Америкийн үндэсний сагсан бөмбөгийн “Лос Анжелес Лейкерс” багийн хамгаалагч Коби Брайнт зодог тайлах тухай шийдвэрээ ирэх улирлыг дуусгаад гаргаж магадгүй хэмээн мэдэгдлээ. Тэрээр хэвлэлийнхэнтэй уулзахдаа “Одоогоор юу ч тодорхой болоогүй байна.
Ирэх улирал миний хувьд сүүлчийнх байж ч мэднэ. Мөн өндөр хариуцлагатай тоглолтууд болох улирал. Ийм үед карьераа орхих тухай шийдвэр гаргана гэдэг амаргүй.
Энэ тухай дасгалжуулагч болоод багийн нөхөдтэйгөө ярилцсан. Тэд “Яарах хэрэггүй. Зодог тайллаа ч чи хожим харамсах болно” гэсэн. Гэхдээ би аль болох амар байдлаар шийдэхийг хичээж байна. Нэг бол цааш үргэлжлүүлэн тоглоно, эсвэл энэ хүрээд дуусгана. Хэдий хэцүү байх ч улирал дуусахаас өмнө нэг шийд гаргана. Ийм шийдвэрийг шинэ улирал эхлэхийн өмнө гаргах нь тун хэцүү юм” хэмээжээ.