Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Байгальмаа: Сар орчим дугаарлаад сугалаатай л хоцорлоо

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Энэ жил улсын хэмжээнд 114 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстой ч 28 мянга нь цэцэрлэггүй хоцрох нь. Хоёр, гуравхан хоногийн дараа бүртгэл дуусах гэж байхад хоёр, гурван долоо хоногоор цэцэрлэгийн үүд сахьсан эцэг эхчүүд хүүхдээ бүртгүүлж чадалгүй хоосон хоцрох нь их байна. Нийслэлийн хэмжээнд асуудал хамгийн хүнд байгаа дүүргээр Баянзүрх дүүргийн нэрлэж болно. Өчигдөр тус дүүргийн зарим хорооны эцэг эхийн төлөөлөл цэцэрлэгийн бүртгэлийн асуудлаар хэвэлэлийн бага хурал хийсэн юм. Энэ үеэр эцэг эхийн төлөөлөл, Баянзүрх дүүргийн XIII хорооны иргэн Л.Байгальмаатай ярилцлаа.

-Танай хороонд асуудал ямар байгаа вэ.
-Манайх Баянзүрх дүүргийн IX хороонд харьяалагддаг болохоор 167 дугаар цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх ёстой. Гэвч хоёр настнуудыг бүртгэхгүй байгаа гээд багыг маань авсангүй. Асуудал юундаа байдаг юм бүү мэд. Ийм тийм шалтгаанаар бүртгэхгүй байгаа гээд тоймтой хариу хэлсэнгүй. Ямар ч тайлбар, үндэслэлгүйгээр “бүртгэхгүй” гэсэн хариу л өгч байна. Уг нь цэцэрлэгийн удирдлага, багш ажилчид хэвлэлд мэдээллийнхэнд хэлэхдээ хоёр настай хүүхэд бүртгэж байгаа гэдэг ч эцэг эхчүүдэд эрс өөр хариу өгч байна. Дугаарлаж хонож байхад 130-аад хүн байсан ч 90 хүүхэд аваад тасалчихаж байгаа юм. Үлдсэнийг нь маргааш сугалаагаар тодруулна гээд орхисон. Сар орчим хонон өнжин дугаарлаад сугалаатай үлдэнэ гэхээр гомдолтой л байна даа.

-Зарим эцэг эх бүртгэлийг сугалаагаар явуулах нь зөв гэсэн байр суурьтай байна. Танай хорооныхны хувьд?
-Мэдэхгүй юм. миний уулзаж ярилцсан эцэг эхчүүд хүүхдээ “сугалаа биш, бинго ч биш” гээд нэг их дуртай байгаа нь харагдсангүй. Өдий хүртэл очер дугаар болж хайран цаг заваа зарчихаад сугалаанд нь таарахгүй бол харамсалтай биз дээ. Тэгээд ч манайхан юмыг нааш цааш болгохдоо гаргуун улс. Сугалаа явууллаа ч эцэг эх, цэцэрлэг, хороо гээд тал талынхан байлцаж байж эхнээс нь явуулбал зүгээр. Одоо нэгэнт бүртгэдгийг нь бүртгэчихээд үлсдэнийг нь сугалбал бүр л хэл ам болно гэж бодож байна.

-Сугалаа явуулж бүртгэлээ хийж буй цэцэрлэгүүд илүү ачаалал бага хэл ам, хэрүүл шуугиан үүсэх нь ч бага байгаа тухай олж мэдлээ?
-Яахав, бусад дүүрэгт ганц нэг цэцэрлэг тийм байгаа дуулдсан. Гэхдээ манай дүүрэг их ээдрээтэй. Хотын хамгийн нягтрал ихтэй бүс нутаг. Хүн амын тоо ч их. Орон сууцны хорооллууд ихтэй гээд цэцэрлэгийн асуудлыг хүндрүүлэх юм цөөнгүй. Яахав, ирэх жилээс сугалаа нь ч байна уу, цахим бүртгэл нь ч байна уу аль нэг нь хэрэгжээд эхэлбэл хонон өнжин дугаарладаг байдал үгүй болох байх. Гэвч хамгийн чухал зүйл нь шударга л байгаасай гэж хүсэх юм.

-Танай дүүрэгт хэчнээн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна?
-Дүүргийн хэмжээнд 35 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр цэцэрлэгт нийт 25 мянган хүүхэд элсүүлэх ёстой. Гэсэн ч өнөөдөр 17 мянган хүүхэд бүртгүүлж найман мянга нь цэцэрлэггүй хоцорчихоод байна. Энэ асуудлаас болж эцэг эхчүүд хоёр, гурван ч ээлжээр хонон өнжин дугаарлаж байна. Угтаа цэцэрлэгтэйсэн бол очер дугаарлалтгүй очиж бүртгүүлчихээд мөрөөрөө ажлаа хийгээд явж баймаар байдаг. Саяхан мэдээ харж суухад нийслэлийн 152 хорооны 42 нь огт цэцэрлэггүй гэсэн дүн гарсан байна лээ. Энэ бол эмгэнэлтэй, инээдэмтэй бас ичгэвтэр зүйл. Аль ч улс орон юун түрүүнд нийгмийн салбартаа хөрөнгө оруулалт хийж, эрүүл мэнд, боловсролын салбарт шаардлагатай материаллаг бааз, бүтээн байгуулалтыг юун түрүүн өрнүүлдэг. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг биз дээ.

-Хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн 660 хүүхдийн багтаамжтай таван цэцэрлэг ашиглалтад орох гэж байгаа. Ачаалал бага ч гэсэн буурах байх?
-Яахав, цэцэрлэг сургуулийн цогцолборууд шинээр барьж байгаа ч бид өнөөдөр хонож өнжих дээрээ тулчихаад суухгүй байх боломж бий. Хэдэн тэрбумаар нь хэрэгтэй хэрэггүй зүйлд зарж, шоу цэнгээн хийдгээ больмоор байна. 2013 онд цэцэрлэгийн насны 93 хүүхэд, 2014 буюу өнгөрөгч онд 60 гаруй хүүхэд асран хамгаалах хүнгүй, гэртээ цоожтой үлдсэнээс галд шатаж амь үрэгдсэн тоо баримт олон бий. Дандаа цэцэрлэгийн насны хүүхдүүд. Хэрэв тэр хүүхдүүд цэцэрлэгтээ явж байсан бол өдийд амьд сэрүүн байх байлаа. Түлэнхийн төв, гэмтлийн эмнэлгээр явж байхад хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн ихэнх нь ахуйн түлэгдэлтэй байх жишээтэй. Эмч, эмнэлгийнхэн тэр хүүхдүүдийг “тогооны хүүхдүүд” гэж нэрлэдэг болж. Халуун тогоо, буцалгагчтай ус, хоол цайнд түлэгдсэн байгаа юм. Угтаа үеийнхэнтэйгээ цэцэрлэгтээ явж байх ёстой хүүхдүүд шүү дээ.

Сургууль цэцэрлэгийн мөнгөөр аймаг, сумын наадмын морь, бөх байлж, шоу цэнгээн зохион байгуулдаг дарга нарын хүүхдүүд гэртээ, асрагчтайгаа байж байдаг юм байлгүй. Энгийн ардын хүүхдэд гэртээ цоожлогдож үлдэхээс өөр сонголтгүй байна шүү, дарга нараа.

-Өнөөдрийн хуралд хэдий нэг дүүргийн эцэг эхчүүд ирсэн ч цэцэрлэгийн асуудлыг арай өөр түвшинд авч үзэх шаардлага бий болсныг харуулж байх шиг?
-Тийм шүү, энд ирсэн хүмүүс хүүхдээ бүртгүүлж чадсангүй гэж бухимдаад байгаа юм биш, угтаа ирээдүй хойчоо ийм инээдтэй, өрөвдмөөр байдалд өсгөж хүмүүжүүлж байгаад л бухимдаад байгаа хэрэг. Бид энэ байдалтайгаа эвлэрчихэж. Үг дуугүй, хүлцэнгүй байгаад сурчихаж.

Нөгөө л хүүхэд бидний ирээдүй, хүүхдийн төлөө “за” гэж хэлье гээд байдаг хаана байна. Нүүрэн дээрээ нэг л сайхан “за за” гэсэн хүмүүс. Өдий хүртэл 40 хороо цэцэрлэггүй байгааг хэн юу гэж тайлбарлах вэ. Үүнд бид өөрсдөө ч буруутай. Өөрийнх нь үр хүүхэд л сургууль, цэцэрлэгтэй хоцорвол бусад нь падлийгүй гэсэн аятай хойш суудаг. Угтаа энэ нийгмийг нуруундаа үүрч яваа эцэг эхчүүд, татвар төлөгчид үр хүүхэд, ирээдүйнхээ төлөөхамтдаа дуугарч сурмаар байна.Түүнчлэн “хүүхдийн төлөө” гэх ариухан нэртэй байгууллагуудаас нэг нь ч цэцэрлэг байгуулъя, босгоё гэж аян, хөдөлгөөн өрнүүлснийг мэдэхгүй юм. Гэтэл хаа холын лам хуварга хүн ирээд хүүхдийн эмнэлэг барьж өгөөд явж байдаг. Бид ичиж эмээхээ байчихжээ.

Энд нэмж хэлэхэд сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжиж тэр хэрээр орон сууцны барилгууд ч маш ихээр нэмэгдэж байна. Барилга барь гээд газрыг нь олгосон юм бол цэцэрлэг барих үүрэг даалгавар өгчих л дөө. Барьсан цэцэрлэгийг нь улсын мэдэлд авчих л даа. Энэ мэт асуудлыг шийдэх арга зам мундахгүй биз. Газар, зай талбай бий юу бий, хий хоосон хийгээд байгаа мөнгө бий юу бий. Ийм байтал өдөр өнжүүлэх, хүүхэд харах үйлчилгээ гэх мэт хэрэгтэй хэрэггүй хууль журам батлаад л.

0 Сэтгэгдэл
Цэцэрлэгийн асуудал жил бүр бүртгэл эхлэхэд л яригддаг, даанч шийдэгдсэн юм байхгүй, эцэг эхчүүдийг баахан бухимдалд оруулах юмаа. Дарга нар нь өөрсдөө хүүхдээ улсын цэцэрлэгт өгдөггүй болохоор тоодоггүй юм уу. 9-12 сард төрсөн хүүхдийг 2 нас хүрээгүй гээд авахгүй. дараа жил нь болхоор наад хүүхэд чинь 3 настай юм чинь орон тоо байхгүй гээд авахгүй, ийм нэг цэвэр үзэмжээр шийддэг асуудлаа нэг цэгцэлмээр юмаа. цэцэрлэгүүдэд чиглэл өгдөг баймаар юм
Хамгийн их уншсан