А.ЦАГААН
Хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө долоо хоногийн хугацаа үлдээд байна. Дараа долоо хоногийн яг энэ өдөр сургууль, цэцэрлэгүүд үүдээ нээж хичээлийн шинэ жилийн нээлтээ хийнэ. Тиймээс орон нутгийн сургууль, цэцэрлэгүүд 2015-2016 оны хичээлийн жилд сурагчдаа хүлээн авахад бэлэн үү гэсэн асуултад хариулт нэхэж дараах сурвалжлагыг бэлтгэлээ. Мөн энэ жил улсын хэмжээнд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл ажилд 4,2 тэрбум төгрөг баталж өгчээ. Өнгөрсөн жил 14 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол энэ жил ийнхүү 75 хувиар танасан байна. Засвар үйлчилгээний ажлын эрхийг тухайн аймгийн орон нутгийн холбогдох удирдлагуудад олгосон хэдий ч 4,2 тэрбум төгрөг нь хаанаа ч хүрэхгүй зовлон нүүрлээд байгаа сураг ч байна. Ингээд өвөлжилтийн бэлтгэл ажил ямар шатандаа яваа болон хичээл сургуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй талаар зарим аймгийн Боловсрол, соёлын газар (БСГ)-ын даргатай холбогдож тодрууллаа.
Б.Ундрах: Нэн тэргүүнд цэцэрлэг хэрэгтэй байна
/Ховд аймгийн БСГ-ын дарга/
-Сургууль, цэцэрлэгийн засвар дууссан уу?
-Ерөнхийдөө засварын ажил дууссан. Хоёр цэцэрлэгийн засвар л дуусаагүй байна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусчих байх.
-Нийслэлийн цэцэрлэгүүд хүүхдүүдээ өнөөдрөөс /өчигдөр/ бүртгэж эхэлсэн. Танай аймгийн хувьд бүртгэл эхэлсэн үү?
-Энэ сарын 30-нд бүртгэхээр болсон. Харин дотуур байрны хүүхдүүдээ энэ сарын 31-нээс оруулахаар болсон. Дотуур байранд хамрагдах хүсэлт гаргасан бүх хүүхдийг хамруулах болно.
-Сурах бичгүүд хэвлэгдээд оччихсон байгаа юу?
-Хараахан бүгд ирээгүй байна. Одоогоор 60 хувьтай байгаа. Сурах бичиг хэвлэдэг компаниудад энэ сарын 26 гэхэд заавал ирүүлсэн байна шүү гэдэг албан тоот хүргүүлсэн. Тиймдээ ч сургууль, цэцэрлэгийн удирдлагуудаа 26-нд ирж хуваарилагдсан сурах бичгээ аваарай гэсэн чиглэл өгсөн. Ер нь, сурах бичиг хэвлэдэг компанид сурах бичгээ манай аймагт зөөвөрлөж авчрах тал дээр жаахан тааруу байна. Ер нь бол ирэх сарын 1 гэхэд бүх боловсролын байгууллагын маань хичээл хэвийн эхэлнэ.
-Багш нарын хүрэлцээний асуудал ямар байна вэ?
-Багш нарын хувьд зуун хувь хангалттай байж чаддаг. Дуу хөгжмийн багш л дутуу байна. Бусад бүх багш нар хүрэлцээтэй. Манай аймаг чинь багш бэлтгэдэг тусгай сургуультай учир жил бүр 250-300 хүүхдийг багшаар төгсгөдөг. Тиймдээ ч багшийн дутагдлын асуудал гардаггүй юм.
-Өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна?
-Өвөлжилтийн бэлтгэлийн ажлын хэсэг гараад ажлаа эхлүүлээд явж байна. Жил жилийн хувьд хэдэн төгрөг төсөвлөгдөж байна түүндээ тааруулаад бэлтгэлээ базаадаг.
-Танай аймгийн хувьд боловсролын салбарт тулгамдаж буй асуудал юу байна вэ?
-Нэн тэргүүнд цэцэрлэг хэрэгтэй байна. Манай аймгийн нэгдүгээр цэцэрлэгийг яаралтай улсын төсвөөр барих хэрэгтэй байгаа. Улсын мэргэжлийн хяналтын зөвлөлөөр хаагдсан байгаа.
Энэ асуудлыг түргэн шийдмээр байна. Манай аймгийн хувьд цэцэрлэгийн хүрэлцээний асуудал л хүндрэлтэй байна. Сургуулийн хувьд харьцангуй гайгүй.
-Өнгөрсөн жилээс цөм хөтөлбөрийг туршсан. Туршилт ямар болов?
-Манай аймаг өнгөрсөн жил бага боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Амжилттай хэрэгжүүлсэн гэдгээрээ улсдаа тавдугаар байрт шалгарсан. Энэ шинэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд болон суурь боловсролын төвшинд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Суурь боловсролынхоо 750 багшийг Ховд хотдоо сургалтад хамруулсан.
К.Имаммагзам: Зарим цэцэрлэг, сургуулийн засвар дуусаагүй
/Баян-Өлгий аймгийн БСГ-ын дарга/
Баян-Өлгий аймгийн хувьд Баяннуур суманд дотуур байр, Улаанхус суманд дунд сургуулийн хоёр ч дотуур байр, Цэнгэл суманд хүүхдийн цэцэрлэг барьж энэ жил ашиглалтад оруулж байгаа аж. Ерөнхийдөө аймгийн хэмжээнд зарим цэцэрлэг, сургуулийн засварын ажил нь хараахан дуусаагүй байгаа юм билээ. Хичээлийн шинэ жилтэй зэрэгцээд дуусах нь. Харин цэцэрлэгүүдийн бүртгэл маргаашнаас эхлэх аж. Ирсэн сурах бичгүүдээ хуваарилж өгч байгаа талаар албаны хүн нь мэдээлэл өгөв. Ингээд аймгийн хэмжээнд боловсролтой холбоотой тулгарч буй ямар асуудал байгаа талаар тус Боловсрол соёлын газрын дарга К.Имаммагзамаас тодруулахад “Өвөлжилтийн бэлтгэл ажил эхэлсэн. Гэхдээ сургууль, цэцэрлэгүүдийнхээ цонхыг дулаалж эхлээгүй байгаа. Энэ талын бэлтгэл ажлаа хүүхдүүд цугласны дараа хийнэ. Манай аймгийн нэгдүгээр сургуулийн барилгын ажил эхлээд гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Хөрөнгө байхгүй гэдэг шалтгаанаар ашиглалтад орох болоогүй л байна. Харин хоёрдугаар сургуулийн төсөв одоогоос гурван жилийн өмнө батлагдсан. Хөрөнгө мөнгөний асуудлаас болж барилгын ажил нь удааширсан ч баригдаад дууслаа” гэсэн мэдээллийг бидэнд өгсөн юм.
Л.Байгальмаа: Чадвартай математикийн багш дутагдах хандлага бий
/Сүхбаатар аймгийн БСГ-ын дарга/
-Аймгийн хэмжээнд хичээлийн шинэ жилдээ бэлэн үү?
-Манай аймгийн хувьд нэг л цэцэрлэг засвартай байгаа. Гэхдээ ирэх сарын 1 гэхэд ашиглалтад орчихно. Бусад нь хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болсон. Энэ хичээлийн жил шинээр хоёр ч цэцэрлэг ашиглалтад орж байна. Аймгийн төвийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой хүүхдүүдийн 80 хувь нь цэцэрлэгт хамрагдана.
-Сурах бичиг хүрэлцээтэй байж чадах нь уу. Татаж авч дууссан уу?
-Хэвлэгдэж дууссан сурах бичгүүдийг бүгдийг нь татаж авсан. Сурах бичиг, дүрэмт хувцсаа хуваарьт сургуулиудад нь тарааж дууссан. Хуучин дунд ангийн хүүхдүүдийн 40-өөд хувь нь номын сангаар дамжуулж сурах бичгээ үнэ төлбөргүй авдаг байсан. Харин энэ жилийн хувьд сурах бичгийн өөрчлөлтөөс шалтгаалж 28 хувь нь үнэ төлбөргүйгээр номын сангаар дамжуулж сурах бичгээ авах болчихоод байна. Тэгэхээр үлдсэн хүүхдүүд нь сурах бичгээ зах зээлээс худалдаж авах эсвэл түрээсийн сурах бичигт орох болов уу. Гэхдээ түрээсийн тогтолцоо, үнэ төлбөр нь улс орон даяар тодорхой болоогүй байна. Манай аймагт сурах бичиг зардаг ганцхан дэлгүүр бий. Гэхдээ энэ жил сурах бичиг зарах үгүйгээ шийдээгүй байгаа юм билээ. Тэр дэлгүүртэй хэвлэлийн компаниуд тохиролцоод сурах бичгээ борлуулдаг.
-Аймаг бүрийн боловсролын газар тухайн нэг компанитай тохиролцоод сурагчдынхаа дүрэмт хувцасны асуудлыг шийджээ. Танай аймгийн хувьд хэрхэн шийдвэрлэв?
-Өнгөрсөн жил дүрэмт хувцасны хувьд 90-ээд хувийн хангалттай байсан. Манайх “Шилмэл загвар”-тай ярилцаад хүүхдүүдийнхээ хэмжээг өгөөд ихэнх дүрэмт хувцсаа татаж авсан. Энэ жил сурагчдын маань дийлэнх хувь нь дүрэмт хувцастай болчих болов уу. Ойрын өдрүүдэд шинээр сургуульд орж байгаа хүүхдүүд дүрэмт хувцсаа их авч байна. Гэхдээ манай аймагт дүрэмт хувцас борлуулдаг борлуулагч гэж байдаггүй. Боловсролын газрын маань гурван хүн сургуулиудын нийгмийн ажилтантай хамтарч хариуцаж ажиллаж байна. Гэхдээ нийгмийн ажилтнууд “Бид ямар ч ажлын хөлсгүйгээр компанийн ажил хийгээд байна. Бүтэн жилийн турш нэг компанийн борлуулагч шиг л ажиллалаа. Борлуулсан хувцасных нь тоогоор урамшуулал өгч болдоггүй юм байх даа” гэсэн санал гаргасан. Бид ч гэсэн энэ саналыг нь холбогдох компанид нь уламжилсан. Ямар ч гэсэн энэ долоо хоногт дүрэмт хувцасны борлуулалт эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна.
-Ямар мэргэжлийн багш дутагдалтай байх шиг байна?
-Сүүлийн жилүүдэд чадвартай математикийн багш дутагдах хандлага ажиглагдаж байгаа. Улс орон даяар дуу хөгжмийн багш хамгийн их дутагдаж байна. Тэр дундаа цэцэрлэгийн дуу хөгжмийн багш бүр байхаа болилоо. Дуу хөгжмийн багш гэдэг мэргэжлээр СУИС-ийг төгс гарч байгаа залуус заах аргазүй, хүүхэдтэй ажиллах ажиллагаа тал дээрээ нэлээд дутагдалтай байгаа нь анзаарагддаг. Мөн хоёр, гурван жилийн дараачаас эхэлж орос хэлний багш дутагдах хандлага ажиглагдаж байгаа.
-Цөм хөтөлбөрийн тухайд юу хэлэх вэ?
-Бага боловсролын цөм хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хөндлөнгийн маш олон мониторинг хийгдсэн. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж дууссаны дараа хамгийн сайн хэрэгжүүлсэн гурван аймгийн нэгээр тодорсон. Энэ жил сургуулийн өмнөх болон суурь боловсролд хэрэгжүүлнэ. Багш нарыгаа ч гэсэн сургалтад хамруулсан байгаа.
-Гурван ээлжээр хичээллэж буй сургууль бий юу?
-Одоогоор байхгүй. Шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор манай зарим сургууль нэг ээлжинд орсон. Харин Эрдэнэцагаан суманд шинээр сургууль барихгүй бол яваандаа гурван ээлжинд орох төлөв бий. Тиймээс бид концесст оруулахаар холбогдох газруудад нь хүсэлт тавьсан.
-Өвөлжилтийн бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?
-Урсгал засвар, өвөлжилтийн бэлтгэлээ төлөвлөгөөнийхөө дагуу хэрэгжүүлээд явж байна. Ганц нэг сургуулийн тогоог солино. Захиалгаа өгчихсөн байгаа. Бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаатай газар дээр нь очиж танилцахаар мэргэжилтнүүд томилогдоод ажиллаж байна.
Ч.Отгонбаяр: Бүх сургууль, цэцэрлэг хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн
/Дорноговь аймгийн БСГ-ын дарга/
-Аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн засварын ажил хэдэн хувьтай байна вэ?
-Бүх сургууль, цэцэрлэгийн засварын ажил дууссан. Өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдсан гэж үзэж байгаа. Засаг даргын захирамжаар, сайдын албан даалгавраар өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангадаг. Засвар үйлчилгээгээ хийсэн. Яахав, мөнгө санхүүгийн асуудал ганц хоёр сургууль дээр гарч байна. Тэр нь тийм том асуудал биш. Ямар ч л гэсэн хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болсон. Маргаашнаас /өнөөдөр/ цэцэрлэгүүд хүүхдүүдээ бүртгэнэ.
-Цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай байж чадах нь уу?
-Хангалттай олон цэцэрлэг бий. Аймгийн төв 12 цэцэрлэгтэй. Шинээр дөрвөн цэцэрлэг ашиглалтад орж байна. Замын-Үүдэд дөрвөн цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг байгаа. Тэгэхээр хангалттай л даа. Бараг 90 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдаж чаддаг.
-Дотуур байранд хүүхдүүдээ хэрхэн хамруулах вэ?
-Аймгийн хэмжээнд дотуур байрны хүрэлцээ хангалттай байдаг юм. Манайх есөн шинэ дотуур байртай. Саяхан баригдсан байрууд учир хангамж сайтай.
-Сурах бичгээ хүлээж авсан уу?
-Сурах бичгүүд хуваарийнхаа дагуу ирж байна. Шинээр хэвлэгдэж байгаа сурах бичгүүд мөн л хугацаандаа хүрээд ирнэ. Манай аймаг дэд бүтэцтэй учир сурах бичиг татаж авахад ямар ч асуудал гардаггүй. Хамгийн сүүлчийн сурах бичгүүд ирэх сарын дундуур гэхэд л ирчихнэ. Яамнаас хуваарь гаргасан байсан. Тэр дагуу нь л ирнэ.
-Багш нарын хүрэлцээний асуудлын талаар?
-Ерөнхийдөө багш нарын хүрэлцээ гайгүй шүү. Дуу хөгжмийн багш хамгийн эрэлттэй нь байдаг юм. Хичээлийнх нь цаг нь бага байдаг болохоор хөдөө, сумдад ажиллах хэцүү байдаг байх. Мөн хими, математикийн багш ганц нэг сургууль дээр дутагдах болов уу.
-Цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн тухайд юу хэлэх вэ?
-Бага ангийнхны цөм хөтөлбөр үргэлжилж байна. Энэ жил суурь болон цэцэрлэгтээ цөм хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Саяхан 600 гаруй багшийг сургалтад хамруулсан. Аймгийн хэмжээнд боловсролын салбарт тулгамдсан асуудал байхгүй гэж ойлгож болно. Сурагчдын дүрэмт хувцсыг манайхтай гэрээтэй ажилладаг “Өүлэн Менч” компани нийлүүлдэг. Энэ сарын 20-ноос эхэлж борлуулалтаа эхлүүлсэн.