А.ЦАГААН
Жил бүрийн өдийд цэцэрлэгийн хүрэлцээний асуудал эцэг, эхчүүдийн толгойны өвчин болдог гэхэд хилсдэхгүй. Харьяаллынх хэрнээ хүүхдээ цэцэрлэгт хамруулж чаддаггүй учир цэцэрлэгийн албан ёсны бүртгэл эхлэхээс өмнө эцэг, эхчүүд өөрсдөө бүртгэл явуулж хэд хоногийн өмнөөс хонон өнжин дугаарлаж зогсдог болсоор хэдэн жилийг үзэж байна. Энэ сарын 24-нөөс албан ёсны бүртгэл эхлэх ёстой ч зарим цэцэрлэгийн гадаа эцэг, эхчүүд хонон, өнжиж дугаарлаж эхэлжээ. Баянзүрх дүүргийн зарим цэцэрлэгийн гадаа арав хоногийн өмнөөс сайн дураараа дугаарлаж бусдыгаа зохицуулж буй эцэг, эхчүүд ч байна. Өглөө, оройдоо бүртгэл явуулаад ирээгүй хүмүүсээ хасч байгаа талаар зарим эх сурвалж ярьж байлаа. Тэдний дунд өнгөрсөн жил арав гаруй хоног дугаарлаж зогсоод хүүхдээ оруулж чадаагүй нэгэн ч байв. Ийнхүү намрын халуун наранд өдөр, шөнөгүй дугаарлан зогсдог эцэг, эхчүүдийн зовлон аль хэдийнээс эхэлчихэж. Хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадахгүй бол гэр бүлийн хэн нэгэн нь ажил хийлгүй хүүхдээ харахаас өөр аргагүй болдог учир хүүхдээ л оруулж байвал хэд хоног гадаа хонох юу ч биш гэж байлаа. Арын хаалгаар хүүхдүүдээ бүртгээд миний хүүхдийг үлдээчих вий гэсэн дээ ийнхүү дугаарлан зогсч байгаа талаараа ч учирлан ярьж байв.
Манай улсад цэцэрлэгийн насны 247 мянга гаруй хүүхэд бий гэсэн тооцоо байдаг. Тэдний 88 хувь энэ жил цэцэрлэгт хамрагдах боломжтой талаар албаны хүмүүс нь мэдээлэл өгч байна. Мөн БСШУЯ-ны Сургуулийн өмнөх бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулгын ярьснаар энэ хичээлийн жилд цэцэрлэгийн 59 барилга барьж байгаагийн 46 нь ашиглалтад орох юм байна. Гэхдээ 20 нь ирэх сарын 1-нээс өмнө ашиглалтад орж хүүхдүүдээ хүлээн авах аж. Ингэснээр шинээр 6-7 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болно. Өнгөрсөн жилийн хувьд нийслэлийн төрийн өмчийн 180, төрийн бус өмчийн 314 цэцэрлэгт 81483 хүүхэд хамрагдсан гэсэн судалгаа бий.
Үүнээс 60901 буюу 75.4 хувь нь төрийн өмчийн, 19886 буюу 24.6 хувь нь төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдсан дүн гарсан билээ. Өнгөрсөн жилийн үзүүлэлтээс даруй арав гаруй хувиар нэмэгдэж буй нь сайшаалтай ч 22 хороо цэцэрлэггүй байгаа нь эцэг, эхчүүдийг зовоосоор. Энэхүү асуудалтайгаар холбоотойгоор Нийслэлийн боловсролын газраас төрийн өмчийн цэцэрлэгт хүүхэд элсүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулах талаар дүүргүүдийн боловсролын хэлтсүүдэд болон эцэг, эхчүүдэд, цэцэрлэгийн эрхлэгч нарт хандсан зөвлөмж гаргажээ. Зөвлөмжид “Нийгмийн зайлшгүй эрэлт хэрэгцээнээс үүдэн төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтрүүлэн ажиллаж байгаа тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжгүй” байгаа тухай дурдсан байна.
Түүнчлэн өнөөгийн нөхцөл байдал, цэцэрлэгийн үйл ажиллагааны онцлог, эрэлт хэрэгцээнээс үүдэлтэйгээр нэг бүлэгт 40 хүүхэд бүртгэх, элсэлтийн бүртгэлтэй холбоотойгоор ямар нэгэн хураамж, хандив, тусламж авахыг хоригложээ.
Эцэг, эхчүүдийг зүй бус үг үйлдэл гаргахгүй байхыг анхаарууллаа
Жил бүрийн татаас нэмэгдэж байгаа талаар эцэг, эхчүүд гомдоллодог. Харьяа цэцэрлэгтээ оруулж чадахгүй байгаа талаар ч ярьдаг. Тэгвэл Нийслэлийн боловсролын газраас эцэг, эхчүүдэд зориулж гаргасан зөвлөмждөө “Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх, хүүхдээ цэцэрлэгт элссэний дараа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах, хичээлийн хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэлтэй холбоотой зардлыг хариуцах, цэцэрлэгийн үйл ажиллагаа, дүрэм, журам, заавар, гурвалсан гэрээний заалтыг биелүүлэх, хүүхдийн хувийн онцлог, хөгжлийн талаарх мэдээллийг цэцэрлэг, багшид өгөх, хүүхэд сурч хүмүүжих, хөгжих сургалтын таатай орчин бүрдүүлэхэд туслахыг анхааруулжээ. Хүүхдээ бүртгүүлэхдээ байгууллага болон бусад үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулахгүй, хүндэтгэлтэй хандахыг сануулаад төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гаргасан өргөдөл, гомдол нь үнэн зөв, тодорхой нэр хаягтай байхын дээр бусдын нэр хүндэд халдах гутаан доромжлох, буруу ташаа болон худал мэдээллээр олон нийтийг хутган үймүүлэх, зүй бус үг, үйлдэл гаргахгүй байхад анхаарахыг зөвлөлөө.