А.ЦАГААН
БСШУ-ы сайд Л.Гантөмөр өчигдөр “Сайдын цаг” уулзалтад оролцож салбартаа хэрэгжүүлж байгаа ажил, бодлого чиглэлийн талаар мэдээлэл өгөв. Түүний яриаг тоймлон хүргэе.
-Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой элдэв асуудал сүүлийн хэд хоног үргэлжилж байна. Салбарын сайдын хувьд яг хэчнээн хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой талаар бодитой мэдээлэл өгөөч?
-Энэ жил сургуулийн өмнөх боловсролд 218100 хүүхэд хамрагдана гэж тооцоолсон. Нийт хүүхдийн 84,8 хувь нь төрийн өмчийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгт орох боломжтой юм. Хоёр жилийн өмнө цэцэрлэгт хамрагдах насны хүүхдүүд 220 орчим мянга байсан бол энэ жил 257 мянга болсон. Өөрөөр хэлбэл, барилга байгууламж барих хурд төрөлтийн хурдыг гүйцэхгүй байна. Хэдийгээр бид цэцэрлэгийн насны 11400 хүүхдийн тоогоор барилга байгууламжийнхаа хүчин чадлыг нэмсэн ч хамрагдах хүүхдийн тоо 20 мянгаар нэмэгдэж орж ирсэн.
Цаашдаа төрөлт буурна гэсэн дүр зураг харагдахгүй байна. Тиймээс бид энэ хичээлийн жилээс эхлээд хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэхээр Монгол Улсын их хурлаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг батлуулсан. Төсвийн тодотголоор Хүүхэд харах үйлчилгээн дээр тодорхой тооны хөрөнгө мөнгө шийдэж чадах юм бол өнөөдрийн байдлаар цэцэрлэгт орж чадахгүй байгаа хүүхдүүд “Хүүхэд харах үйлчилгээ”-нд хамрагдах боломжтой болох юм.
-Ер нь, энэ цэцэрлэгийн хүрэлцээний асуудал хэдий хугацааны дараа бүрэн шийдвэрлэгдэх бол?
-2016-2017 онд цэцэрлэгийн хүрэлцээний асуудал нэг тийш шийдэгдчих болов уу. Гэхдээ төрөлт хурдтай нэмэгдэж байгаа гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Бид ч гэсэн энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Бид удахгүй хоёр, гурван жилийн дараанаас нэгдүгээр ангидаа 100 мянган хүүхэд хүлээж авдаг болно. Одоогийнхоос 30, 40 хувиар нэмэгдэнэ гэсэн үг. Энэ үед шаардлагатай болох сургууль, цэцэрлэгийг барих асуудлыг дараа жилийн төсөв болоод бусад хууль эрхзүйн хүрээнд хийж гүйцэтгэхгүй л бол бидний ачаалал жилээс жилд нэмэгдэнэ. Тиймээс хүүхдүүдийнхээ суралцах орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарахгүй бол болохгүй нь.
-Энэ жил ашиглалтад орох цэцэрлэг, сургуулийн тоон мэдээ хоорондоо зөрүүтэй яваад байна. Яг хэдэн сургууль, цэцэрлэг үүдээ нээж, хэчнээн хүүхдийн суудлын тоо нэмэгдэх талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр боловсролын салбарт 251 барилга байгууламж орон нутгийн болоод улсын төсвөөр баригдаж байна. Зөвхөн улсын төсөвт дулдуйдахгүйгээр бид бүхий л боломжийг ашиглахыг хичээж байгаа л даа. Үүний нэг хэлбэр нь саяхан Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 10 цэцэрлэг барих шийдэлд хүрээд ажлыг нь эхлүүлсэн. Мөн Хятадын буцалтгүй тусламжаар нэг цэцэрлэг, 21 сургууль барих ажлыг зохион байгуулж байна. Концессын гэрээ хийсэн компаниудын санхүүжилт шийдэгдэж ажил нь эхэлсэн гэсэн мэдээллийг Хөрөнгө оруулалтын газраас авсан.
Яг энэ жил орон нутаг болоод улсын төсвийн хөрөнгөөр 25 сургууль ашиглалтад оруулна. Ингэснээр манай сургуулийн суудал 12338-аар нэмэгдэх юм. 47 цэцэрлэг ашиглалтад оруулах гэж байна. Мөн л суудал нь 7260-аар нэмэгдэнэ гэсэн үг. Өнөөдрийн байдлаар авч үзвэл найман сургууль, арван цэцэрлэг ашиглалтад орсон. Түүгээр ч барахгүй хоёр дотуур байр, дөрвөн спорт заал ашиглалтад оруулсан байгаа. Харин ирэх сард багтаагаад 15 барилга хүлээж авахаар ажиллаж байна. Үүний долоо нь цэцэрлэг, гурав нь сургууль, хоёр дотуур байр, гурван спорт заал байгаа юм. Нийлбэр дүнгээрээ энэ жил 25 сургууль, 47 цэцэрлэг, зургаан дотуур байр, таван спорт заалыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Зарим ажил их хурдан явж байгаа л даа. Тухайлбал, Монгол гуравдугаар сургууль ирэх онд дуусах байсан ч энэ жил ашиглалтад орж байна. Ер нь, гүйцэтгэгчдийн чадавхи их сайжирчээ. Мөн 11 дүгээр сургуулийг аравдугаар сард багтаагаад ашиглалтад өгнө гэж төлөвлөсөн.
-Тэгэхээр гурван ээлжээр хичээллэдэг байсан сургуулиудын ачаалал хөнгөрнө гэсэн үг байх нь ээ. Ингэхэд энэ жил хэчнээн сургууль олон ээлжээр хичээллэхээр байна вэ?
-Гуравдугаар сургуулийн асуудал шийдэгдсэн учир 16 дугаар сургууль гурван ээлжээр хичээллэнэ гэдэг ойлголт байхгүй болно. Мөн 31 дүгээр сургуульд хичээллэж байсан 11 дүгээр сургуулийн хүүхдүүд аравдугаар сараас өөрийнхөө сургуулийн байранд хичээлдээ явж эхлэх учир асуудал нь шийдэгдчихнэ. 73, 38, 14 дүгээр сургуулийн Концессын гэрээг урьдчилсан байдлаар хийсэн. Эдгээр ажлыг энэ жил хийлээ гэхэд дараа жил ашиглалтад орох юм.
Тийм учраас тухайн сургуулиудтай холбоотой гурав, дөрвөн ээлж энэ жилдээ хадгалагдаж явах нь гэж ойлгож болно. Энэ жил 13 сургууль цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад оруулж байна. Эдгээр цогцолбортой ойролцоо сургуулиудын гурван ээлж цөөрч буй юм. Элсэгчдийн тоо 64 мянгад хүрсэн нь сургуулиудын ачааллыг нэмж байна. Тиймээс бидний тавьсан зарим зорилт биелэхгүй байна л даа.
-Өнгөрсөн оноос туршиж эхэлсэн цөм хөтөлбөрийг энэ удаад сургуулийн өмнөх болон суурь боловсролын түвшинд хэрэгжүүлэхээр болсон. Гэвч эцэг, эхчүүд энэ хөтөлбөрийн талаар төдийлэн мэдэхгүй байна?
-Саяхан багш нартаа цөм хөтөлбөрийн тухай бүхий л мэдээллийг багтаасан гарын авлага хэвлэж хүргэсэн, мөн сургалтад хамруулсан. Энэ хөтөлбөрийн тухай ярихад их цаг хугацаа зарцуулна. Товчоор хэлэхэд хөтөлбөрийн онцлог нь сурагчдад бүтээлчээр суралцах арга барил эзэмшүүлэхэд сургалтын хөтөлбөр болгоныг чиглүүлж байгаа юм.
Үүний үр дүнд хүүхэд өөрийгөө илэрхийлэх, бие даах чадвар нь хурдтай хөгжинө. Хуучин бид агуулга дээр нь суурилдаг байсан бол одоо агуулга дотроос чухлуудыг нь аваад илүү бүтээлч, чадамж дээр нь суурилна гэсэн үг. Сургуулийн өмнөх, бага, суурь боловсролын хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбогдуулаад багш, хүүхдүүдийн хандлага өөрчлөгдөж байна. Гэхдээ үүнд эцэг, эхийн оролцоо маш чухал гэдгийг хэлье.
-Сургуулиудын ойролцоо худалдаа хийдэг дэлгүүрүүдэд зарим хүнсний бүтээгдэхүүн худалдаалахыг хориглосон гэх юм. Энэ тухайд?
-Хүүхдүүдэд өгч байгаа хүнсний бүтээгдэхүүнд онцгой анхаарна. Тэр дундаа сургуулийн ойр орчмын мухлагаар сахарын өндөр орцтой бүх бүтээгдэхүүнийг борлуулахыг нь хориглож байгаа. Энэ шийдвэрийг сургуулийн захирлууд ажил хэрэг болгоод явна гэдэгт итгэж байна. Хориглох бүтээгдэхүүний жагсаалт гаргаад ирэх сарын 1-нд хүмүүсийн гарт хүргэнэ.
-Та МУИС, АШУҮИС-ийн удирдлагуудад төлбөрөө бууруулах чиглэл хүргүүлсэн. Гэвч МУИС-ийн Удирдах зөвлөл хуралдсан ч төлбөрөө бууруулсангүй. Энэ талаараа танд ямар нэгэн тайлбар ирлүүлсэн үү?
-Их, дээд сургуулиудын төлбөрийн асуудалтай холбоотойгоор мушгин гуйвуулсан нэг зүйл яваад байна. Хоёр, гурав, дөрөвдүгээр курсийнхний төлбөр 10 хувиас илүү нэмэгдээгүй байна билээ. Манай төрийн өмчийн сургуулиудын удирдлагууд оюутнуудынхаа төлбөрийг огцом нэмдэг асуудлыг халсан байна гэж ойлгож байгаа. Өндөр төлбөр гэж яригдаад байгаа асуудал зөвхөн нэгдүгээр курсийнхэнд л байна.
Тэр дундаа МУИС, АШУҮИС 20-иос дээш хувиар нэмсэн байсан. Энэ хоёр сургуульд төлбөрөө бууруулах талаар чиглэл хүргүүлсэн. АШУҮИС нийт элсэгчдэдээ 5-10 хувийн тэтгэлэг олгохоор ажиллаж байгаа юм билээ. Тэтгэлгийн нийт сангаа 500 сая төгрөг гэж мэдээлсэн. Гэхдээ бидэнд эцсийн байдлаар танилцуулаагүй байна. Харин МУИС-ийн хувьд байгалийн ухаан, шинжлэх ухаанаар сурч байгаа нэгдүгээр курсийн оюутнууддаа 30 хувийн тэтгэлэг өгөхөөр болж. Энэ шийдвэрийг маш сайн болсон гэж харж байна. Яагаад гэвэл байгалийн ухаан, шинжлэх ухаан, инженерийн боловсрол гээд Монголд хэрэгтэй боловсролоор сурах хүүхдүүдийн сонирхол их бага. Дандаа нийгмийн ухааны чиглэл рүү хандаад байна. Гэтэл Монгол орныхоо хөгжлийн төлөө энэ шинжлэх ухаан, байгалийн ухаан, инженерийн чиглэлд чадалтай хүүхдүүдээ сургах зорилго байгаа юм. Тиймээс 650-иас дээш оноо авсан хүүхдүүдэд 30 хувийн хөнгөлөлт үзүүлье, дотуур байрны төлбөрөө зуун мянган төгрөгөөр буулгалаа гэсэн эхний шийдлээ бидэнд ирүүлсэн.
-Бусад салбар сургуулийнхаа төлбөрийг бууруулаагүй үндэслэлээ юу гэж тайлбарлаж байх юм?
-Их сургуулиудаас ирж байгаа гол тайлбар нь нэгдүгээрт чанартай боловсрол эзэмшсэн хүнийг нийгэм хүлээж байна. Бид хөтөлбөртөө олон улсын магадлан итгэмжлэл хийлгэсэн. Тиймээс цаашдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төвшинд нь хадгалахын тулд бидэнд сургалтын төлбөрийн үндсэн бааз хэрэгтэй байна гэсэн асуудлыг тавьсан. Нэг үгээл хэлбэл, чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд бидэнд үүнээс өөр арга алга гэсэн нөхцөлийг тавьсан. Хуучин 40 мянган хүүхэд элсдэг байсан бол энэ жил 20 мянган хүүхэд элссэн. Тиймээс багш нараа цөөлөх хэрэг гарч. Харамсалтай нь, буцаад сайн багш нар олж авч чадахгүй учир сургалтын төлбөрөө нэмэхээс аргагүй байна гэсэн тайлбарыг бидэнд өгсөн. Харин хувийн дээд сургуулиудын нарийвчилсан төлбөр бидэнд ирээгүй байна. Гэхдээ зарим сургууль нь төлбөрөө нэмээгүй байна билээ.