Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төлбөрөө бүрэн төлөөгүй элсэгчдэд их сургуулиудын хаалга хаалттай

Даваа гарагаас эхлэн төрийн өмчийн их сургуулиуд шинээр элсэн орж байгаа болон хуучин оюутнуудаа бүртгэж эхэлсэн. Гэвч бүртгүүлэхээр ирэхдээ заавал сургалтын төлбөрөө зуун хувь төлсөн байх гэсэн шаардлага тавьж буй нь оюутнуудад хүндээр тусах болов. Гэсэн ч шинэ элсэгчдэд тавьж байгаа энэхүү шаардлагын хамгийн ойлгомжгүй хэсэг нь сургалтын төлбөр эцэслэн шийдээгүй мөртлөө оюутнууд хэдэн төгрөг тушаах ёстойгоо мэдэхгүй байгаа юм. Мөн өнөөдөр халааснаасаа гаргаад сургалтын төлбөрөө төлөх чадвартай оюутан тийм ч олон биш болохоор энэ нь нэг ёсондоо тэдний сурах эрхийг нь зөрчиж буй гэлтэй. Ингээд оюутнууд хэдэн төгрөг тушаасан тохиолдолд хичээл сонголтоо хийх боломжтой талаар зарим эх сурвалжаас тодруулав.

ШУТИС-ийн Оюутны хол­боо­ны гишүүнээс энэ талаар лавлахад “Манай сургуулийн хувьд ирэх долоо хоног нь бэлтгэлийнх байх юм. Өөрөөр хэлбэл, оюутнууд төлбөрийн тооцоогоо хийж дуусгаад хичээл сонголтоо хийнэ гэсэн үг. Шинэ элсэгчид 30 кредитийн төлбөр төлсөн байх ёстой. Эхний жилдээ үзэх ёстой хичээлийн дундаж кредит л дээ. Харин илүү хичээл үзвэл дараагийн улиралд нэмж мөнгө төлдөг” гэв. Тус сургуулийн хувьд оюутнуудаа бүртгэж дуусаад энэ сарын 24 гэхэд хичээл сонголтыг нь хийлгэхээр болжээ. Бүртгүүлж буй оюутнууд заавал эмчийн үзлэгт хамрагдсан байх ёстой гэсэн шаардлагатай нүүр тулж байгаа юм билээ.

Харин сургалтын төлбөрийн нэг кредитийн үнэлгээ нь ямар сургууль гэдгээс шалт­­­гаа­­лаад 55125-66250 төг­рөг байгаа юм. Үүнийг дунд­жаар нь 62875 төгрөг гэж тооцоолоход шинэ элсэгч 30 кредитийн төлбөр болох нэг сая 886 мянган төгрөг урьдчилж төлсөн тохиолдолд суралцах эрх нь нээгдэнэ гэсэн үг. Хэрвээ энэ мөнгийг төлж чадахгүйд хүрвэл өөрийн хохь болоод үлдэхээс өөр аргагүй нь.

Харин энэ талаар МУБИС-ийн холбогдох албан тушаалтнаас лавлахад “Төл­бө­­рөө төлсний дараа бүртгэлээ хийлгэх ёстой байдаг. Тэрний дараа хичээл сонголтоо хийнэ. Шинэ элсэгч оюутнууд сургалтын төлбөрөө бүрэн дүүрэн төлсөн байх шаардлагатай. Нэгдүгээр курсийнхний төлбөр нэг сая 950 мянган төгрөг байгаа. Үнэхээр зуун хувь төлбөрөө төлж чадахгүй тохиолдолд өргөдөл бичээд захирал зөвшөөрвөл 50 хувиа төлөөд хичээл сонголтоо хийж болно. Хичээл сонголт энэ сарын 19-нөөс эхэлнэ” гэсэн мэдээллийг бидэнд өгсөн юм. Мөн даваа гарагаас нэг болон хоёрдугаар курсийнхний “0” долоо хоног эхэлж байгаа бол 24-нөөс бүх курсийнхний хичээл нь эхлэх юм билээ.

Тэгвэл МУИС-ийн ху­ваарь авсан элсэгч нар энэ сарын 21 хүртэл 09:00-18:00 цагийн хооронд бүрэлдэхүүн сургуулиудын Сургалтын албанд очиж бүртгүүлэх ёстой болж байна. Энэхүү заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчийг суралцахаас татгалзсан гэж үзэж, суралцах эрхийн бичгийг нь хүчингүйд тооцно гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна. Мөн бүртгүүлсэн оюутнууд англи хэлний түвшин тогтоох тест бөглөх шаардлагатай болох нь. Учир нь, МУИС-д элссэн бүх оюутны эхний улиралд судлах англи хэлний хичээл дундын өмнөх түвшнээс эхэлдэг байна.

АШУҮИС-ийн хувьд элсэгчдээ энэ сарын 22 хүр­тэл өөрийн сургууль дээрээ бүртгэх бөгөөд оюутан бүртэй суралцах гэрээ байгуулс­наар 25-наас хичээлээ эхлүүлэхээр болжээ. Гэхдээ сургалтын төлбөрөө бүрэн төлж бүртгүүлсэн элсэгчдээ л АШУҮИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулах юм билээ. Мөн дурдсан хугацаанд бүртгүүлээгүй элсэгчийн суралцах эрхийг цуцална гэдгээ мэдэгдээд байна. Түүгээр ч барахгүй энэ сарын 26-ны дотор төлбөрөө төлсөн байх шаардлагатай аж.

Бусад сургуулийн хувьд ч гэсэн энэхүү зарчмаар сургалтын төлбөрөө төлөхийг шаардаж байна. Өмнө нь төлбөрөө хэд ч хамаагүй хуваагаад өгч болдог байсан зарчим өөрчлөгдөж энэ жилээс оюутнууддаа төмөр нүүрээ харуулж буй их, дээд сургуулийн удирдлагууд энэ их хэмжээний мөнгийг нэг дор хуримтлуулах гээд улайраад байгаа нь цаанаа учиртай хэмээн эцэг, эхчүүд хардаж эхлээд байна. Хэдхэн хоногийн дараа хичээл эхлэх гэж байгаа учраас оюутнууд мөнгөний эрэлд гарч толгойгоо гашилгаж сууна.

Ямартай ч, сургалтын төлбөрийн нэмэгдлийг есдүгээр сарын 1-нд тулгаж ярилцдаг биш хавар хүүхдүүд сургуульд элсэх үед нь сургалтын төлбөр ямар байх вэ гэдгийг тодорхой байлгах үүрэг даалгаврыг Л.Гантөмөр сайд аль гурван жилийн өмнө төрийн өмчийн сургуулиудад өгч байсан санагдана. Гэвч энэхүү үүрэг даалгаврыг нь төрийн өмчийн сургуулийн удирдлагууд биелүүлж чадахгүй байгаагаас хойш сургалтын төлбөрөө 100 хувь авч байж хичээлд нь бүртгэдэг энэ байдлаас татгалзвал яасан юм бэ.

0 Сэтгэгдэл
Сүртэй ч дээ. Олигтой мэдлэг олгдог биш. Их юмаараа боож дээ.
Хамгийн их уншсан