Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургалтын төлбөрийг бууруулахгүй бол оюутнууд хичээл хаях нь

-Их, дээд сургуулиудын сургалтын төлбөр ирэх долоо хоногт эцсийн байдлаар шийдэгдэнэ-

А.ЦАГААН


Хичээлийн шинэ жил эхлэ­хэд үндсэндээ хоёр до­лоо хоног үлдээд байна. Энэ цаг үетэй зэрэгцээд их, дээд сургуулиудын хэт өн­дөр төлбөр нь эцэг эх, оюут­нуу­дын хувьд том дарамт бол­чи­хоод буй. Хэдийгээр их, дээд сургуулийн сургалтын төл­бөрийг инф­ляцтай уял­дуулж нэмдэг уламж­лалтай ч энэ жил ерөнхий боловсролын сур­гуулийг 19 мянган хүүхэд төгсч гарсан нь ч нөлөөлсөн гэх. Элсэгч нарын тоо цөөр­сөн­тэй холбогдуулж их, дээд сургуулийн удирдлагууд зард­лаа нөхөхийн тулд сургалтын төлбөрөө нэмж байгаа гэж хар­дах эцэг, эх ч цөөнгүй бай­на. Түүгээр ч барахгүй багш на­рын цалин, халаалтын төл­бөр нэмэгдсэн гээд сур­гал­тын төлбөрөө нэмдэг гажиг тог­толцоог шүүмжлэх хүн олон байсныг нуух юун. Улсаас өгдөг татаас нь урсгал зардалд зар­цуулагдаад дуусдаг учир сургалтын орчин, анги тан­химаа сайжруулахын тулд сургалтын төлбөрөө нэмэ­хээс өөр аргагүйд хүрдэг хэ­мээн сургуулийн удирд­ла­гууд учирлаж байна. Энэ ч жиш­гээрээ төрийн өм­чийн их сургуулиуд сургалтын төлбө­рөө нэмсэн гэж тайлбар өгч буй ч бодит амьдралд ний­цэхээргүй өндөр үнэтэй байна гэж оюутнууд гомдоллов.


Энэ жилийн хувьд МУИС 2-4 дүгээр курст суралцах оюутнуудынхаа төлбөрийг инфляцтай уялдуулан 12 хувь нэмсэн гэж байгаа бол шинээр элсэгчдийнхээ сургалтын төлбөрийг 30-40 хувь хүртэл нэмжээ. МУБИС-ийн хувьд төлбөрөө 10-12 хувиар нэмсэн байна. Мөн ШУТИС-ийн нэг кредит цагийн төлбөр нь дунджаар 18 хувиар нэмэгдсэн байгаа юм. ХААИС-ийн нэгдүгээр курсийн оюутнуудын төлбөр 25 орчим хувь болтлоо нэмэгдсэн талаар оюутнууд нь ярьж байна. Харин энэ жилийн хувьд хамгийн өндөр төлбөртэй сургууль нь АШУҮИС гэж нэрлэгдээд байсан ч нэгдүгээр курст элсэн суралцах оюутнуудын төлбөрийг 25 хувиар нэмсэн гэх мэдээллийг албаны хүн нь өгч байна.

Гэхдээ сургалтын төлбөр нэмэгддэг үзэгдэл нь зөвхөн энэ жил ч гарч буй зүйл биш. Жилийн жилд л нэмэгддэг. Харамсалтай нь, инфляцаа дагаад иргэдийн цалин хөлс нэмэгддэг байсан бол өнөөдөр асуудал ингэж өндрөө авахгүй л байсан болов уу. Ямартай ч жил бүр нэмэгддэг төлбөр цаашид ч илүү ихээр нэмэгдсээр байх нь тодорхой учир бодлого боловсруулагчид нэгийг бодохгүй бол горьгүй нь. Харин их сургуулийн удирдлагууд сургалтын төлбөр нэмэгдсэн талаар ямар байр суурьтай байгааг сонирхлоо.


