Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид хэдхэн хоногийн дараа Казахстаны Астана хотыг зорих гэж байна. Насанд хүрэгчдийн 2015 оны дэлхийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд 129 орны эрэгтэй 491, эмэгтэй 327 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна. Тэгвэл “Астана-2015” жүдо бөхийн ДАШТ-ий эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинг дэлхийн аварга гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар тэргүүлэх бол эмэгтэй 48 кг-ын жинг мөн дэлхийн аварга, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг тэргүүлэн барилдахаар болсон байна. Энэ удаад М.Уранцэцэгийн жинд 35 орны 45 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлжээ. Тэмцээн уламжлал ёсоор топ наймд эрэмбэлэгдсэн тамирчид хэсэг толгойлдог бөгөөд А хэсгийг манай гавьяат тамирчин М.Уранцэцэг тэргүүлэн барилдах нь. Тэгвэл өнгөрсөн оны дэлхийн аварга Ами Кондо D хэсгийг тэргүүлэх нь тодорхой болоод байгаа. Энэ жинд манай улсаас 17 настай Бишрэлтийн Хорлоодой хүч үзэх бол ОУХМ Галбадрахын Отгонцэцэг Казахстаны нэрийн өмнөөс анхны тэмцээндээ хүч үзнэ.