Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МУИС-ийн Удирдах зөвлөл сургалтын төлбөрөө бууруулсангүй

Хэд хоногийн турш нийгмийг тэр аяар нь бухимдуулаад байгаа нэг асуудал бол их, дээд сургуулиудын сургалтын төлбөр. Жил бүрийн өдийд Монгол Улсад суралцаж буй 178 000 гаруй оюутан суралцагчид тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагчид сургалтын төлбөр, оюутны дотуур байрны төлбөрийн нэмэгдэлд анхаарлаа хандуулдаг уламжлал тогтсон гэхэд болно. Энэ жилийн хувьд МУИС шинээр элсэгчдийнхээ сургалтын төлбөрийг 30-40 хувь хүртэл нэмсэн бол АШУҮИС нэгдүгээр курст элсэн суралцах оюутнуудын төлбөрийг 25 хувиар нэмсэн нь хамгийн өндөр төлбөртэйд тооцогдож буй. Ийнхүү нэмэх болсон үндэслэлээ сургуулийн удирдлагууд багш албан хаагчдын цалингийн нэмэгдэл, цахилгаан дулааны үнэ нэмэгдсэн, сургалтын орчин, материаллаг баазыг сайжруулах, хичээлийн байр, оюутны дотуур байраа өргөтгөх, шинээр ашиглалтад оруулах зардлыг шийдвэрлэх зэрэгтэй холбон тайлбарлаж буй юм. Гэвч Монголын оюутны холбооны зүгээс энэ хичээлийн жилийн хувьд төрийн албан хаагчийн цалин нэмэгдээгүй, цахилгаан дулааны үнэд их, дээд сургуулиудын сургалтын төлбөрт нөлөөлөхүйц хэмжээнд өөрчлөлт ороогүй, элсэлтийн хэмжээ багассан тул хичээлийн байр, дотуур байр өргөтгөх, шинээр барих шаардлагагүй тул сургалтын болон дотуур байрны төлбөрийг нэмэгдүүлэх бодит үндэслэл биш хэмээн үзсэн.

Түүгээр ч барахгүй эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсч, ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтон, үнийн өсөлтөд нэрвэгдэж байгаа энэ үед 178 000 оюутан тэдгээрийн ар гэр болох Монголын нийт ард иргэдийн амьдралд санхүүгийн дарамт, өрийн зовлон нэмэх сургалтын болон дотуур байрны төлбөрийн нэмэгдлийг зогсоохыг шаард­сан шаардлагаа хол­богдох улдирдлагуудад нь хүргүүлсэн билээ. Шаардлагын хариуг энэ сарын 25-нд авах ёстой байсан ч АШУҮИС-иас өөр нэг ч сургуулийн удирдлага хариу өгөөгүй байна. Тиймээс  олон нийтийг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээ, жагсаал цуглаан, хичээл хаялт зохион байгуулахаа мэдэгдээд буй билээ. Гэвч энэ цаг үетэй зэрэгцээд МУИС-ийн удирдлагууд жагсаал хийсэн оюутанд жилийн чөлөө олгоно, жагсаалыг зохион байгуулсан оюутныг сургуулиас хөөнө гэх үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл цацагдсан нь бухимдсан оюутнуудад дав­хар цохилт болсон. Тий­мээс тус сургуулийн оюут­нууд эсэргүүцлээ илэрхийлж өнгөрсөн мягмар гарагт Чин­гисийн талбайд багахан хэм­жээний жагсаал цуглаан хий­сэн юм. Үүний үр дүнд МУИС-ийн Удирдах зөвлө­лийн­­хөн өчигдөр хуралдаж за­рим нэг шийдвэрийг гаргасан байна.

Тухайлбал, I, III дотуур бай­рандаа бүрэн засвар хий­сэн тул 630.000 төгрөгийг нь хэ­вээр үлдээсэн бол бусад до­туур байрны үнэ 550.000 байсныг 450.000 мянган төгрөг болгож бууруулсан байна. Харамсалтай нь сал­барын сайд Л.Гантөмөрийн гар­гасан сургалтын төлбөрийг 10 хувиар бууруулах тушаалыг Удир­дах зөвлөлийнхний дийлэнх хувь нь дэмжээгүй учир буу­руулалгүй хуучин хэвээр нь үл­дээжээ. Гэхдээ Бизнесийн сур­гууль, Хууль зүйн сур­гууль, ОУХНУС-иас бусад сур­гуу­лийн инженерчлэл, бай­га­­лийн ухааны хөтөлбөрт хам­­­раг­даж буй нэгдүгээр кур­сийн оюутнуудын ЭЕШ-ын оноо нь 650-иас дээш бол 30 хувийн тэтгэлгээр сурал­цуу­­лахаар болсон байна. Энэ та­лаар маргааш албан ёсоор дэл­гэрэнгүй мэдээлэл өгөхөөр бол­сон юм. Ямартай ч энэ мэ­­дээл­лээс үзэхэд хамгийн эрэлттэй, өндөр төлбөртэй сургуулиудынх нь төлбөр хэвээр үлдсэн нь оюутнуудыг дахин бухимдахад хүргэх нь тодорхой. Оюутнууд нь хэрхэн хүлээж авах нь өнөөдөр тодорхой болно. Харин бусад сургуулийн Удирдах зөвлөл хэдийд хуралдах тов нь тодорхой болоогүй байна. 

Мөн сургалтын төлбөрийн асуудалтай холбоотойгоор ШӨХТГ-аас их, дээд сургуулиуд ямар шалтгаанаар сургалтын төлбөрөө нэмсэн болон энэ нь хуулийн дагуу явагдаж байгаа эсэхийг шалгаж эхэлсэн. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан ярихдаа “Өнгөрсөн хавар улсын хэмжээнд 19 мянга орчим хүүхэд ЕБС төгссөн. Иймээс их дээд сургуульд элсэгчдийн тоо өмнөх жилүүдийнхээс харьцангуй цөөн байгаа. Үүнтэй холбоотойгоор их, дээд сургуулиуд  сургалтын төлбөрөө нэмж байгаа бол хууль бус. Өмнө нь инф­ляцын түвшинтэйгээ холбог­дуу­лаад сургалтын төлбөрөө нэмдэг байсан. Бид их, дээд сургуулийн сургалтын төлбөр хуулийн хүрээнд  нэ­мэгд­сэн эсэхийг судалж, шал­гаад удахгүй хариуг нь өгнө. Дотуур байрнуудын төл­бө­рийн асуудлыг ч давхар шал­гана” гэсэн нь сургуулийн удирд­лагуудыг тэр дундаа Удир­дах зөвлөлийнхнийг барьц алдуулаад байгаа. Тэгэхээр тун удахгүй үлдсэн их сургуулиудын Удирдах зөвлөлийнхөн ар араа­саа хуралдаж гаргасан шийд­вэрээ эргэж харах нь дамжиггүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан