмшил болсон түүхтэй. Тухайн үеэс л Япончууд Курилын арлыг удирдлагадаа байлгаж, цэргүүдийг их хэмжээгээр байлгах болсон аж.
Курилын арал дээр оршин суудаг гэх 1680 гаруй иргэнд маш олон үндэстнээс бүрэлддэг. ОХУ, Украйн, Беларус, Татар, Солонгос, Ороч, Айну гэх зэрэг олон үндэстэн арлын уугуул. Нийт хүм амын тал хувьд нь амжиргааны түвшингөөс доогуур амьдардаг бөгөөд харьяа газраас ямар нэг тусламж, дэмжлэг гээд байх зүйлгүй. Арлын хөгжилд хамгийн их саад болж байгаа зүйл дэд бүтэц. Ямар ч цахилгаан, дулаан, гудамж талбайны сүлжээ, зохион байгуулалт гээд байх зүйлгүй. Хамгийн сүүлд өнгөрсөн жил хамгийн том тосгон болох Курилиский ойролцоо модон дундуур шинэ зам гаргах ажил хийж байгаа.
Арлын ирээдүй аль улсын талд шийдэгдэх эсэх нь одоогоор тодорхой бус байна. ЗХУ, Японы хооронд 1956 онд энхийн хэлэлцээр хийж, Зөвлөлтийн талаас Шикотан, Хабомай арлуудыг буцааж өгөх асуудал маргаан дэгдээсэн удаатай. Тухайн үед америкчууд хөндлөнгөөс оролцож, арлын асуудалд саад учруулсан билээ. АНУ Сан Францискогийн гэрээ нь Японы татгалзсан арал дахь эзэмшлийг яг тодорхойлоогүй боловч Японы зүгээс тэдгээр газар нутгийг бусдад шилжүүлэхгүй байх талаар заасан байдаг байна.
Энэ мэт Японы арлуудын маргаан эртнээс эхэлсэн ч өнөөдрийг хүртэл хэд хэдэн арлын маргаанаас болж БНХАУ, ОХУ, Солонгос зэрэг орнуудтай харилцаа холбоон дээр доголдол бий болоод буй.