Р.Бат-Эрдэнэ: Илүү ихээр нэмэх үндэслэл байсан

/МУИС-ийн захирал, доктор/

-Шинэ элсэгчдийнхээ төлбөрийг нэлээд нэмсэн. Өнгөрсөн жил нэг багц цагийн төлбөрийн хэмжээ 57 мянган төгрөг байсан. Энэ жил 74 мянга болгосон. Харин Бизнесийн сургуулийн нэг багц цагийн төлбөр 96 мянга, Олон улсын харилцааны сургуулийнх 91 мянга болсон. Үүнээс ч илүү их хэмжээгээр нэмэгдэх үндэслэл байсан ч Удирдах зөвлөлийн гишүүд олон талаас нь хэлэлцээд дээрх үнэ дээр тохирсон. Мөн хувийн цэцэрлэг, сургуулиас ч бага төлбөртэй МУИС гэж байх нь хэр зохимжтой талаар ярилцаад хамгийн сайн хүмүүсийг энэ сургуульд ажиллах сайхан нөхцөл бүрдүүл гэж шаардлага тавьсан байгаа. Тиймээс сургалтын төлбөрөө нэмсэн. Энэ жил их, дээд сургуульд элсэх элсэгчдийн тоо буурсан нь ч нөлөөллөө.  Гэхдээ энэ нь энэ жилийн л асуудал шүү дээ. Ирэх жилээс оюутнуудын тоо өснө. Элсэлтийн дүн мэдээнээс харахад зарим бүрэлдэхүүн сургуульд цөөн оюутан элссэн байна. Байгалийн ухааны чиглэлээр гэхэд бидний төлөвлөснөөс ч цөөн хүүхэд элссэн учир нөхөн элсэлт хүртэл зарласан байгаа.


Ч.Буянбаатар: Өндөр хувиар нэмээгүй

/МУБИС-ийн захирал/

-Жил бүр инфляцын төвшинтэй уялдуулж багш, ажилчдынхаа цалин хөлсийг нэмэх шаардлага тулгардаг учир оюутнуудын сургалтын төлбөрт өөрчлөлт ордог байгаа. Манай сургуулийн хувьд тийм айхтар өндөр хувиар нэмсэн зүйл байхгүй. Кредитийн төлбөр 55-60 мянга орчим байгаа. Тэгэхээр нэг оюутны сургалтын төлбөр сая 900 мянга орчим болно.


Г.Батбаатар: Сургалтын төлбөр 6-25 хувь нэмэгдсэн

/АШУҮИС-ийн захирал/

-Манай сургуулийн сургалтын төлбөр 6-25 хувь нэмэгдсэн. Энэ жилийн хувьд элсэлт харьцангуй цөөхөн байна. Тийм ч учраас Сувилахуйн сургуулийнхаа зарим ангийн төлбөрийг бараг нэмээгүй. Инфляцыг албан ёсоор 11,9 хувь гээд зарлачихсан шүү дээ.  Манай сургуулийн сургалтын төлбөрийг нийтэд нь 25 хувиар нэмсэн юм шиг ойлгоод байна. Тийм биш шүү. Зөвхөн нэгдүгээр курсийн оюутнуудын төлбөрийг л 25 хувиар нэмсэн. Ингэж нэмэх болсон нь учиртай. Манай сургууль хөтөлбөрийн шинэчлэл хийсэн. Ухаалаг сонголт хийхэд чиглэгдсэн хөтөлбөр юм л даа. Мөн дэлхий нийтээр анагаахын чиглэлийн сургуульд хэрэглэгддэг хөтөлбөр гэж ойлгож болно.  Эхний хоёр жилдээ амжилттай суралцсан оюутнууд хүссэн ангиа авах боломжтой.  Өөрөөр хэлбэл, хоёр жилийн дараа нүдний, шүдний эмч, эмзүйч гэдэг нь юу юм бэ гэдгийг мэдсэний дараа мэргэжлээ сонгох юм. Ийм давуу талтай.  Нэг, хоёрдугаар курстээ хэдэн кредит үзэж байна вэ гэдгийг нь анги харгалзахгүйгээр төлбөрийг нь адилхан тогтоосон.


Х.Энхжаргал: 40 гаруй хувиар нэмсэн бол бодит байдалд ойртох байлаа

/ШУТИС-ийн Боловсрол эрхэлсэн проектор/

-Сургалтын төлбөрөө хоёр үе шаттайгаар нэмсэн. Манай сургуульд сургалтын хөтөлбөрийн шинэчлэл явагдаж байгаа. Сургалтын орчин, лабораторын бааз, дадлагыг сайжруулах зорилгоор сургалтын төлбөрөө тодорхой хувиар нэмэгдүүлэхээс өөр аргагүй байсан. 40 гаруй хувиар нэмсэн бол бодит байдалд ойртох байсан л даа. Гэхдээ манай Удирдах зөвлөлийнхөн нэгдүгээр курсийнхний сургалтын төлбөрийг 25 хувиар, хоёр, гурав, дөрөв, тавдугаар курсийнхнийг 10 гаруй хувиар нэмэгдүүлсэн. Энэ нь инфляцын хэмжээгээр нэмэгдсэн гэсэн үг. Тэгэхээр энэ нь их боломжийн гэж үзэж байгаа. Сургалтын орчныг сургалтын шинэ хөтөлбөрөөр лекцийнхээ цагийг багасгаад семинар, лаборатор, дадлагын цагийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн.


Э.Батжаргал: Оюутнуудтайгаа хамтарч дуу хоолойгоо хүргэнэ

Энэ асуудалд МОХ ямар байр суурьтай байгааг тодруулахаар тус холбооны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргалтай холбогдлоо.

-Сургалтын төлбөрийг хэт өндрөөр нэмсэнд дургүйцэх хүн олон байна. Ингэхэд сургалтын төлбөрөө нэмэхгүй байх боломж сургуулиудад бий юу?
-Их, дээд сургуулиуд өөрсдөө танаж болох төсвөө хасах ёстой юм болов уу. Яагаад захиргааныхаа зардлыг танаж болохгүй гэж.  Том том жийп машин унахаа болиод зардлаа эргээд нэг харах хэрэгтэй шүү дээ. Хамгийн амар хялбараар мөнгө олох арга нь сургалтын төлбөрөө нэмэх болчихоод байна.

-Энэ тал дээр танай холбооноос ямар арга хэмжээ авч байна вэ. Оюутнууд эсэргүүцэл үзүүлж хичээл хаяна, жагсаал зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл бий?
-Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө сургуулиудын Удирдах зөвлөлийнхнийг дахин хуралдаж үүсээд байгаа асуудлыг нааштайгаар шийдэх байх гэж найдаж сууна. Мөн төлбөрийн асуудлаа эргэж харахдаа эцэг, эхчүүд болоод оюутан залуусынхаа санал бодлыг тусгах нь зүйтэй. Хэрвээ асуудал санаснаар шийдэгдэхгүй бол манай МОХ оюутан залуустайгаа нэгдэн нийлж дуу хоолойгоо илэрхийлэх болно.  Оюутнуудын хувьд ч гэсэн өөрсдийн эрх ашгаа хамгаалж дуу хоолойгоо хүргэх ёстой.  Сургуулийн удирдлагууд ч оюутнуудынхаа дуу хоолойг сонсох хэрэгтэй. Хэрэглэгчийг сонсохгүйгээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ тулгавал тухайн байгууллага цаашид оршин тогтноход хэцүү болно шүү дээ. Үүссэн нөхцөл байдлыг эерэгээр шийдэж чадахгүй бол оюутнууд тухайн сургууль, сургууль дээрээ хичээл хаялтыг зохион байгуулахыг үгүйсгэх аргагүй юм. Өнөөдөр /өчигдөр/ ч гэсэн их сургуулиудын оюутнууд ирж уулзсан. Бидний зүгээс сургуулиуд руу албан тоот явуулж байна. Одоогоор албан ёсоор хариу өгсөн нэг ч сургууль байхгүй. 

 -Ингэхэд их, дээд сургуулиудын Удирдах зөвлөлөөрөө шийдэж гаргасан сургалтын төлбөрийг эцсийн дүн гэж ойлгож болох уу?
-Зарим нь ч эцсийн байдлаар тогтоосон үнэ гээд байгаа юм. Зарим сургуулийн Удирдах зөвлөл удахгүй хуралдаад шийдэх байх. Ирэх долоо хоногт манай холбоо оюутнуудтай хамтарч хэвлэлийн бага хурал зарласан. Тэр үед бүх зүйл шийдэгдсэн байх болов уу.
Ямартай ч их, дээд сургуулиудын тогтоосон жишиг үнэ ирэх долоо хоногт эцсийнхээрээ шийдэгдэх юм байна. Харамсалтай нь, эзэмшсэн боловсрол нь нийгэмд гараад ирэхээр гологддог нь нууц биш. Гэвч их, дээд сургуульд суралцахаа больё гэхэд л ямар ч ажлын байранд дээд боловсрол эзэмшсэн байх ёстой гэдэг шалгуур тавьдаг болохоор хэн хүнгүй л хүүхдээ дээд боловсролтой болгохыг хүсдгийг буруутгах аргагүй юм. Тэгэхээр энэ сэтгэхүй дээр нь тоглоод байгаа цөөн тооны хүмүүс гаргаж буй шийдвэрээ эргээд нэг хараасай билээ.

0 Сэтгэгдэл
surch giiguuldeg bish bolino l biz
хая хая үнэгүй сурахгүй юу
Хамгийн их уншсан