Б.БААТАР
Фифа-гийн удирдлага авлига хээл хахуульд идэгдэж, дээд удирдлага бүгд татан буугдсан. Гэвч Дэлхийн номер нэг спорт дээр дооргүй ялзарч, мөнгө угаадаг хэрэгсэл болсон эсэх дээр хөгжөөн дэмжигчид, бизнесийн хамтрагчид санаа зовж байна.Тэгвэл Өмнөд Солонгос Улсын тэрбумтан, улстөрч Чун Мон Жүн Фифа-гийн Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, нэрээ дэвшүүлжээ. Ноён Чун Мон Жоон “IB Times” сонинд ярилцлага өгснийг хүргэж байна.
-Хөлбөмбөгийн холбоо өөрийн бүтэц, зохион байгуулалтаа шинэчлэх, шинэ тэргүүнийг сонгох ажил ид өрнөж байгаа. Таныг Фифа-гийн Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөнө гэсэн үнэн үү?
-Тийм ээ. Би энэ спортод хайртай. Тийм ч учраас өнөөдөр ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөхөд бэлэн байна. Миний хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Мишел Платини. Хөлбөмбөгийн спортыг хүндэлж, багийн спортыг би эх орондоо дэмждэг хүний хувьд энэ шийдвэр ямар нэг сайн зүйл дагуулна гэж бодож яваа. Дэлхийн хөлбөмбөгийн холбоо гэхээр маш том зүйл мэт санагдаж байгаа байх. Гэхдээ зөвхөн хөлбөмбөгт хайртай, дуртай хүн л үүнийг ойлгоно. Зарим хүмүүс Фифа-г мөнгөний уурхай гэж төсөөлдөг бололтой. Эцэст нь тамирчид, шүүгчид, хүүхдүүдэд энэ их мөнгө зарцуулагдах ёстой гэдгийг өмнөх удирдлага ойлгоогүй бололтой.
-Хээл хахуулийн хэргээр 14 хүн баривчлагдсан. Тэдгээрээс Зепп Блаттер хамгийн их зүйл хутгасан гэж холбооны удирдлага үздэг. Та түүний талаар юу мэдэх вэ?
-Зепп Блаттер бол маш нарийн зохион байгуулалттай менежментийн аргаар мөнгө угааж байгаа тэргүүн хүмүүсийн нэг гэдгийг би гадарлаж байсан. Гэхдээ түүнийг одоо шалгах ёстой газар нь шалгаж байгаа учраас би гэмт хэрэгтэн мэтээр ярих нь утгагүй хэрэг. Тэр бол махчин араатан. Яг л хүүхдүүдээ иддэг аймшигт сэтгэлтэй араатан мэт. Хөлбөмбөгт хайртай хүмүүсийн итгэлээр хооллогч нэгэн. Олон жилийн турш зохион байгуулагч орноос авлига авч байсан нь тогтоогдох юм бол бас том асуудал ундарна. Эцэг эхээ идэгч махчин араатан ч гэж зарим хүмүүс түүнийг төсөөлдөг яриа би сонсож байсан юм байна. Түүнтэй ярилцахад маш итгэл даадаг мэт, их ухаалаг зүйл ярьдаг. Гэхдээ бүх зүйл хүзүүн дээр тулж ирсэний дараа тэрээр илчлэгдсэн нь хачирхалтай. Миний мэдэх зүйл энэ л байна.
-Хэрэв та хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч болох юм бол эхний ээлжинд ямар ажил хийх вэ. Энэ талаар бодсон юм юу байна. Нэг үгээр хэлбэл мөрийн хөтөлбөр шиг зүйл байвал хуваалцаач?
-Удирдах зөвлөлийг шинэчлэх хэрэгтэй. Таван тивийн төлөөлөл хүмүүсийг нэгтгэж, үйл ажиллагаагаа нээлттэй явуулж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагч орныг сонгохдоо тодорхой хэмжээний шалгуур тавьж, үндсэн гурван чиг үүрэг даалгавраар ажиллана гэж бодож байна. Үндсэн гурван чиг үүрэг нь тун энгийн. Хөгжөөн дэмжигчид, тамирчид, шүүгчид. Энэ гурван төлөөллийн ажлыг холбоо удирдана. Эргээд энэ гурав холбоог чиглүүлнэ. Удирдах зөвлөл шинэчлэхийг бүх нийтийн санал асуулгаар явуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бүс нутгийн зөвлөл бүр саналаа ирүүлж тойргийн шугамаар удирдах зөвлөлийг сонгох ёстой. Харин үйл ажиллагааны хувьд бизнесийн бодлого менежментийн удирдлагатай хослуулж аливаа арга хэмжээг зохион байгуулах өөр асуудал. Миний бодож байгаагаар өмнөх холбооны арга барил буруу явж байсан. Маркетинг дажгүй ч менежмент нь буруу, удирдлагад давуу байдлыг атгуулсан байдалтай үйл ажиллагааг явуулах нь далд нөхцөл байдалд мөнгө идэж уух явдлыг бий болгодог хүчин зүйлийн нэг.
-Тэгэхээр Мишел Платини бас л шинэчлэл, өөрчлөлтийн тухай ярьсаар байгаа. Түүний хувьд холбоог удирдаад ч явах чадвартай гэж хүмүүс үзэж байгаа нь үнэн. Та юу гэж бодож байна?
