Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүрэмт хувцасны дуусашгүй маргаан дээд шүүх хүртэл явлаа

Б.ЦЭДЭВСҮРЭН

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг нэгдсэн загварт оруулах ажил 2013 оноос эхлэн хийгдсэн ч хэрүүл маргаан тасраагүй өнөөг хүрлээ. Хэдийгээр энэ ажил хоёр жилийн нүүр үзэж байгаа ч маргаантай асуудал одоо ч байна. БСШУЯ болон ҮХААЯ хариуцаж хийсэн энэ ажлыг анхнаасаа л будлиантай эхэлсэн гэсэн хэл ам дагасан. Учир нь дүрэмт хувцас үйлд­вэрлэх компаниудад тендер зарлаагүй хэмээн оёдлын гэх тодотголтой үйлд­вэрүүд хуваагдаж талцан нэг нэгнийхээ эсрэг хэвлэлд хан­даж байсан. Үүнийг ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга байсан Х.Золжаргал тухайн үед “Ер нь улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа юмуу ажил үйлчилгээ авахдаа тендер зарладаг. Тэгвэл бид улсын төсвийн мөнгөөр ямар ч үйлчилгээ авахгүй байгаа. Монгол улсын хэмжээгээр бид аттестатчилал явуулсан. Энд манай яамнаас гадна Стандартчилал хэмжил зүйн газар, ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн дизайны тэнхим, Нэхмэлийн хүрээлэн, ШӨХТГ-ын мэргэжилтнүүд, Нийслэлийн Мэргэжлийн хяналт, Монголын Сурагчдын холбоо, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв зэрэг байгууллагууд оролцсон. Эдгээр байгууллагууд нь бүх оёдлын үйлдвэрүүдээр явж аттестатчилал хийсэн юм. Ингээд дүнгээ нэгтгээд “Монголын оёдлын нэгдсэн холбоо”-г байгуулж, сурагчийн дүрэмт хувцсыг оёх үйл ажиллагааг зохион байгуулах гэрээ хийсэн.

Нэг үгээр хэлбэл, бид юм оёж болох бүх газрыг хамруулах үүднээс сонгон шалгаруулалт хийгээгүй” хэмээн тайлбарлаж байсан юм.  Зөвхөн оёдлын үйлдвэрүүд гэлтгүй даавуу үйлдвэрлэгчдэд ч төрөөс дэмжлэг үзүүлэхээр дүрэм хувцасны үйлдвэрлэлд чиглэсэн 23 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн төсөл хэрэгжүүлсэн билээ.

Дүрэмт хувцсыг зөвхөн оёход “Монголын оёдлын нэгдсэн холбоо”-ны нэр бүхий долоон компанид  төрийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлж, үйлдвэрлэл эхэлсэн. Харамсалтай нь, хувцас үйлдвэрлэгдэж, борлуулалтад гарсан цагаас эхлэн урд хөршөөс бэлэн хувцас оруулж ирж нийлүүлсэн, чанаргүй материалаар үйлдвэрлэл явуулсан, хэт үнэтэй гэх зэрэг гомдол тасраагүй билээ. Тэгвэл эдгээр гомдлын нэг болох зах зээлийн судалгаагүй, хэт өндөр үнээр дүрэмт хувцас худалдаалсан гомдлыг Улсын дээд шүүхээр хэлэлцэж шийдвэрлэсэн гэнэ. Дээрх гомдлыг “Батзүү” ХХК, “Энхзүр” ХХК, “Их шаглаа” ХХК зэрэг компаниудыг нэгтгэсэн Монголын сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэгч оёдлын үйлдвэрүүдийн холбооноос гаргасан аж. Ингээд уг хэргийн талаар хоёр талаас тодруулсан байр суурийг хүргэж байна.


Ш.Төмөрбаатар: Бидний худалдаалж байгаа иж бүрэн дүрэмт хувцас 58 мянган төгрөг

Монголын Сурагчдын Дүрэмт Хувцас Үйлдвэрлэгч Оёдлын Үйлдвэрүүдийн Холбооны /МСДХҮОҮХ/ тэргүүн

-Дээд шүүхийн шийдвэрээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зарагдаж байсан сурагчийн дүрэмт хувцасны үнэ хэт өндөр гэж гарчээ. Энэ талаар гомдол гаргасан тал ямар байр суурьтай байна?
-ҮХААЯ-наас тендер зарлахгүйгээр сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийг долоон компанид хувааж өгсөн. Тэдгээр компанийн үйлдвэрлэсэн хувцас зах зээлийн судалгаагүй, хэт өндөр үнээр худалдаалагдсан нь шүүхээр тогтоогдлоо. Тэдгээр компанийн заль гэх юм уу, ашиг олж байсан арга нь нэг дүрэмт хувцсыг үндсэн, дагалдах гэж ангилаад тэр бүгдийгээ үнэлж байсан явдал. Ингэхдээ 118-164 мянган төгрөгөөр нэг дүрэмт хувцсыг худалдаалж байсан.

-Сурагчийн дүрэмт хувцасны үнэ хэдэн төгрөг байх ёстой юм бэ?
-Би “Их шаглаа” сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрийн эзэн. Манай холбоонд 2013 он хүртэл 12-18 жилийн турш энэ үйлдвэрлэлээр дагнасан үйлдвэрүүд нэгдсэн. Гэтэл бидний худалдаалж байгаа ахлах ангийн хүүхдийн иж бүрэн дүрэмт хувцас 58 мянган төгрөг болж байна. Дунд, бага ангийнхан үүнээс хямд болно. Нэгдсэн загвартай адил загвар, чанартай гэдгийг энд онцлон хэлэх шаардлагатай байх.

-Шүүхийн шийдвэр яг юу гэж гарсан юм бэ?
-Энэ удаагийн шүүх хурлаар бид дүрэмт хувцасны хэт өндөр үнийг хазаарлаж мөн нийгэмд ноёрхоод байсан давуу эрхийг нь хазаарлаж чадсан гэж ойлгож байгаа. Би шүүхийн шийдвэрээс товчлоод хэлье. Шийдвэрт “...зах зээлд өрсөлдөх зарчим түүний хууль дүрмийг зөрчиж, цөөн компанид давуу эрх олгосон...” гэх буюу “...Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж, Батзүү, Энхзүр, Их шаглаа компаниудын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж БСШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын болон ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалуудыг тус тус хүчингүй болгосугай...” ,“ Хэрэглэгчдийн эрх ашгийг илт зөрчсөн өндөр үнэтэй. Салбарын сайдын 2013 оны тавдугаар сарын 20-ны өдрийн А/179 дүгээр тушаалд хяналт тавьж ажиллаагүй” гэх буюу “...дүрэмт хувцасны үйлдвэрлэлийг дэмжихээр өгсөн 23 тэрбум төгрөгийг ҮХААЯ-наас долоон ААН-д өгсөн бөгөөд 14 тэрбум төгрөг чухам юунд зарцуулагдсан нь тодорхой бус...” гэх мэт олон зүйлээр буруутгасан.


н.Төмөрөө: “Нарантуул” дээр таван контэйнер дүрэмт хувцас оруулж ирсэн гэсэн мэдээлэл авсан

Төслийг хэрэгжүүлж байгаа “Монголын оёдлын нэгдсэн холбоо”-ны гишүүн “Төмөр трейд” компанийн гүйцэтгэх захирлаас зарим зүйлийг тодрууллаа.

-Саяхан дээд шүүхийн шийдвэр гарч “Монголын оёдлын нэгдсэн холбоо” сурагчдын дүрэмт хувцсыг хэт өндөр үнээр худалдаалж байна гэдгийг тогтоосон гэдэг мэдээлэл байна. Үүн дээр тайлбар өгөөч?
-Үндэсний үйлдвэрлэгч, импортлогч хоёроо ялгаж салгамаар байна. Миний хувьд Монголын оёдлын нэгдсэн холбоог төлөөлж ярьж болж байна уу үгүй юу. Бидний хувьд одоогийн үйлдвэрлэлээрээ БНХАУ-тай өрсөлдөнө гэвэл худлаа. Үүнийг хаана ч хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ бид дотооддоо сурагчдын дүрэмт хувцсыг оёж чадна гэдгээ өнгөрсөн гурван жилийн хугацаанд баталсан. Үйлдвэрлэл явуулаад, ажилчдаа цалинжуулаад, олон хүнийг ажлын байраар хангаад бор зүрхээрээ зүтгээд явж байгаа болон Эрээн хотын зээл дээгүүр байгаа чанаргүй материалаар оёсон хувцсыг авч ирээд зарж байгаа хүмүүсийг ялгаж салгах хэрэгтэй. БСШУЯ-наас ажлын хэсэг томилогдон олон газрын мэргэжилтэн судалгаа хийж, хяналт тавьсны үндсэн дээр сурагчийн дүрэмт хувцасны загвар, үнийг хүртэл тогтоож өгсөн. Гэтэл сая шүүхээр Шударга өрсөлдөөний тухай хуулийн нэг заалтыг зөрчсөн гэдгээрээ яам ялагдсан юм билээ. Гомдол гаргасан “Бат зүү” тэргүүтэй компанийнхан бол бэлэн байгаа хувцсыг оруулж ирээд зараад байгаа. Анх “Монголын оёдлын нэгдсэн холбоо”-г байгуулахад “Бат зүү” компанид дүрэмт хувцас оёх санал тавьсан ч тэдний үйлдвэрийг яг үнэндээ хайгаад олоогүй шүү.
Ингээд ярихаар бас нэг асуудал урган гарна. Таван оёдлын машинтай ч хамаагүй үйлдвэрлэл явуулах эрх тэдэнд байгаа. Гэтэл энэ төсөл маань өөрөө Монголд үйлдвэрлэсэн даавуугаар анх удаа сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх байсан учраас нэр нь гараад байгаа долоон тэргүүлэх үйлдвэрт энэ ажлыг өгсөн юм. Үйлдвэрлэл болоод төсөл явдгаараа явж байна. Гэтэл дунд нь иймэрхүү хүмүүс гомдол гаргаад байгаа.

-Нөгөө талын хувьд нэгдсэн загвараар чанартай хувцас үйлдвэрлэж чадна. Ингэхдээ хямд үнээр худалдаанд гаргана гээд байгаа?
-Та өөрөө “Дүнжингарав” худалдааны төв дээр очоод үз. “Бат зүү” болон “Төмөрт трейд” хоёр компанийн оёсон дүрэмт хувцас зэрэгцээд байж байгаа. Ялгааг нь хараарай. Чанар, загвар нь адилхан байна уу.  “Бат зүү” компани чинь өөрөө урд хөршид дүрэмт хувцас оёулахдаа яг одоогийн нэгдсэн загвараар оёулаад ирж чадахгүй байгаа л газар. “Нарантуул” дээр дүүрэмт хувцсыг таван контэйнерээр оруулж ирсэн гэсэн мэдээлэл хүртэл бид аваад байна.

-Тэгвэл төслөөр шалгарсан долоон аж ахуйн нэгж хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа гэсэн үг үү?
-Төсөл явж байгаа.

-23 тэрбум төгрөгийн тусламж анх та бүхэнд өгсөн. Тэр зээлээ хэдэн хувьтай төлж байна вэ?
-Хоёр аж ахуйн нэгж бол зээлээ бүрэн төлөөд дууссан. Манай компани болон Дархан-Уул аймагт байгаа “Шүтэн уул” компани хоёр төлбөрөө төлж дууссан. Зээлийн ихэнхи нь даавуу үйлдвэрлэлд чиглэж өгсөн. Ер нь зуун хувь Монголд үйлдвэрлэсэн даавуугаар үйлдвэрлэлээ явуулахаар ярьсан ч БНСУ-д үйлдвэрлэсэн даавуу ч орж ирсэн тал бий. Энэ бол тусдаа асуудал.

-Одоо ч гэсэн БНСУ-д үйлдвэрлэсэн даавуугаар үйлдвэрлэлээ явуулж байгаа гэсэн үг үү?
-Үгүй ээ. Төслийн талаар хүмүүс ингээд буруу ойлголттой яваад байгаа юм. Монголд даавуу үйлдвэрлэлийн дөрвөн компани ажиллаж, монгол ноосоор үйлдвэрлэл явуулж бүтээгдэхүүнээ гаргаж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан