Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Босоод ирэхэд нь түлхэж унагах санаа байхгүй байлгүй дээ


-Сагсчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадах уу-

Б.ЦЭДЭВСҮРЭН

Монгол хүний зан чанарын онцлогоос хамаарч багийн спорт хөгжих боломжгүй гэх яриагаар нэг хэсэг багийн спортоо өмөөрч суудаг байсан ч сагсан бөмбөгчид маань олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцсоор энэ үг мартагдсан. Гэсэн ч хөгжлийнхөө замд ороод 50 гаруй жилийн нүүрийг үзэж, гаргасан амжилтаараа үзэгч олноо баясгаж байгаа сагсчид маань өдийг хүртэл тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадаагүй л байна. Үндэсний шигшээ багийн одоогийн хамгийн том зорилт бол мэдээж Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөө жил БНХАУ-ын Чанша хотод ирэх сард зохион байгуулагдахаар товлогдоод байна. Гэтэл түүхэн амжилтуудыг гаргаж байгаа сагчид маань өнөө жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эсэх нь өдий хүртэл тодорхойгүй байсаар.

Энэ жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээний сугалаа зарлагдсан. Уг сугалаагаар тэмцээний дөрвөн хэсэгт нийт 16 баг тоглоно. А хэсэгт Иран, Япон, Малайз, Өмнөд Азиас шалгарсан баг тоглох бол Б хэсэгт Филиппин, Палестин, Кувейт, Зүүн Азиас шалгарсан баг, С хэсэгт БНСУ, Иордан, Сингапур, БНХАУ-ын баг, Д хэсэгт Тайвань, Ливан, Катар, Казахстаны баг тоглох юм. Гэвч Зүүн Азийн АШТ-ийг зохион явуулах ёстой байсан Японы сагсан бөмбөгийн холбоо тэмцээн зохиох болон оролцох эрхээ хасуулсан учраас энэ жилийн Өмнөд Ази болон Зүүн Азиас аварга шалгаруулах тэмцээнд оролцох багийн сонгон шалгаруулах тэмцээн болоогүй юм. Тиймээс ААШТ-д одоогоор багтаагүй багуудаас чансаа хамгийн өндөртэй болох Хонконг, Монголын багыг хооронд нь тоглуулж ялсан баг нь тэмцээний Б хэсэгт багтан өрсөлдөх боломжтой гэдгийг тамирчид болон дасгалжуулагчид олон нийтэд мэдээлснээр даруй гурван сарын хугацаа өнгөрөөд байна. Гэтэл Азийн аварга шалгаруулах тэмцээн болоход 20 хүрэхгүй хоног үлдээд байхад манай багийнхан тус тэмцээнд оролцох эсэх нь тодорхойгүй байсаар.

Гурван жилийн өмнө сагсан бөмбөгийн нэг л холбоо байсан нь Монголын сагсан бөмбөгийн холбоо. Уг байгууллага сагсан бөмбөгийн бүхий л асуудлыг эрхэлж, олон улсын байгууллагуудад бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг. Гэвч гурван жилийн өмнөөс Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо байгуулагдаж дээд лигийг зохион байгуулах болсон нь хоёр холбооны хооронд үл ойлголцол үүсгэсэн юм. Хэдийгээр салбар яамнаас уг асуудлыг авч хэлэлцэж байсан ч маргааныг шийдвэрлэж чадаагүй. Тиймээс сагсчид маань хадны дунд хавчуулагдсан халиуны зулзага аятай явсаар л байна.

Энэ удаагийн Азийн аварга шалгаруулах наадамд оролцох мэдүүлгийг Монголын сагсан бөмбөгийн холбооноос явуулах ёстой. ФИБА-гийн гишүүн учраас бид албан ёсны холбоо нь хэмээн нэг хэсэг цээжээ дэлдсэн холбоо нь ор сураггүй байгаа талаар тамирчид ярьж гомдоллож байгаа юм. Үнэн хэрэгтээ өдийд шигшээ багийнхнаа бэлтгэлд гаргачихаад багийн мэдүүлгээ хөөцөлдөөд явж байх учиртайсан. Гэтэл “Өнгөрсөн зун болсон Азийн наадмын эхний тоглолтод манай эрэгтэй шигшээ багт хожигдсон Хонконгийн баг манай багтай тоглохгүй гээд байгаа” гэсэн учир битүүлэг, жижиг шалтгийг МСБХ-ныхон тамирчдын дунд тараагаад байгаа гэх. Энэ талаар тус холбооны удирдлагуудаас лавлах гэтэл дорвитой хариулт өгсөнгүй.

Харин МҮСБХ зүгээс тамирчдаа сайн дураараа цуглуулан бэлтгэл хийлгэж байгаа бөгөөд эрчүүдийн шигшээ багаас гадна Азийн наадмын шилдэг наймд шалгарсан эмэгтэй шигшээ багт ч энэ сарын 29-нд БНХАУ-ын Ухань хотноо эхлэх Азийн аваргад оролцох бүрэн дүүрэн боломж байгаа гэдгийг хэлж сууна. Хэрэв уг наадамд оролцож амжилт гаргавал 2019 оны Дэлхийн аваргад ч оролцох боломж байгаа гэдгийг дуулгасан. Учир нь, 2019 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг энэхүү Азийн аваргаас олгоно. Бүр ч таатай боломж байгаа нь 2019 онд Хятад улс Дэлхийн аваргыг зохион байгуулах болсон нь, зохион байгуулагч Ази тивийн давуу тал болж олон баг оролцуулна. Иймээс энэ удаагийн Азийн аварга шалгаруулах наадамд тавдугаар байр хүртэл амжилт үзүүлэхэд 2019 онд Дэлхийн аваргад эрэгтэй, эмэгтэй шигшээ бүтэн багаараа өрсөлдөх боломж бий. Тиймээс энэ удаагийн Азийн аваргын тэмцээнийг алдаж боломгүй юм.

Энэ маргаантай асуудлыг ФИБА-д өргөн мэдүүлэх юм бол дотооддоо асуудлаа шийд гэсэн хариуг өгнө эсвэл маргаантай асуудлаа шийдвэрлэтэл олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь ч хасах шийтгэл ногдуулж магадгүй аж. Тийм учраас уг асуудлаа дотооддоо шийдвэрлэх нь манай сагсан бөмбөгийн хөгжилд сайн нөлөө үзүүлэх талтай. Тиймээс салбар яамнаас дорвитой арга хэмжээ авч асуудал шийдэг­дэх мөчийг сагсчид, дасгал­жуулагчид болон сагсан бөм­бөг сонирхогчид хүлээж сууна.

Мөн манай улсад Азийн аварга шалгаруулах тэмцээнээс өмнө “Чингис хаан кап” олон улсын тэмцээн зохион байгуулагдана. Уг тэмцээнд БНАСАУ-ын Үндэсний шигшээ баг, ОХУ-ын багууд урилгаар оролцох юм. Тиймээс шигшээ багийнхан маань байнгын бэлтгэлтэй байгаа учир асуудал өнөөдөр шийдэгдээд маргааш Азийн аварга шалгаруулах тэмцээнд явах байсан ч боломжтой хэмээн хэлж байгаа юм. Нэгэнт амжилтаа ахиулан хөл дээрээ тэнцээд босоод ирсэн спортоо түлхээд унагах санаа сагсан бөмбөг ойлгодог, дэмждэг зарим хүнд байхгүй байлгүй хэмээн найдаж л сууя.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан