Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цэцэрлэгийн бүртгэл эхэллээ


-Энэ хичээлийн жилд 91687 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ-

 А.ЦАГААН

Хагас сар гаруйн хугацаанд хүүхдээ бүртгүүлэхээр цэцэрлэ­гийн гадаа хонон өнжин дугаарлан зогссон эцэг, эхчүүд өнөөдрөөс эхэлж халуун хөнжилдөө сэтгэл тайван унтаж болох нь. Тэдний олон хоног нойр хоолгүй явсан эдгээр өдрийнх нь үр дүн өнөөдөр гарч, цэцэрлэгт хүүхдээ өгч чадах эсэх нь тодорхой болох юм. Хэдийгээр Нийслэлийн боловсролын газраас цэцэрлэгийн бүртгэл­тэй холбоотой зөвлөмж гаргаж, үүндээ хүүхдүүдийг “Элсэлтийн тасалбар”-аар бүртгэ гэж байсан ч эцэг, эхчүүдийн эсэргүүцэлтэй нүүр тулсан. Тиймээс олонхи цэцэрлэг эцэг, эхчүүдийн саналаар хүүхдүүдээ бүртгэхээр болжээ. Энэ хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 233, хувийн 399  нийтдээ  632 цэцэрлэгт 91687 хүүхэд элсэх төлөвтэй байгаа юм. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны хүүхдийн тоо 116570 байгаа учир эдгээр хүүхдийн 78.6 хувь нь цэцэрлэгтэй болно гэсэн судалгааг холбогдох байгууллагууд нь хийсэн. Гэхдээ мэдээж цэцэрлэгт аль болох олон хүүхэд хамруулахыг зорьдог Энэ жилийн хувьд харьяа хорооныхоо хүүхдүүдийг л бүртгэ гэсэн чиглэл цэцэрлэгийн удирдлагуудад өгөөд буй. Түүгээр ч барахгүй өнгөрсөн пүрэв гарагт Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бага насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг шинэчлэн баталсан. Ингэхдээ энэ онд шинээр ашиглалтад орсон байр болон шинээр байгуулсан хорооны мэдээл­лийг нэгтгэсний үндсэн дээр “Хамран сургах тойрог тогтоох тухай” тушаал гаргасан аж. Шинэчлэн батлагдсан хамран сургах тойргийн дагуу хичээлийн шинэ жилийн элсэлтийг зохион байгуулахыг дүүргүүдийн боловсролын хэлтсийн дарга, цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосон байна. Харин энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг орлогч дарга Р.Түвшинбатад даалгасан байна билээ.

Бүртгэлтэй холбоотойгоор хамгийн их хэл ам дагуулж буй Баянзүрх дүүрэг болсныг сүүлийн хэд хоног гарсан “Элсэлтийн тасалбар”-тай холбоотой мэдээлэл харуулаад өгсөн. Тиймээс тус дүүргийн цэцэрлэгүүд бүртгэлээ хэрхэн явуулах болсон талаарх мэдээллийг хүргэе.


Х.Батбаяр:“Элсэлтийн тасалбар”-аар бүртгэл явуулах нь эрхлэгч нарын санаа байсан
 
/Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга/

-Танай дүүргийн цэцэрлэгүүд бүртгэлээ хэрхэн явуулахаар болов?
-Цэцэрлэг тус бүр дээр эцэг, эхийн зөвлөл байгуулж эрхлэгч нартайгаа хамтраад зохион байгуулах болсон.

-25 хүүхэд шинээр бүртгэх цэцэрлэгийн гадаа 200-гаад эцэг, эх хонон өнжин дугаарлаж байгаа нь үнэн. Бүртгэлийн явцад янз бүрийн зөрчил гарахыг үгүйсгэхгүй. Танайх ямар нэгэн байдлаар хяналт тавих уу?
-25 хүүхэд бүртгэнэ гэдэг ч цагаа тулахаар 50 шахам хүүхэд бүртгэдэг. Хаа хаанаа аль болох олон хүүхэд хамруулахыг хичээдэг. Хонон, өнжин дугаарлана гэдэг эцэг, эхчүүдийн өөрсдийнх нь сайн дураараа хийж байгаа ажил. Уг нь “Элсэх тасалбар” хэрэгжүүлсэн бол бүртгэл шударгаар явагдах байлаа. Хэрэгжүүлээд явъя гэхээр иргэд олон хоногийн өмнөөс дугаарласан гээд эсэргүүцээд байна. Ямар ч гэсэн бид цэцэрлэгийн эрхлэгч нарт чиглэл өгсөн. Хүүхдээ өгөх эцэг, эхчүүдээ цуглуулаад аль хэлбэрээр хүүхдээ бүртгэвэл илүү хялбар мөн хэл амгүй шударга байх талаар тохиролцоод, тэр аргаараа элсэлтээ ав гэсэн.

