Их, дээд сургууль, МСҮТ, коллежид элсэн орж буй болон анги дэвшин суралцаж байгаа оюутан залуусыг нэгтгэсэн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг албан ёсоор хийх гэж байна.
Тодруулбал, Монголын оюутны холбооноос жил бүр зохион байгуулдаг “Оюутны тангаргийн баяр” тав дахь жилтэйгээ учран золгож буй нь энэ. Оюутны хүмүүжил, төлөвшилд зөв чиг баримжаа олгох, нийгмийн хариуцлагыг нь ойлгуулах зорилгоор “Оюутны тангаргийн баяр”-ыг тэмдэглэх болсон нь шинээр оюутны ширээнд сууж байгаа залууст урам хайрласан, хариуцлагыг нь мэдрүүлсэн чухал ач холбогдолтой уламжлалт арга хэмжээ болдог билээ.
Маргааш өглөө 10:00 цагт Чингисийн талбайд эхлэх баярын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БСШУ-ы сайд Л.Гантөмөр, НИТХ-ын дарга Д.Баттулга нар оролцох бөгөөд "Оюутан цэрэг", "Оюутан цагдаа" хөтөлбөрийн танилцуулгыг хийхээр болжээ. Мөн энэ өдрийн 19:00 цагт оюутан залуустаа зориулсан бүх оддын нэгдсэн тоглолт болно.