Европын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Мишель Палитини өнгөрсөн сарын сүүлээр дэлхийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай байгаагаа албан ёсоор зарласан билээ. Тэрээр “Би маш удаан бодож гүн гүнзгий тунгааж байж хөлбөмбөгийн болон өөрийнхөө ирээдүйн төлөө энэ шийдвэрийг гаргалаа. Мэдээж та бүхний маань дэмжлэг ч миний шийдвэрт нөлөөлсөн. Би хөлбөмбөгийн төлөө ихээр хөдөлмөрлөх болно. Хүнд хувь заяагаа зөвхөн өөрийн гараар л бүтээн босгох үе гэж байдаг юм. Би яг энэ мөчид ирээд байна. Өөрөөр хэлбэл миний амьралын өөрчлөлтийн үе болжээ” хэмээн 209 холбоог нэгтгэсэн Дэлхийн хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргад бичсэн захидалдаа дурджээ. Өмнө нь алдарт Диего Марадона Дэлхийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа билээ. Марадона тус холбоонд албан ёсны өөрчлөлт хийх цаг нь болсон гээд авлигатай хийх тэмцлийг эхлүүлэх болно гэж мэдэгдсэн юм. Мөн энэ суудлын төлөө Бразилийн шигшээ багийн дасгалжуулагч Зико болон холбооных нь ерөнхийлөгч Либери Муса Билити, Иорданийн ханхүү Али бин Аль Хусейн, өмнөх сонгуульд өрсөлдөж байсан Дэлхийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч асан Чон Монжун нар нэр дэвшихээ илэрхийлсэн. Харин франц эр Палитинийг хөлбөмбөгийн дөрвөн ч холбоо албан ёсоор дэмжихээ илэрхийлж, нэр дэвшихийг хүссэн гэнэ. Нэр дэвшигчид ирэх аравдугаар сарын 26-ныг хүртэл FIFA-д албан ёсоор өргөдөл гаргах ёстой.
Мишель Палитини нь 2007 оноос хойш Европын хөлбөмбөгийн холбоог удирдаж байгаа бөгөөд Шведийн нэр дэвшигч Леннарт Юханссоныг ялж гарч ирсэн юм. 2011 онд хоёр дахь удаагаа улиран сонгогдсон бол энэ удаад гурав дахь сонгуульт жилдээ ороод буй. Тамирчны хувьд 1983, 1984, 1985 онд Европын шилдэг хөлбөмбөгчнөөр тодорч байсан. Францын шигшээ багт тоглож байхдаа 1984 онд Европын аварга болж, шилдэг довтлогчоор шалгарсан. Италийн “Ювентус”-т байхдаа Европын лигийн цом хүртсэн. Тамирчны карьерээ орхиод хэдэн жилийн турш Францын шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан. Хэрэв түүнийг дэлхийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр сонгосон тохиолдолд тэрээр Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн суудлаа тавьж өгөх шаардлагатай болно.
Өнгөрсөн хавраас эхлэн дэлхийн хөлбөмбөгийн холбооны удирдах албаныхантай холбоотой авлигын хэргүүд дэлхий нийтээр цацагдаж эхэлсэн юм. Цюрихэд тавдугаар сарын 27-нд тус холбооны удирдах албаны долоон хүнийг авлигын хэргээр баривчилсан. Энэхүү шуугиант мэдээллээс үүдэн тавдугаар сарын 29-нд FIFA-гийн Ерөнхийлөгчөөр таван удаа улиран ажиллаж байсан Йозеф Блаттер албан ёсоор огцорч байгааг мэдэгдээд буй. Холбооны дүрмийн дагуу дараагийн ерөнхийлөгч ирэх жилийн хоёрдугаар сарын 26-нд сонгогдох хүртэл тэрээр үүрэг гүйцэтгэгчээр ажиллана.
1998 оноос хойш дэлхийн хөлбөмбөгийн холбоог удирдаж байсан Блаттерыг Нобелийн шагнал авах хүн хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч тодорхойлж байсан юм.
В.Путин Швейцарийн нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа “Бид бүгд л ноён Блаттер, түүнийг хүрээлдэг хүмүүсийг ямар хүн бэ гэдгийг мэднэ. Би өнөөдөр болоод байгаа элдэв зүйлийг эргэцүүлэн тунгаахыг хүсэхгүй байна. Учир нь авлигатай холбоотой түүний тухай нэг ч мэдээлэлд итгэхгүй байгаа шүү. Ноён Блаттер түүний багийнханд онцгойлон баяр хүргэж, тэднийг шагнах хэрэгтэй. Хэрвээ би өгч чаддагсан бол Нобелийн шагнал өгөх байлаа” хэмээн дурдсан байдаг.