-Хэдэн хүүхэд элсүүлэх нь эцсийн байдлаар гарахгүй байгаад бухимдах хүн олон байна билээ?
-Хяналтын тоо нь цэцэрлэгүүдийн хүчин чадлаас хамаараад тодорхой болдог. Тухайлбал, тэр жилд нь хэдэн анги төгссөн, шинээр хэдэн анги авах вэ гэдэг нь тодорхой болсны дараа хүүхдийнхээ тоог гаргадаг. Гэхдээ энэ асуудлыг цэцэрлэгийн удирдлага өөрөө шийддэг. Ер нь, бүртгэлтэй холбоотой асуудал нь тухайн цэцэрлэгийн шийддэг асуудал. Бидний зүгээс ийм байдлаар шийдвэл боломжтой юм гэсэн зөвлөгөөг өгдөг. Гэх­дээ мэдээж Нийслэлийн боловс­ролын газраас гаргасан зөвлөмжийн дагуу аль болох зохицуулахыг хичээдэг.

-Тэгвэл бүртгэлтэй холбоотой­гоор асуудал үүсч мэдэх хэдэн цэцэрлэг байна вэ?
-Манай дүүрэгт 33 цэцэрлэг үйл ажиллагаа явуулаг. Өнөөдөр хүндрэлтэй, ямар нэгэн асуудал дагуулаад байгаа цэцэрлэг байхгүй, тухай бүрт нь асуудлыг нь зохицуулаад явж байна. Эрэлт хэрэгцээтэй байгаа 129, 52 гээд цөөн хэдэн цэцэрлэгт асуудал гарсан. Ямар ч л гэсэн асуудлаа шийдээд л байна. Ерөнхийдөө цэцэрлэгийн төлөөлөл, эцэг, эхийн зөвлөлтэйгөө хамтраад асуудлаа шийдэж цэгцэл гэсэн чиглэл өгсөн. 

-Цэцэрлэгийн эрхлэгчид та нар руу хэр их хандаж байх юм. Бүхий л ачааллыг бидэнд үүрүүллээ гэх нэгэн ч байна?
-“Элсэлтийн тасалбар”-аар хүүхдүүдийнхээ бүртгэлийг явуулъя гэдэг нь эрхлэгч нарын санал байсан. Гэвч үүнтэй холбоотой асуудал үүссэн учир эрхлэгч нарыг өөрсдөө шийд гэсэн чиглэл өгсөн хэрэг шүү дээ.

-Нийслэлийн боловсролын газар зөвлөмжөө хавар гаргасан бол ийм асуудал үүсэхгүй байсан байх, тийм үү?
-Тийм л дээ. Гэхдээ эцэг эхчүүд олон хоног дугаарлаж зогссон болохоор л бухимдаад байна. Уг нь, “Элсэлтийн тасалбар” их л зөв хувилбар байгаа юм.


Хахууль нэхвэл 11-11 төвд хандаж ховлоорой

Жил бүр цэцэрлэг, сургуулийн бүртгэлтэй зэрэгцээд сөхөгддөг нэг асуудал бол авлига, хээл хахууль. Бүртгэлд хамрагдаж чадаагүй хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс хандив нэрийдлээр цэцэрлэгийн удирдлагууд хахууль авдаг талаар хэн хүнгүй ярьдаг хэрнээ баримттайгаар гаргаж ирдэг нь цөөн. Тэгвэл цэцэрлэгийн бүртгэлийн явцад эцэг, эхчүүдээс ямар нэгэн төлбөр хураамж авбал баримтаар баталгаажуулаад гомдол саналаа 11-11 төвд болон харьяа дүүргийнхээ боловсролын хэлтэст, Нийслэлийн боловсролын газарт мэдээлж болох гэнэ. Өргөдөл, гомдол нь үнэн зөв, тодорхой нэр хаягтай байхын дээр бусдын нэр хүндэд халдах гутаан доромжлох, буруу ташаа болон худал мэдээллээр олон нийтийг хутган үймүүлэх, зүй бус үг, үйлдэл гаргахгүй байхыг эцэг, эхчүүдэд анхааруулж байна билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан