Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Баянжаргал: Манай төгсөгчид дэлхийн нэр хүндтэй их сургуульд үргэлжлүүлэн сурах боломжтой

“Орхон” дунд сургуулийн захирал Л.Баянжаргалтай ярилцлаа.

-Танай сургууль 2015-2016 оны хичээлийн жилд Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Манай сургууль өнгөрсөн хичээлийн жилд Кембрижийн олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх авахаар сургууль, удирдлага, багш нар нэлээд бэлтгэл ажил хийсэн. Өнгөрсөн хавар Кембрижийн хөтөлбөртэй сургууль болох эрх авахад тавигддаг үндсэн дөрвөн том шалгуурыг амжилттай давлаа. Тухайлбал, сургалтын орчин-материаллаг бааз, сургуулийн удирдлагын манлайлал-удирдах чадвар, ажиллах боловсон хүчин, хууль эрхзүйн актын хэрэгжилт-бичиг баримтын боловсруулалтад анхаарч ажилласан. Кембрижээс энэ оны тавдугаар сард баг ирж манай сургуулийн үйл ажиллагаатай танилцаад Кембрижийн олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн болжээ гэж дүгнэн зөвшөөрөл олгосон. Ирэх намраас Кембрижийн олон улсын хөтөлбөрийг 6-9 дүгээр ангийн хүүхдүүддээ албан ёсоор танилцуулж, хэрэгжүүлэх гэж байна. Кембрижийн хөтөлбөрийн байгалийн ухааны хичээлүүд нь дунд, ахлах ангиуддаа лабораторт ажиллах, олж авсан мэдлэгээ практик туршилт хийж хэрэглээ болгох ур чадвар шаарддаг. Тиймээс туршилт, дадлагын ажил явуулахтай холбоотой лабораторт нэлээд өндөр шаардлага тавьдаг. Ганц байгалийн ухаан гэхгүй дуу хөгжим, биеийн тамир, зураг гэсэн хичээл өөрсдийн сургалтын тохилог орчин, материаллаг бааз шаарддаг. Тиймээс энэ бүх шаардлагыг манай сургууль хангаж, Улаанбаатар хотод байрладаг олон улсын дунд сургуулиудын тоог нэгээр нэмж байгаадаа баяртай байна.

-Бусад анги нь хэзээнээс эхэлж энэ хөтөлбөрт хамрагдах вэ?
-Энэ жил 6-9 дүгээр анги цаашид 10-12 дугаар анги Кембрижийн олон улсын хөтөлбөрийн сургалттай болж үргэлжлээд явна. Мөн ойрын хугацаанд 1-5 дугаар ангидаа Cambridge Primary буюу Кембрижийн бага боловсролын хөтөлбөрийг нь амжилттай хэрэгжүүлж эхлэхийн тулд бэлтгэл ажил эрчимтэй хийнэ. 2017 оноос бага ангийн 3-5 дугаар ангиа Кембрижийн хөтөлбөрөөр хичээллүүлэх зорилго тавьсан. 6-8 дугаар ангид “Cambridge Secondary 1 Checkpoint буюу Кембрижийн дунд боловсрол-1 хөтөлбөр” хэрэгжинэ. Энэ хөтөлбөрөөр англи хэл, математик, байгалийн ухаан гэсэн хичээлийг хүүхдүүд судална гэсэн үг. Есдүгээр ангид Cambridge IGCSE буюу Кембрижийн дунд боловсрол-2 хөтөлбөрийн 11 хичээл заахаар бэлтгэлээ хангасан.
Кембрижийн дунд боловсрол-2 хөтөлбөрийн хувьд математик, англи хэлийг бүх хүүхэд судалж, үлдсэн есөн олон улсын хөтөлбөрийн хичээлээс өөрийн хүсэл сонирхол, ирээдүйд эзэмших мэргэжлээ харгалзан тодорхой хичээлүүдийг сонгож судлах боломжтой. Англи хэлээс бусад Кембрижийн хөтөлбөрийн хичээлүүд англи хэлээр заагддаг, хамгийн түгээмэл, өргөн сонголттой хөтөлбөрүүд юм. Есдүгээр ангид орсон хүүхдүүд өөрийн сонгосон кембрижийн олон улсын хөтөлбөрийн хичээлүүдийг хоёр жил судлаад, аравдугаар анги төгсөхдөө кембрижийн олон улсын шалгалт өгч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтын гэрчилгээ авна. 11-12 дугаар ангидаа үргэлжлүүлээд Cambridge International AS & A Level буюу Кембрижийн ахисан түвшний хөтөлбөрөөр хичээллэж, мөн Кембрижийн олон улсын шалгалт өгнө. Ингээд олон улсад нэр хүндтэй, дунд боловсролын хөтөлбөрөөр суралцсан сурагчид маань дунд сургуулиа төгсөөд олон улсын түвшинд өрсөлдөж, хүссэн их, дээд сургууль, коллеждоо элсэн орох боломжтой.

-Тэгвэл ирэх хичээлийн шинэ жилээс бүх багш хичээлээ англи хэлээр заах нь ээ?
-Есдүгээр сарын 1-ээс манай 6-8 дугаар ангид үндэсний хөтөлбөрийн зэрэгцээ байгалийн ухаан, математикийн хичээл англи хэлээр орно. Өөрөөр хэлбэл, чекпойнт математик дөрвөн цаг англи хэл дээр, хими, биологи, физикийн нэгдмэл /чекпойнт байгалийн ухааны/ хичээл зургаан цагаар долоо хоногт тус бүр 6-8 дугаар ангид орж эхэлнэ.
Энэ хичээлийг манай багш нар англи хэлээр, зарим хичээлийг гадаад багш нар заахаар төлөвлөж байна. Есдүгээр ангийн хувьд түрүүн хэлснээр сонголтод тулгуурласан IGCSE төвшний хичээлүүд орно. Ирэх хичээлийн жилээс 1-5 дугаар ангидаа англи хэлийг олон цагаар судална. Энэ нь цаашдаа англи хэлээр олон улсын хөтөлбөрүүдийг амжилттай судлах суурь бэлтгэл болж өгнө. Мөн 2-5 дугаар ангид багш нар нь математикаа англи хэлээр, монгол хэлний хичээлээ зэрэгцүүлээд ороод явах юм. Манай сургуулийг сонирхож байгаа хүүхэд, эцэг эхчүүдэд хандан хэлэхэд, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн нэр хүндтэй хөтөлбөрөөр хичээллэх эрх авсан сургуульд суралцаж, олон улсын түвшний мэдлэг боловсрол эзэмшээд, өндөр түвшний англи хэлтэй болох, ирээдүйд өөрийнхөө суралцах мэргэжлийг сонгож чанартай боловсролыг эзэмших хүсэлтэй хүн бүрт манай сургуулийн хаалга нээлттэй.

-Төлбөрийн хувьд өөрчлөлт гарах уу?
-Кембрижийн олон улсын дунд боловсролын хөтөлбөр нэлээд зардал шаарддаг, тодорхой сургалтын стандартад тулгуурладаг хөтөлбөр. Манай сургуулийн үндсэн зорилго бол дундаж орлоготой, ажлаа хийгээд явж байгаа залуучуудын хүүхдүүдэд боломжийн үнээр чанартай боловсрол олгохыг зорьсон. Тиймээс манай төлбөр уян хатан байна. 1-5 дугаар ангийн сурагчид 2.400.000-2.500.000, харин 6-9 дүгээр ангид хуучин суралцаж байсан сурагчдын хувьд 2.600.000-2.700.000 төгрөг байх бол 6-9 дүгээр ангид шилжин ирж байгаа сурагчдын хувьд 3.600.000-3.700.000 төгрөгийн төлбөртэй. Харин ахлах ангийн хувьд англи хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай, өнгөрсөн жилүүдэд орж байсан сургалтын хуучин хэв маяг үргэлжилнэ. Сургалтын төлбөр нэг сая 750 мянган төгрөг байна. Ахлах ангийн хувьд хуучнаараа гэж байгаа ч 10-11 дүгээр ангид хүүхдүүдийг намар хичээлдээ ороход нь шалгаад математик М1, М2 гэж түвшинд хуваадаг. М1-д нь математикийн шалгалтдаа өндөр оноо авсан хүүхдүүд энэ хичээлээ англи хэл дээр судална.

Мөн дээрээс нь TOEFL, IELTS-д бэлтгэх англи хэлний хичээл нэмж орох юм. Хэдийгээр энэ хүүхдүүд Кембрижийн хөтөлбөрт хамрагдаагүй ч төгсөөд ACT, SAT ч юм уу олон улсын түвшний элсэлтийн шалгалт өгөхдөө математикийн хичээлээ англи дээр чөлөөтэй ойлгоод бодчихдог, TOEFL, IELTS дээрээ өндөр оноо авах боломжийг хангах үүднээс нэмэлт төлбөр авахгүй байхаар тогтсон. Гол нь ахлах ангийн сурагчид маань ЭЕШ болон дээр дурдсан шалгалтуудад сайн бэлтгэж тэнцэх, цаашид үргэлжлүүлэн суралцахдаа давуу талаа ашиглаж, хичээх хэрэгтэй.  
-Хөдөө орон нутгийн хүүхдүүд ирж суралцах боломжтой юу?
-Манай сургууль хичээлийн хоёр байртай. Өнгөрсөн жил хичээлийн байрны өргөтгөл дөрвөн давхар байр ашиглалтад орсон. “Орхон” их сургууль оюутны дотуур байр барьж байгаа. Энэ байранд хөдөө орон нутгаас ирсэн сурагчид маань байрлаж, сурах боломжтой. Нэг үгээр хэлбэл бид бүх сурагчдаа тав тухтай, тохилог аюулгүй орчинд дэлхийд үнэлэгдсэн боловсрол эзэмшүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна даа. Ингээд нийт эцэг эхчүүддээ болон нийт сурагчдадаа тун удахгүй тохиох хичээлийн шинэ жилийн баяраар баяр хөөрөөр дүүрэн уулзахын ерөөлийг тавья.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан