Б.БААТАР
ОХУ-ын Ерөнхийлөгч Украинаас салан тусгаарласан Крымд өнгөрсөн долоо хоногт айлчилсан. Энэ үйл явдлын дараа Европын холбоо, барууны улс орнууд ОХУ-ыг шүүмжилж, нөхцөл байдал цаашдын үйл явдлын талаар уулзалт зохион байгуулсан. Тэгвэл ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел цаг үеийн асуудлаар Евро Ньюс агентлагийн сэтгүүлчтэй сонирхолтой ярилцлага хийснийг хүргэж байна.
-Франц, ХБНГУ болон Украины талууд уулзалт хийлээ. Энэ удаагийн уулзалтын үр дүнгийн талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?
-Франц улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Украины Ерөнхий сайд А.Яценюк болон миний бие оролцсон гурван талт уулзалт зохион байгууллаа. Украины нэг хэсэг байсан Крымд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин айлчилж, өөрийн дур зоргоороо аашлахыг бид харлаа. Крым ОХУ-ын нэг хэсэг биш гэдгийг дахин сануулмаар байна. Мөн талууд ОХУ-ын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээний дүрэм журам, нөхцөл байдлын талаар ярилцлаа. Ирэх жилийн хоёрдугаар сард ОХУ-ын хориг тавигдана. Тэр болтол байдал хаашаа ч эргэхийг хэн ч мэдэхгүй. Бид шаардлага тавьсан. ОХУ хүлээн зөвшөөрөөгүй. Уулзалтаар цаашдын болзошгүй үр дүнгийн талаар хэлэлцлээ. Хэрэв ОХУ дайны хүнд байдал үүсгэх юм бол Франц, ХБНГУ, Украин, АНУ, Их Британи, Итали гэх мэт Европын зөвлөл орнууд барууны орнуудтай ОХУ-ын эсрэг цэргийн ажиллагаа явуулахгүй гэхийн баталгаа байхгүй. Мэдээж энэ бүхэн ОХУ-ын үйлдлээс шалтгаална.
-Шаардлагатай тохиолдол нь дайны гэрээ, талуудын хамтын гал зогсоох гэрээ зэрэг хамаарах уу?
-Мэдээж. Минскийн гэрээ хүчин төгөлдөр байгаа ч ОХУ-ын зүгээс өдөөн хатгасан хэвээр л байна. В.Путин биднээр тохуурхаж байна. Крымд ирж, олны өмнө улсын ерөнхийлөгч мэт дураараа байгааг дэлхий нийт харлаа. Минскийн гэрээ цуцлагдах үндэслэл ОХУ-аас хангалттай ирсээр байгаа. Галын шугамд хүнд зэр зэвсэг байрлуулах, тээвэрлэх зэрэг үйлдлүүд удаа дараа илэрсээр байгаа. Франц, Германы эрх баригчид Украины асуудалд яагаад чухал ач холбогдол өгч байгаагийн ганц шалтгаан нь Европын аюулгүй байдал.
-Аюулгүй байдал гэхээр ОХУ Европын орнуудад аюул дагуулж, заналхийлэл дайсагнал байгаа гэсэн үг үү?
-Шууд тэгж хэлж болохгүй. Гэхдээ өдөөн хатгах нь эхлэлийг тавьж байгаагийн нэг жишээ. -Берлин хотод ОХУ-ын тэргүүнийг урьж болох байсан талаар хэвлэлүүд мэдээлсээр байсан. Тэгвэл Петро Порошенко Нормандын гишүүнд элсэх хүсэлтээ ирүүлсэн. Мөн В.Путин уулзалтанд ирээд ашиг байхгүй. Бид угаасаа түүнтэй холбоотой байгаа. Тэглээ ч тэр уулзалтанд ирэх боломжгүй байсан.
-Та сая ОХУ өдөөн хатгаж байгаа гэсэн. Тэгвэл Украины төлөө дайн гарах бол ХБНГУ бэлэн үү?
-Энэ бол ХБНГУ-ын дайн, зөрчилдөөн биш. Энэ бол Украины бүрэн байдал, тусгаар тогтнолын асуудал. Ямар ч улс орон хөрш орнууд, нэгдсэн холбооны гишүүн орнуудаа хамгаалдаг. Тэгвэл Европын холбоо Украины нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцох бүрэн эрхтэй. Тус улсад өнөөдөр ямар хүнд байгааг та бүхэн харж байгаа. Эдийн засгийн хувьд ч тэр, улс төр нийгмийн байдал ч тэр. ОХУ-ын цэргүүд Крым, Донецскийн хилийн ойролцоо маш их хэмжээний цэргүүд бэлдсэн байдалтай байна.Энэ цэрэг эрс ОХУ-ын иргэдийг биш Украиныг эзлэхийн тулд тушаал хүлээж суугаа. Украины нутаг дэвсгэрт 9000 цэрэг байгаа гэсэн тоо судалгаа байгаа бол хилийн яг ойролцоо 50 мянган цэргийн хүчин байлдааны тушаал хүлээж суугаа. Энэ бол Франц, Герман, Украины талуудын уулзсан шалтгааны нэг.
-Тэгэхээр ОХУ-ын салан тусгаарлагчид гэсэн хэсэг хүмүүс байгаа. Эдгээр хүмүүсийг ОХУ дэмжиж байгаа нь илт. Харин Украины армийг АНУ тэргүүтэй Европын холбооны хөлсний цэргүүд хамгаалж байгаа гэсэн мэдээлэл яваад байгаа. Та үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
-Хөлсний цэрэг гэдэг бол мөнгөөр ажиллагаа явуулдаг хэсэг бүлэг цэргийн мэдлэгтэй тусгай хүчин. Харин Украины армийг дэмжиж байгаа хүч бол Европ тивийг төлөөлж байгаа хүмүүс гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, аюулгүй байдлыг сахиж байгаа цэргүүд. Цөөхөн тооны хүмүүс ОХУ-ын 9000 цэрэг эрсийн хажууд юу ч биш. Гэхдээ Украинд нөхцөл байдал үнэхээр хүнд болсоор байна. Минскийн гэрээ нэртэй халхавч хийсэн мэт сэтгэгдэл төрүүлсэн сэтгэгдэл, санал надад ирсээр л байгаа. Хэвлэл мэдээллийн агентлагуудаар гарч байгаа мэдээллүүд олон талаар бодох, асуудалд хандах хандлагыг өөрчилсөөр байгаа. Миний хувийн бодлоор Минскийн гэрээ бол ОХУ-ын талд үйлчилж байгаа, бодох хугацаа өгч байгаа цаг хожих арга, мэх. Тал бүрийн л бодлого хэрэгтэй байгааг уулзалтаар бид ярилцсан.
-Гэхдээ салан тусгаарлагчдыг хамгаалах зорилготой ОХУ-ын цэргүүд Украины нутагт нэвтэрсэн шүү дээ?
-Тэд тэгж тайлбарласан. Үүнийг бид “өнөө цагийн боловсон дээрэмдэлт” гэж тайлбарлаад байгаа. Салан тусгаарлагчид ч гэсэн хүмүүс. Бид ойлгож байна. Бас нөгөө талаас Украин улс жаахан хүүхэд шиг, Европын холбоо эцэг эх шиг нь байгаад байгаа юм биш. Дэлхий даяар улс орнууд өөрсдийн тусгаар тогтнол, бүрэн газар зүйн хэм хэмжээг баталгаажуулсан, хүнлэг нийгэмд оршин байгаа эрин үед бид амьдарч байгаагийн хувьд бусдыгаа ойлгох хэрэгтэй. Дээрэнгүй байдал аль ч улсад байх ёсгүй гэж би үздэг. Тэр ч үүднээс дэлхий нэг гэр бүл шиг нэгдмэл байх ёстой. Энэ бол энгийн л зүйл. ОХУ тэр том өргөн уудам газар нутагтай байж Украины асуудалд ийнхүү зэвсэг хэрэглэн орох нь бусад орныг хүндлэхгүй байгаагийн нэг илрэл болоод хоёр дахь жилдээ орох гэж байна.
-Украин улс эдийн засгийн хувьд Грекийн араас явж байгаа гэж зарим судлаачид, ажиглагчид дүгнэх болсон. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?
-Үгүй. Украин Европын холбооноос мөнгө зээлсэн, евро мөнгөн тэмдэгт рүү шилжсэн ч гэсэн улсын эдийн засаг урьд нь байснаас илүү нээлттэй болсон. Бусад оронд нээлттэй боломж нь өөрөө нээгдэж өгч байгаа юм. Гэхдээ энгийн хоёр улсын харилцаанаас илүү хөнгөлөлттэй үнэ, бизнесийн чөлөөт байдал бий болж байгаа. Украин Европын холбоонд нэгдсэнээр маш их боломж бололцоо дагаж ирсэн. Харин нөгөө талаас Крым гэдэг хэсэгхэн газрыг алдсан ч ОХУ-д зүгээр бууж өгч, газар нутгаа өгөх ард түмэн биш байх. Франц улс дэлхийд колон орнуудтай улсын жагсаалтад дээгүүр байдаг байсан. Өнөөдөр ОХУ шиг их түүхтэй ч хүнлэг нийгмийг хөгжлөөрөө тэргүүлж байна. Ардчилсан, чөлөөт нийгэмд хамтдаа хөгжих учиртай.
-Минскийн гэрээ II гэж байгуулах талаар яриа гарсан байсан. Гэрээг шинэчлэх гэж байгаа юм уу, эсвэл өөр нөхцөлтэй өөр гэрээ байгуулах гэж байгаа юм уу?
-Би энэ талаар хоёр дахь хүнээсээ ийнхүү сонсож байна. “Минск II” гэдэг нэрийг шинэчлэх гэрээ гэж хүмүүс таамаглаж байгаа. Гэхдээ миний олж мэдсэнээр хоёр дахь гэрээг ирэх жилд хийхээр төлөвлөж байгаа гэж дуулсан. Нөхцөлүүд нь илүү дэлгэрэнгүй, тодорхой болж байгаа гэсэн. Европын холбооны зөвлөл, Украины талтай энэ талаар сайн мэдэж байгаа.
-Бас нэг зүйл байна. Европын холбооны асуудалтай холбоотой. Италийн эрэг дагуу өдөрт маш их цагаач иргэд ирсээр байгаа. Олон мянган хүн ч амиа алдлаа. Энэ тал дээр ХБНГУ хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?
-Сонирхолтой асуулт байна. Европын зөвлөл, Европын цагаачдын алба, Италийн цагаачдын алба болон эргийн харуул таны асуусан асуултын хариуг сайн мэдэх байх. Гэхдээ Герман улсын хувьд цагаачдын асуудалд эртнээс нухацтай хандсаар ирсэн. Манай улсад өнгөрсөн жилд нэгэн судалгаа гарсан. ХБНГУ-д жилд 500 мянган цагаач иргэн хэрэгтэй. Нэг жилд 500 мянган цагаачийг ажиллуулах нөөц бололцоо байгаа гэж ойлгож болох юм. Бидэнд цагаачдаар хийлгэх ажил байна. Гэхдээ тодорхой нөхцөл, шаардлагын дагуу тэд бидний болзолыг зөвшөөрсөн байх ёстой. Итали улс Африктай хамгийн ойр байрладаг учраас энэ асуудалд хамгийн их үүрэг гүйцэтгэгч орон гэдгийг өмнө нь болсон хурал зөвлөгөөнөөр шийдвэрлэсэн. Тиймээс цагаачдын асуудалд Герман улс өөрийн хийж чадах хувь нэмрээ оруулсаар байгаа.
-Маш сонирхолтой, нээлттэй ярилцсанд тань талархаж байна. Танд амжилт хүсье.