Б.ЦЭДЭВ
Намартай зэрэгцээд сөхөгддөг олон асуудлын нэг нь цэцэрлэгийн хүрэлцээ. Сүүлийн жилүүдэд цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэхийн хэрээр актлагдах барилга нь нэмэгдэж байна. Гэсэн ч Нийслэлийн боловсролын газрын мэдээлснээр өнөө жил цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 77 хувийг цэцэрлэгт хамруулах нь. Гэхдээ энэ бол цаасан дээр бичигдсэн тоо. Бодит байдал дээр улсын цэцэрлэгүүдийн ачаалал буурна гэсэн үг биш. Харин ч гурав дахин их ачаалал үүрэх магадлалтай гэдгийг ч хэллээ.
Нийслэлд 2-5 насны 116 мянга 500 хүүхэд байна
Өнгөрсөн жилийн хувьд нийслэлийн цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд барилгын хүчин чадлыг 1.7 дахин нэмэгдүүлж анги дүүргэлтээ нэмж байж 75 хувьд хүргэсэн. Уг нь стандарт хүчин чадлаараа ажиллавал энэ тоо 50 хувь байх ёстой. Гэтэл өнөө жил стандарт тоо болох 50 хувийг доривтой нэмэгдүүлж чадаагүй. Учир нь БСШУЯ-ны санхүүжилтээр Канад модон цэцэрлэг болон сургууль цэцэрлэгийн цогцолбор дүүргүүдэд барьснаар хувийн болон төрийн өмчийн цэцэрлэгүүд шинээр 6400 хүүхдийн орыг бий болгожээ. Гэсэн ч зургаан цэцэрлэгийн барилга ашиглах боломжгүй болж актлагдсан. Тиймээс үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн цэцэрлэгүүдийн анги дүүргэлтийг нэмж байж цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 77 хувийг хамруулахаар болж байна.
Уг нь цэцэрлэгийн хүрэлцээг шийдвэрлэх шийдэл бол Хүүхэд харах үйлчилгээ. Гэтэл УИХ-ын хаврын чуулганаар хэлцэж 2016 оны нэгдүгээр сараас уг хуулийг хэрэгжүүлэхээр болсон юм. Ингэсээр хойшилсоор ирэх намартай золговол нийслэлд амьдарч байгаа 2-5 насны 27 мянга гаруй хүүхэд дахиад л гэртээ цоожлуулаад үлдэх нь.
Хувийн цэцэрлэгүүд хүчин чадлаа ашиглаж чаддаггүй
Зах зээлийн байдал, эцэг эхчүүдийн санхүүгийн чадвараас хамаарч төрийн өмчийн цэцэрлэгүүд хүүхдээ багтаахгүй ажиллаж байхад хувийн хэвшлийн цэцэрлэгүүд бүрэн хүчин чадлаа ашиглах чаддаггүй байдал үргэлжилсээр. Хэдийгээр Нийслэлийн боловсролын газраас хувийн цэцэрлэгүүдтэй харилцан тохиролцож хөнгөлөлттэй үнээр эмзэг бүлгийн хүүхдүүдийг сургах санаачилга гаргаад ажиллаж байгаа ч өнөөг хүртэл ажил хэрэг болж амжаагүй л байна.
Хувийн цэцэрлэгүүдийн сарын төлбөр 180-950 мянган төгрөг
Нийслэлд 300 гаруй цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Үүний 200 нь төрийн өмчийн цэцэрлэг бол бусад нь хувийн хэвшлийн цэцэрлэг. Тэгвэл хувийн цэцэрлэгүүдийн нэг сарын төлбөр өнөө жил 180-950 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Тухайлбал, дөрвөн салбартай “Жаргалан” цэцэрлэгийн төлбөр 180-220 мянган төгрөг бол нийслэлд таван салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг “Амила” цэцэрлэгийн төлбөр 350 мянган төгрөг, “Цасан гоо” цэцэрлэгийн өдрийн ангийн төлбөр 250 мянган төгрөг бол 24 цагийн анги нь 350 мянган төгрөгийн төлбөртэй байна. Харин Хан-Уул дүүрэгт байрлах “Миний гэр” цэцэрлэгийн жилийн төлбөр зургаан сая 500 мянган төгрөг бол “Эко киндер гардэн” цэцэрлэгийн сарын төлбөр 750-950 мянган төгрөг байна.
Хувийн цэцэрлэгүүдийн хувьд ихэнхи цэцэрлэг камерын системтэй бөгөөд эцэг эхчүүд ажлаа хийх явцдаа цэцэрлэгийн үйл ажиллагааг утсаараа хянах боломжтой болсноороо давуу талыг бий болгож байгаа юм байна.
Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-28-ны өдөр явагдана
Нийслэлийн хэмжээнд 2013 оноос эхлэн хамран сургах тойргийн дагуу төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийг явуулдаг болсон. Өнөө жилийн цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-28-ны хооронд явагдах тул үүнээс өмнө цэцэрлэгийн бүртгэлийн хамран сургах тойргийг Нийслэлийн боловсролын газраас батлан гаргах гэнэ.
Цэцэрлэгийн бүртгэлд хүүхдээ хамруулахдаа эцэг эхчүүдийн хувьд ямар нэг төлбөр төлөхгүй бөгөөд төлбөр нэхсэн цэцэрлэгийн мэдээлэлийг Нийслэлийн боловсролын газар хүргүүлэхийг холбогдох мэргэжилтнүүд анхааруулж байсан. Харин хүүхэд нь цэцэрлэгтээ элсэн орсны дараа эцэг эхчүүд сайн дураараа тоглоом авч өгөх, цэцэрлэгийн тохжилтод зориулан хандив өгөх нь нээлттэй юм байна.
Цэцэрлэгийн хоолны мөнгө шийдэгдээгүй байна
Төрийн өмчийн цэцэрлэгийн хоолны мөнгийг улсаас бүрэн хариуцдаг болсон ч цэцэрлэг дээрээ өлссөн гомдлоо эцэг эхдээ хэлэх багачуудын тоо буураагүй. Тэгвэл өнөө жил хоолны мөнгийг хоёр дахин нэмэгдүүлж тодорхой хувийг нь эцэг эхчүүдээс авдаг тогтолцоонд эргэн шилжихээр Нийслэлийн боловсролын газраас санал оруулсан ч энэ асуудал Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороон дээр гацсан тухай холбогдох албаныхан мэдээлсэн юм.