Н.БАТ
Олон улсын хөнгөн атлетикийн холбоо 12 жил болон түүнээс дээш хугацаагаар хориотой эм хэрэглэсэн байж болзошгүй тамирчдаа олон нийтэд мэдээлэлгүй нуун дарагдуулсан байж болзошгүй гэсэн мэдээлэл барууны хэвлэлүүдээр гарч шуугиан тариад байгаа билээ. Харин Олон улсын хөнгөн атлетикийн холбоо энэ бол ор үндэслэлгүй бас инээдэмтэй мэдээлэл хэмээн үзэж, үүгээр шуугиан тарих нь зүгээр л борлуулалтын орлогоо нэмэх гэсэн хэвлэлийнхний үйлдэл хэмээн буруутгасан юм. Энэхүү мэдээлэл өнгөрсөн долоо хоногт Германы ARD сувгаар болон Британийн “The Sanday Times”-т хэвлэгдэж, спортын ертөнцийг бужигнуулсан юм. Германы болон Британийн хэвлэлд бичсэнээр “эх сурвалжийн мэдээлснээр Хөнгөн атлетикийн холбооны мэдээллийн санд бүртгэлтэй таван мянган / мэдээллийн санд 12 мянган тамирчны мэдээлэл байдаг/ тамирчны шинжилгээний дүнгээс харахад тэдний 800 орчим нь допингийн сэжигтэй нь илэрсэн байгаа юм” гэжээ. Тэд австралийн шинжээч Робин Паризотто болон Майкл Эшден нартай хамтран ажилласан гэжээ. Судлаачид эдгээрээс олимп болон дэлхийн аваргаас медаль авсан 146 тамирчин /55 нь алтан медаль авсан/ допингийн хууль дүрэм зөрчсөн байна гэж үзжээ. Харин Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч “Энэ сарын дундуур би суудлаасаа буух гэж байгаа учраас ийм мэдээлэл гарсанд гайхах зүйл биш. Гэхдээ манай холбоо энэ асуудалд эрс хатуу байр сууринаас ханддаг. Хүндэт шинжээчид 2001-2012 он хүртэл зуу гаруй хүн хүртэх ёстой медалиа хүртээгүй гэж үзэж байгаа бололтой. Гэхдээ өнөөдөр үүнийг асуудал болгож босгож ирмээргүй байна. Бүх асуултанд хариулахын тулд олон талын эх сурвалж цуглуулж тайван хандахыг хүсч байна.
Харамсалтай нь энэ мэдээлэл бол зуу гаруй тамирчны медалийг бусдад хувиарлах гэсэн явуургүй оролдлого. Хэрвээ тэднийг тухайн үед допинг хэрэглэсэн гэдгийг өнөөдөр баталж чадах шинэ технологи гаргаж ирээд дүнг нь олон нийтэд танилцуулж чадвал медалийг нь хурааж авч болно шүү дээ” хэмээн хэлжээ. Ламин Диак нь Олон улсын хөнгөн атлетикийн холбоог 1999 оноос хойш тэргүүлж буй билээ. /Олон улсын олимпын хороо нь тамирчдын допингийн шинжилгээг 10 жил хадгалдаг/. Тэрээр “Үнэндээ энэ байтугай жүжиг тавигддаг. Холбооны ерөнхийлөгчийн сонгууль болоод дэлхийн аваргын тэмцээнээс сарын өмнө л иймэрхүү мэдээлэл байнга шахуу гардаг” хэмээн нэмж хэлсэн юм. Энэ сарын 19-нд болох Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд дэлхийн алдарт тамирчин Сергей Бубка / Украйн/ болон Себастьян Коу /Англи/ нар өрсөлдөж байгаа билээ. Британийн нэр дэвшигч Коу өөрийн мөрийн хөтөлбөртөө хамгийн түрүүнд тус холбоо допингтой шаргуу тэмцэх ажиллагааг зохион байгуулахаар тусгасан байгаа билээ. Энэхүү шуугиант мэдээллийг Англи, Их Британи, Австралийн зүгээс яаралтай шалгаж, хурдан мөрдөн байцаалт явуулахыг шахаж шаардаж байгаа нь олон хүнд эргэлзээ төрүүлэх болж. Харин Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах “Олон улсын хөнгөн атлетикийн холбоо Допингийн эсрэг дүрмийг зөрчсөн гэх ямар ч баримт байхгүй” гэдгийг албан ёсоор зарласан. Мөн олимпод оролцож буй тамирчдын допингийн шинжилгээг ОУОХ хариуцдаг гэдгийг хэвлэлийнхэн сайн мэдэж баймаар юм” хэмээн онцолжээ. Мөн тэрээр үүнийг хэвлэлийнхэн биш Олон улсын допингийн эсрэг агентлагийнхан илрүүлэх ёстой. Одоогоор бидэнд сэжүүр болох ч баримт байхгүй учраас тамирчдыг буруутгах ёсгүй” гэжээ. Сонирхолтой нь допингийн сэжигтэй гэх 800 хүний 415 нь Орос бол Украйн, Испани, Кени, Туркийн тамирчин аж.