-Мэдээж түүнийг холбоог удирдаад, арга барилаа өөрчлөөд аваад явна гэдэгт хэн ч эргэлзэхгүй итгэл даахаар хүн. Гэхдээ яаж гэдэг нь их төвэгтэй. Яаж холбооны шинэчлэлт, яаж холбооны менежментийг атгах талаар нарийн ширийн зүйлийг мэдэхгүй л болов уу. Би бизнесмен хүн ч гэсэн тэр талын мэдлэг туршлага дутахгүй гэж бодож байна. Мишелийн хувьд хуучин хүмүүсийн нэг гэдгийг бүгд мэднэ. Тиймээс анхаарах ёстой зүйл ч бий. Хяналт хэрэгтэй.
-Хэвлэлээр таны талаар ярьж байна л даа. Тэрбумтан хүн авлига хээх хахуульд автагдахгүй өөрийн зорьсон зүйлдээ хүрэхийн тулд хөлбөмбөгийн холбоог хөгжүүлнэ гэж. Тэгэхээр санхүүгийн хувьд зөв менежмент явуулах нь ур ухаан болоод байх шиг?
-Фифа-гийн маркетингийн, менежментийн, бодлогын, удирдлагын, зөвлөлийн, санхүүгийн гээд хэд хэдэн бүлэг байгуулах санаа бол байгаа. Одоо байгаа зүгээр нэг алба биш. Харин тусдаа үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага шиг зүйл хэрэгтэй байгаа юм. Мөнгөний хувьд би ямар ч бэрхшээл тулгарахгүй гэж бодож байна. Аливаа бизнесийг эхлүүлэх өөр, санхүүжүүлэх өөр байдаг шиг надад холбооны мөнгө рүү өнгийх байтугай бодох ч хүсэл алга. Тэрийг тусдаа хүмүүс шийдвэрлэх зөв менежментийг байгуулах нь чухал болоод байна. Бизнес ухаанд хийсэн ажлаа 14 хоногт тайлагнах, шаардлагатай бол долоо хоног тутамд тайлагнадаг байх юм бол бие биенээ хянаад явах бүрэн боломжтой болж таарч байгаа юм. Миний тэрбумтан болох гол үндэс энэ. Азийн хөлбөмбөгийн холбоо бусад тивийн холбоог бодвол хяналт арай л хатуу юм шиг санагддаг. Хэвлэлээр маш олон зүйлийн талаар ярьж л байдаг, бичсээр л байдаг. Гэхдээ хүний амнаас гарчбайгаа үг үйлдэл хоёр хэвлэлийн өмнө хэзээ ч зөрдөггүй байхад ажилтанд хүрч л таарна.
-Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Шэийк Саламан Бин Ебрахим Аль-Калифа Ерөнхийлөгчид өрсөлдөнө. Мишел Платини болон Өмнөд Америкийн холбооны ерөнхийлөгч Хуан Ангел Напоут хүчтэй өрсөлдөх нь ойлгомжтой. Хамгийн гол нь 79 настай Зепп Блаттер 17 жилийн турш хичнээн тэрбум ам.доллар идэж уусан нь тогтоогдох боломжгүй мэт сэтгэгдэл нийгэмд төрсөн шүү дээ?
-Улс төрийн сонгуультай яг л адилхан. Хүчтэй өрсөлдөгч буруу менежмент явуулах юм бол ялагдал хүлээнэ. Харин тогтвортой хөгжлийн бодлоготой зөв менежменттэй баг сонгуульд ялалт байгуулдаг байх жишээний. Хуучин холбооны удирдлагуудыг хараад байхад өөрийн хүрээллийн хүмүүсийг бүрдүүлсэн байдаг. Найз нөхөд, бизнесийн хамтрагчид гэх мэт. Мөн яс үндэс хараад байдаг юм шиг сэтгэгдэл төрсөн шүү. Азийн хөлбөмбөгийн холбооны тэргүүнийг хүртэл сонгоход маш өндөр шалгуур тавьж байсан санагдана. Харин Латин Америк, Европын хөлбөмбөгийн холбооны тэргүүнийг сонгох үйл явц чимээгүй өнгөрч байсныг сайн санаж байна. Гэхдээ энэ удаад тийм зүйл болохгүй гэдэгт итгэлтэй байна. Хөлбөмбөгийн холбоо цэвэр тамирчдийн ур чадвар дээр тулгуурласан менежментийг явуулах нь хөгжилд их зүйл дагуулна. Тодруулбал, тамирчдийн уран тоглолт, тэдний амьдрал холбооноос шалтгаалж байгаа ийм л нарийн эрин үед бид амьдарч байна. Ур чадварыг нь өндрөөр үнэлж, маш их ирээдүй боломжийг бүрдүүлэх нь Фифа-гийн зорилго. Үүний тулд ДАШТ-ийг сайн зохион байгуулах, ямар нэг санхүүгийн тусламж нэртэй авлига авч, өгөхгүй байх зэрэг олон зүйл байгаа. Толгой удирдлага цэвэр байх ёстой гэж үзэж байгаа шүү. Ирэх аравдугаар сарын 26 хүртэл нэр дэвшигч нар мөрийн хөтөлбөр, танилцуулга болон нэр дэвших эсэх асуудлаа цэгцлэх хугацаа байна. Харин ирэх жилийн хоёрдугаар сарын 26-ны өдрөөс өмнө Фифа-гийн ерөнхийлөгч албан үүргээ хүлээн авч, ажлаа эхлүүлсэн байх ёстой.
-Танд баярлалаа. Фифа-гийн шинэчлэлийн хүрээнд хийх гэж байгаа энэ бүх зүйл таньд биелэх болтугай. Амжилт хүсье.