Аливаа улсын Засгийн газар хэрхэн тогтвортой болоод зөв бодлого явуулж байгаагаас тухай улс орны эдийн засгийн болон аж үйлдвэр, дэд бүтцийн хөгжил ихээхэн шалтгаалдаг. Тогтвортой бодлого гэсэн үгийн цаана олон зүйл бий гэж төрийн тэргүүнүүд, эрх баригчид тайлбарлах нь ч бий. Засгийн газрын бодлого нь ямар ч үед өөрчлөгддөггүй улс орны эдийн засаг өсөлтөөрөө тэргүүлдэг.
Сонгуульд аль ч нам, улс төрийн хүчин ялж, парламентад олонхи болсон өмнөх Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлдэг жишиг олон улс оронд гол зарчим нь болсоор ирсэн. Дэлхийн улс орнуудаас хамгийн тогтвортой бодлого явуулдаг нь Японы Засгийн газар. Мөн АНУ, ХБНГУ, БНХАУ, ОХУ зэрэг их гүрэн тогтвортой бодлоготой байхыг эрхэмлэдэг. Тэд хэзээ ч Засгийн газрын бодлогоо улстөржүүлдэггүй.
Япон улсад сүүлийн таван жилийн хугацаанд 10 хуруунд тоологдохоор олон удаа Засгийн газар солигдож, сайд нараа толгой дарааллан сэлгэсэн. Гэхдээ үүнийг дагаад төрийн алба цалгардах, өмнө нь явуулж байсан бодлого, ажлууд өөрчлөгдөн, гүйцэтгэх засаглалд хэн хэн багтаж буй иргэд нь ч санаа зовох шаардлага үгүй. Шинэ томилогдсон сайд ажлаа хүлээж авсны дараа үүрэгт ажлаа хийж чадахгүй бол дараагийн хүн, түүний дараагийн нэгэнд ажлаа хүлээлгэж өгч сурсан улс төрийн соёл төлөвшсөн. Тэр хэмжээгээр эдийн засаг хэн сайд байхаас үл хамаарч өсч, уруудаж хэлбэлздэггүй. Барууны хэвлэлүүд Япон улсын энэ жишгийг магтан бичиж байсан удаатай. Өөрийн алдааг хүлээн зөвшөөрч, сайн дураараа сайдын суудлаасаа огцордог хариуцлагын зөв жишиг мөн л Япон улсад бий. Эсрэгээр Ойрхи Дорнодод сайд нар тамга тэмдэг авч зугтааж байсан тохиолдол Арабын хувьсгалын дараа хэд хэдэн удаа гарсан. Дэлхийн II дайнаас хойш Засгийн газрын хамгийн тогтвортой бодлого явуулж буй улс орон гэж ХБНГУ-ын Канцлер 2012 онд Швейцарийн Цюрих хотноо болсон олон улсын хурал дээр онцлон дурдаж байсан.
Засгийн газрын хамгийн тогтвортой бодлого явуулж байгаа орон бол Япон, ХБНГУ гэж ажиглагчид үздэг. Харин Их Британи, Испани, Итали зэрэг улсын Засгийн газрыг бодлого өөрчлөгдөх магадлалтай орны тоонд багтдаг байна. Засгийн газрын тогтвортой бодлогыг Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг томоохон санхүүгийн байгууллагууд хүртэл дэмжиж зээл олгосоор ирсэн.
Харин Засгийн газрын тогтвортой бодлого явуулж чадахгүй байсаар дампуурсан улс орны жагсаалтыг Грек тэргүүлж байна. Сүүлийн зургаан жилийн дотор ОУВС, Европын төв банк, Европын холбооноос маш их хэмжээний зээл авсан ч Засгийн газрын бодлого буруу бол сэргэлт авч чадахгүй байсаар дампуурсан. Ахмадууд нь тэтгэвэрээ авч чадахгүй, бэлэн мөнгөний хомсдолд орсон, банкууд нь хаалгаа барьсан, сайд нар хоороондоо тэмцэлдсэн он жилүүдийг Грек улс өнгрүүллээ. Зүүний бодлого баримталдаг Сириза нам парламентад олонхи болоод өр зээлийг эргэн төлөхгүй гэсэн хатуу байр суурь баримталсан боловч тэдэнд өрөө төлөхөөс өөр сонголт байгаагүй. Засгийн газрын тогтворгүй бодлогын улмаас эдийн засгийн хүнд байдалд орсон Грек улс Европын холбооноос гарах дээрээ тулаад буй. Гэвч парламент нь Засгийн газрын алдаатай бодлого ямар үр дүнд хүргэдгийг сануулаад шинээр авсан зээлийг хэрхэн үр ашигтай зарцуулж, эдийн засгийн багахан ч болов сэргэлт авч ирэх төлөвлөгөө боловсруулж танилцуулах ёстой хэмээн багагүй маргалдсан. Дэлхийн банк, Олон улсын валютын сан Грекийг Европын холбооноос гаргахгүй гэсэн бодлого баримталж, зээл олгож байсан талаар эх сурвалжууд хэлдэг.
БНХАУ-ын хувьд Засгийн газрын бодлого намын таван жилийн төлөвлөгөөнд нийцсэн, эрх баригчдаас өгсөн үүрэг даалгаварыг хэрэгжүүлдэг гэхэд нэг их буруудахгүй. Таван жилээр улсын төсөв, хөгжлийн бодлогыг гаргадаг өмнөд хөршийн Засгийн газар “Намын бодлого хэрэгжүүлэгч” гэсэн тодотголтой гэж барууны хэвлэлүүд онцолдог. Засгийн газрынх нь үндсэн бодлого боловсрол, эдийн засгийн зөв хуваарилалт, гадаад харилцаа, ашигт малтмал, эрчим хүч зэрэгт төвлөрдөг. Харин бусад салбар хөгжих нь нэгэнт тодорхой төдийгүй Засгийн газрын тогтвортой бодлого хэдэн жилийн өмнө үүний үндэс суурийг тавьсан байна.
Зээлээр хөгжихгүй гэсэн бодлоготой Латин Америкийн орнууд ч Засгийн газрын бодлогоо урт хугацаагаар боловсруулдаг аж. Гэхдээ Латин Америкийн холбоо дотор хоорондоо нягт хамтран ажилладаг байдал нь бусдадаа туслах үүд хаалгыг нээдэг талаар зарим ажиглагч тайлбарладаг. Дэлхийн улс орнуудаас хамгийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа Засгийн газар бол Энэтхэгийнх гэж НҮБ үзэж байгаа. Иймээс Засгийн газрын тогтвортой бодлого хамгаас чухал нь гэдгийг эдийн засаг, улсын хөгжлөөрөө тэргүүлж буй орнуудын жишээ бэлээхэн харуулж байна.