Н.БАТ\
Энэ хичээлийн жилд өнгөрсөн жилээс хоёр дахин цөөн хүүхэд дунд сургууль төгссөн учраас их дээд сургуульд элсэгчдийн тоо гэрлийн хурдаар буурчээ. Тиймээс хувийн зарим сургууль бараг л гуйх шахуу оюутан элсүүлж байгаа бол улсын буюу төрийн өмчит сургуулиуд харин ч төлбөрөө нэмж шархаа нөхөж байгаа бололтой. Инфляцтай уялдаж гэж тодотгоод нэгдүгээр курсын оюутнуудад 30-40 хувиар хоёроос дээш курсынх бол 12 хувиар гэх зэргээр курсээр ялгаварлан тогтоосон байх юм.
Гэвч саяхандаа МУИС-ийн олон улсын харилцааны сургуульд Англиас ирээд суралцсан нэгэн бүсгүйн түүхийг уншсан. Эдүгээ Америкт сурч, ажиллаж байгаа охин хэрхэн гадаадын их дээд сургуульд элсэж болох тухай үеийнхэндээ болон дүү нартаа зөвлөгөө хүргэхдээ МУИС-ийн бодит байдлыг дурайтал бичжээ хөөрхий. Би ч уг нь МУИС-ийн төгсөгч. Дөнгөж төлбөртэй болсных нь дараа элсч тус сургуулийг төгссөн. Миний суралцаж байх үед ажиглагддаг байсан зарим зүйл бүүр ч дордсоныг түүний бичвэрээс уншсан. Одоогоос 10 жилийн өмнөх МУИС-ийг тэрээр цонхолдог, хичээл тасалдаг, хуулан бичлэг хийлгэдэг, харилцааны соёлгүй, орчуулга хийлгэдэг, ном зардаг тийм л багштайгаар бичсэн байгаа юм. Гэтэл энэ чинь хамгийн сайн хүүхдийг мундаг шалгуур тавьж авдаг сургууль биз дээ. Саяхан манай дүү ч иймэрхүү байдлын тухай ярьж л байсан. Тэгэхээр хамгийн түрүүнд төрийн өмчит хэдэн сургуулийнхаа сургалтын систем хийгээд төгсөгчдөд анхаарал тавья сайд аа. Мөнгөө төлж байгаа хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү гээд хаялгүй ядаж Азидаа данстай сургууль болгочихвол Монголын нэгээхэн том баялаг л болмоор. Гадаас МУИС-т оюутан ирж сурсаар л байгаа. Гэхдээ тэд хаанаас ирдэг билээ? Гадаад оюутныхаа дунд ч судалгаа явуулаад үзэхэд гэмгүй л болов уу. Хүний мөнгийг авч сургаж байгаа юм чинь боломжийн мэдлэг мэдээлэл өгөөд төгсгөдөг болчихвол ч ...
МУИС-ийн сайтад байгаа сүүлийн үеийн зарим мэдээллээс нь олон дэвшилт гарсныг харж болно. Олон сургуультай хэлхээ холбоотой ажиллаж, бас багш сурагчид нь олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож байгаад талархууштай. Гэвч сүүлд хийсэн дээд боловсролын шинэчлэл болоод сургуулиудыг нэгтгэх явцад МУИС-ийн сургалтын бодлого олон талаар замхраад байгаа нь оюутнуудыг дадлагын төвшнөөс харагдсаар байгаа нь харамсалтай. Монголын анхны ууган их сургууль маань жилээс жилд төгсөгчдөө сайхан үдэж гаргадаг байгаасай. Энэ бол зөвхөн МУИС ч гэлтгүй төрийн өмчит олон сургууль дээр нийтлэг ажиглагддаг л үзэгдлүүд. Тиймээс Боловсролын сайд аа Төлбөрөө нэмэхдээ чанараа нэмчихээрэй гээд анхааруулаад өгөөрэй.