Орчин үеийн хамгийн амжилттай бас ер бусын, жинхэнэ авьяастай архитекторыг энэ салбарынхан дуу нэгтэйгээр Заха Хадид гэдэг. Заха Хадид бол энэ цагийн Гауди. Захагийн ер бусын бүтээлүүд дэлхийн олон оронд бий, одоо ч баригдаж байгаа. Араб гаралтай Заха 1950 онд Багдад төржээ. 1972-1977 онд Лондонгийн Архитектурын их сургуульд суралцаж төгссөн түүний анхны бүтээлийг нь харсан хүн бүр” энэ чинь юун тоглоом бэ” гэж байсан гэдэг. Урвуу харсан байрлалтай өндөр барилга мөн гүүрэн орон сууц. Заха бол үнэндээ цаасны л архитектор гэж байв. 1993 онд л түүний төслийг бодит болгох зоригтон анхлан гарч ирэв. Германы “Vitra” компани гал командын байшинг түүний төслөөр барихаар болсон аж. Энэ нь бөмбөгдөгч онгоц хэлбэртэй гал командын байшин.
Мэргэжилтнүүд бүтээлүүд нь магадгүй түүнийг сар одны орноос ирсэн нэгэн мэт санагдуулах хэтэрхий хийсвэр байдаг ч гэж хэлдэг. Заха 11 настайгаасаа л архитектор болно гэсэн тодорхой зорилго өмнөө тавьсан байна. Харин түүний аав ээж нь эхлээд математикийн хичээлээ л сайн хий гэж шахдаг байж. Үүний ачаар охин математикийн хичээлдээ тун сайн байсан бөгөөд өнөөдөр мэргэжилд нь хамгийн ойр хамгийн хэрэгтэй шинжлэх ухаан бол математик гэдгийг хүлээн зөвшөөрч эцэг эхдээ талархдаг аж.
Тэрээр 1983 онд Хонгконгоос зарласан олон улсын архитекторын уралдаанд тэргүүлсэн ч түүний энэ төсөл цааснаас босоогүй аж. Түүний нэр алдар 1997 онд Гуггенхеймын музейн ажлаар л түгжээ. Дараа нь АНУ-ын орчин үеийн урлагийн төвийн барилгын ажлаар илүү олонд танигдаж эхэлжээ.
“Архитектор хүн бол үргэлж ердийн орон зайн гадна гарч, өөрийн эрч хүчээр олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл хийх ёстой. Энэ л зорилгоор дотоод сэтгэл хөдлөлөө сэтгэхүйтэйгээ хамт ажиллуулах хэрэгтэй” хэмээн тэрээр хэлдэг. Мөн өөрийн гэсэн хувийн микро орчинг бий болгохын тулд ажилладаг болохоос олон нийтэд зориулсан гэж дүр эсгэхийг хүсдэггүй гэдэг.
Заха одоо Англид ажиллаж амьдардаг бөгөөд өөрийн гарлыг араб бас англи гэж тодотгодог. Британийн хатан хааны одонт энэ уран бүтээлчийн ажлыг деконструктивизм хэмээн тодорхойлдог. Деконструктивизм гэдэг нь урлаг бол үзэл суртлын агуулгаас татгалзана гэдгийг удирдлага болгодог хурц тод бусдаас өвөрмөц урсгал гэж хэлж болдог. Өөрөөр хэлбэл деконструктивизм нь архитектурын сюрреализм. Ихэнхдээ энэ нь объектын маш хэцүү хэлбэр бөгөөд гол шугам нь мурийсан, хэлбийсэн маягтай хэлбэр.
Энэ хэлбэр нь сүүлийн жилүүдэд хотын уран барилгад маш түрэмгий цөмрөн орж ирээд байгаа бөгөөд энгийн орон сууц, тэнгэр баганадсан барилга эсвэл шилэн байшинд ч ашиглаж байгаа гөлгөр муруй хэлбэр. Нэг талаар цаасан дээр зурсан зураг шиг харагдах бөгөөд барилгачдын төлөвлөснөөс шал өөр зүйл гараад ирсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг ч гэдэг. Захад жинхэнэ авьяас заяасан гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрдөг. Түүний буй болгосон дээр дурдсан хэв маяг нь өөрийг нь хамгийн алдартай нэгэн болгосон юм. Бүсгүйн бүтээл бүр нь өнөөдөр өндрөөр үнэлэгддэг учраас 2004 онд Притцеровын шагналтан болсон юм. Энэ нь Нобелийн болоод Пулитцеровын шагналтай эн дүйнэ. Заха Хадидид энэ шагналыг Эрмитажид гардуулсан өгсөн байдаг. Сүүлийн жилүүдэд тэрээр зөвхөн барилгын архитектороос гадна интерьер дизайн, тавилга, гутлын дизайн мөн театрын тайз засал зэрэгт хүч үзэх болжээ. Хэд хэдэн ч тавилгын коллекцын автор болоод буй . “Chandelier Vortexx”-ийн гэрэл, “ Cristal”-ийн сандал гээд Захагийн гэх бүтээл олон.
Түүнийг ирээдүйн архитектор гэж болно. 2021 онд баригдах барилгын төсөлд бүтээл ялсан нь бөгөөд ирээдүйн их хотын өнгө төрхийг тодорхойлно.
Заха өөрийн нэртэй архитекторын фирмээ анх байгуулаад хэдэн жилдээ баарны тохижилт, үзэсгэлэнгийн павилион, цанын баазаас хэтрээгүй аж. Түүний бүтээлүүдийг харсан хэн ч зориглон бодит болгох амилуулахыг хүсэхгүй байлаа. Өөрийн мөнгийг ямар ч дүрслэлгүй геометрийн эв хавгүй дүрс, хурц өнцөгт хад асга, бүүр зөвхөн төсөөллийн сансрын хөлөг мэт физик математикийн агуу хуулиудыг зөрчсөн харагдах эдгээр зүйлст зориулах зоригтон байсангүй. Бүтээл бүхэн нь бусдын анхаарлыг татаж чаддаг шигээ айлгадаг байв. Гэсэн ч Заха өөрийн авьяас төсөөлөл, уран сайхны эрэл хайгуулаас татгалзахыг хүсэхгүй байлаа. 1990-ээд оноос түүний фирм олон улсын томоохон тэмцээнүүдэд байнга оролцож, тэргүүн байрыг нь эзэлсээр байсан ч нэг ч томоохон төсөл нь цааснаас бууж чадахгүй л байлаа. Лестер хотын тэнгэр баганадсан урвуу харсан барилга /1990 он/, Хонгконгийн спортын Пик клубын барилга /1983/, Кардиф арлын дуурийн театр /1994/ гэх зэргээр Англи болон дэлхийн бусад улсад шалгарсан шилдэг төслүүд цааснаас буугаагүй гэнэ.
Нью-Йоркийн Гуггенхаймын музейн барилгын ажил түүний хувьд амжилт хийгээд олон асуудал дагуулав. Тэр музейн үзмэрүүдийг зөвхөн хананд нь байрлуулах санаачлага гаргасан Генригээс хойшхи анхны эмэгтэй архитектор. Дээрээс нь музейн захиралтай дотно найзын холбоотой байв. Оросын агуу архитекторчийн хий төсөөлөл гэж байсан санааг өөрийн болгож хэрэгжүүлж чадсанаар тэрээр Гуггенхаймын дараагийн музейн төсөл дээр ажиллах эрхтэй болов. Энэ нь 2003 онд Тайванийн музейн ажил нь ингэж л эхэлсэн юм. Заха 170 метр өндөр гурван давхар галерей, офисс, орон сууцтай шилэн байшин Миланд, Марсельд болон Монпельед унаж буй мод мэт барилга, Неапольд төмөр зам, АНЭУ-ын нийслэл Дубайд “бүжиглэдэг байшин” мөн музей, номын сан, гүүр гээд маш олон зүйл ирэх жилүүдэд хийхээр төлөвлөжээ. Заха 2021 оноос өмнө 16 томоохон ажлын ард гарах гэнэ.
Ингээд тэрээр алдарт загвар өмсөгч Наомигийн зарим асуултанд ямар хариулт өгч байсныг хамтдаа сонирхоё.
-Та маш их зурдаг. Таны ширээн дээр тоолж баршгүй олон төсөл байгааг ч анзаарсан. Гэвч та 20 жил цаасны архитектор гэж нэрлэгдэж байсан. Чухам яагаад ингэж нэрлэгдэх болсон гэж боддог вэ?
-20 жил ч арай биш ээ. Би чинь их сургуулиа төгсөөд одоо 35 дахь жилдээ ажиллаж байна. Магадгүй 15 жил ингэж нэрлэгдсэн байхаа. Тухайн үед хүн бүр л зүгээр л нэг хайрцаг барихын төлөө ажиллаж, түүний дотор нь юу ч байрлуулсан болно л гэдэг бодолтой байсан. Би өөрийнхөө хөгжлийн төлөвлөгөөг нэг л өдөр олж харсан. Харин бусад хүн үүнийг маань маш түвэгтэй байдлаар хараад байгааг мэдэрсэн. Тэгээд хэрвээ уулыг толгод болгож чадвал хотыг хөгжүүлэх нь тийм ч хэцүү зүйл биш юм байна гэж бодох болсон. Ингээд урсах мэт гөлгөр шугам ашиглан барилгын гадарга болон газрын гадаргад ажилбар хийж болох юм байна гэж төсөөлөөд ажиллаж эхэлсэн. “Шингэн орон зай” гэх санаагаа өөрийн болгон байшинд оруулах гэж хэдэн жилийн хугацаа зарцуулсан. Тиймээ би зурсаар л байлаа. Гэхдээ эхлээд өөртөө л зориулаад зураад байлаа.
-Энэ чинь таны хийсэн урлагийн “хувьсгал”-ын эхлэл байжээ. Өөрийн тэр л орон зайг олох гэж супер санаагаа л хайгаад байсан хэрэг үү. Харин өнөөдөр яаж супер санаагаа олж байна?
-Би дөнгөж ажиллаж эхэлж байхдаа л технологийн хувьсгал ирж байгааг мэдэрч байсан. Гэхдээ яг хаана, хэзээ аль салбарт гэдгийг нэг ухахгүй байлаа. Гэтэл компьютерийн хувьсгал үнэхээр эргэн тойрны бүх зүйлийг өнөөдөр өөрчлөөд байна шүү дээ. Энэ нь ялангуяа манай салбарт хамгийн их хамааралтай болчихлоо. Цутгалтаар бүрэн гүйцэтгэл хийдэг боллоо. Орчин үеийн барилга нь зөвхөн дэлхий рүү цутгах төдийгөөр хязгаарлагдахгүй. Өнөөдөр ямар ч санааг технологийн ачаар биелэл болгон цогцлоох боллоо. Жишээ нь, би энэ бүхнийг нотлохын тулд Бакуд гайхамшигтай төсөл хийсэн. Бүх зүйл хамаагүй хялбар болсон. Өнөөдөр та Лондонд үйлдвэрлэсэн сандлыг Нью-Йорк руу зөөж байснаас хүссэн газартаа тэр төхөөрөмжийг аваачиж байрлуулахад хангалттай болчихсон гэдгийг мэдрэх л хэрэгтэй.
-Та барилгын 3D хэвлэгч машиныг хэлээд байна уу?
-Тиймээ, 3D цутгагч. Үүний ачаар та цор ганц зүйлийг маш бага зардлаар бүтээн босгож чадна. Гэхдээ барилга бол заавал инженерийн нарийн чадвар шаарддаг болохоор одоохондоо томоохон барилга дээр ашиглана гэж хэлж чадахгүй ч энэ нь цаг хугацааны л асуудал гэдгийг мэдэж байна. Өнөөдөр зургаа угаалгаад хадгалахаа бараг больчихоод байна шүү дээ. Э-мейлээр л солилцчихож байна. Энэ нь гараар хийх үед гардаг олон алдааг үгүй болгож чаддаг.
-Ингэж архитекторын салбарт шинэ хувьсал бий болдог гэж үү?
-Тэгэлгүй яахав. Сүүлийн 10 жилд манай салбар тектоникийн шилжилтэнд байна. Эхлээд хүмүүс оновчтой логикоос өөр юу ч байхгүй. Үүнийг норм гэж нэрлэдэг гэсэн үзэл баримтлал боловсруулж байв. Дараа нь бусад нь эргэлзэж эхэлсэн. Үндсээр нь тэр ойлголт өөрчлөгдсөн. Өмнө нь бүгд архитектур гэдэг нь газартай хүндийн төвтэйгээ холбоотой урлаг гэж үзэж бүтээл нь газар руугаа чиглэсэн зохистой харьцаатай байх ёстой гэж боддог байв. Энэ нь бүтээлтэй яг л нэгэн хэмийн хавтгай туузан дамжуурга шиг холбоотой байх ёстой гэж бодож байв. Гэвч өнөөдөр энэ бүхэн өөрчлөгдлөө.
-Заха таны ажлаас уламжлал, түүх соёл тухайн улс үндэстний үндсэрхэг байдлыг мэдэрдэггүй гэвэл буруудахгүй байх. Ер нь та үндэсний өв соёлд хэрхэн ханддаг вэ?
-Би ертөнцийн бүх хүн нэг л хүсэл эрмэлзэл дор нэгдэж өөр хоорондоо илүү адилхан болж байна гэж боддог. Гэхдээ энэ нь хэн нэгний гоёл чимэглэлийн элементийг хадгалахыг үгүйсгэж байна гэсэн үг биш. Хүмүүс өнөөдөр ч өөр хоорондоо ялгаатай зуршилтай хэвээр байгаа. Өөр өөр хөсгөөр зорчиж, өөр өөр цаг ууртай орчинд амьдарч байна. Гэхдээ миний хувьд байшин барилга барих том жижиг төсөл хийхэд тэр бүх түүхэн үнэт зүйлсийг суулгах нь хэцүү санагддаг. Гэхдээ заримдаа тухайн улс орноос суралцах, авч үлдэх зүйл багагүй гардаг. Жишээ нь, би Луис Барраганы ажиллаж байсан Мехикод зорьж очлоо. Түүний Өмнөд Африкаар зугаалж байгаад ирснийхээ дараа хийсэн төсөл нь Өмнөд Африкийн санагдуулам том хана, хурц өнгөтэй л харагдаад байлаа.
-Нэгэнт хоёулаа үндэстэн угсаатны тухай ярьсных таны төрөлх Иракийн тухай сэдвийг хөндөх шаардлагатай байх л даа. Та Иракийн тухай ямар бодолтой явдаг вэ?
-Дэлхийн энэ гайхамшигт улсад ямар өгөөмөр бас зочломтгой хүмүүс амьдардаг гэж санана. Гэвч өнөөдөр тэднийг хэн ч миний хэлснээр тодорхойлохгүй л болов уу.
Тэднийг хиджаб өмсдөгөөр нь ялгаварлан гадуурхаж болохгүй шүү дээ.
-Үнэхээр хүмүүсийг өмссөн зүүснээр нь ялгаварлан гадуурхана гэдэг байж боломгүй зүйл?
-1960-аад онд намайг Иракт амьдарч байхад энэ улс боловсролд маш их анхаарал хандуулж байсан гэж би боддог. Охин бүрт их сургуульд орох эрх боломж байсан. Би нэгэн түүхийг ярих дуртай. Тэр үед 13 настай хүү манайд ажиллахаар ирсэн юм. Ээж маань хүүг бараг л өөрийн хүүхэд шиг өсгөсөн. Маш ядуу гэр бүлд төрсөн хүү манайд ирээд бидний ах шиг л амьдрах болсон юм. Тэр уншиж бичиж чаддаггүй байлаа. Ингээд бидэнтэй хамт өсч торнин эхнэр авч тусдаа гарсан. Ах маань бүх хүүхдээ боловсролтой болгохын төлөө маш их хичээн зүтгэж буйг би өөрөө харсан юм шүү. Энэ бол үнэхээр сайхан өөрчлөлт байлаа. Гэтэл энэ хүмүүжил өнөөдөр Иракийн элитүүдийн дунд ч үгүй болчихож. Мэдээж маш олон асуудал бий л дээ. Хүмүүс хэтэрхий их зовлон зүдгүүр амслаа. Өнөөдөр Иракт баян ядуугийн ялгаа хэтэрхий их болж, тэдний дунд хэзээ ч ойртомгүй ан цав гарчээ. Миний бодлоор Иракт бүхнийг зөв зохион байгуулалтад маш хурдан оруулж чадах хүчтэй лидер хэрэгтэй байна. Зөвхөн нефть олборлохоос гадна маш хурдан аж үйлдвэржих хэрэгтэй байна.
-Та бол эрчүүдийн гэгддэг архитектурын салбарт өндөрлөгт гарч чадсан бүсгүй. Заримдаа танд энэ бүхэн дарамттай санагддаг уу?
-Үгүй ээ. Би өөрөө л энэ сонголтыг хийсэн. Би хэзээ ч харамсаж, гасалж байсангүй. Миний сонгосон энэ зам надад энгийн эмэгтэй хүн шиг амьдарч, эр нөхөр, үр хүүхэдтэй болох боломж олгоогүйг үгүйсгэхгүй. Үнэнийг хэлэхэд хэрвээ би хүссэн бол хүүхэдтэй болох л байсан. Гэвч араб гаралтай бүсгүй эр нөхөрт гаралгүй үр хүүхэд төрүүлэх боломж бараг л үгүй. Магадгүй хэзээ нэгэн өдөр би үүндээ харамсах биз. Гэхдээ яг одоохондоо бол харамсаагүй л байна.
-Та феминист/ эрчүүдээс үл хамаарагч, эр хүн хэрэггүй гэдэг үзэлтэй эмэгтэй/ үү?
-Үгүй ээ, би феминистүүдийг туг өргөн дэмжигч биш. Би эмэгтэй хүний авьяас чадвар, хүч чадалд итгэдэг. Өмнө нь намайг эмэгтэй архитектор хэмээн “цоллоход” би тун дургүй байлаа. Би үргэлж эмэгтэй гэдэг нь чухал биш архитектор гэдэг нь чухал гэж хэлдэг байсан. Гэвч эмэгтэй хүн амжилтанд хүрч болдгийг өөрийн биеэр батлахаар бусад бүсгүйчүүдэд өөрийнхөө чаддаг дуртай зүйлээ бие даан хийх итгэл өгдөг юм байна гэдгийг мэдрэх болсон. Үнэхээр анх сонгож байхад миний мэргэжил эмэгтэй хүнд ахадсан мэт олон хүнд санагдаж байсан ч өнөөдөр бол хүссэн нь сонгодог л мэргэжил болсон шүү дээ. Гэхдээ Англид хүйсийн ялгаа олон зүйл дээр ажиглагдсан хэвээр л байна.
-Танд заримдаа энэ системтэй, захиалагчтайгаа бас материалтайгаа ч тэмцэх шаардлага гардаг байх. Энэ бүхний ард хэрхэн гарч чаддаг юм бэ?
-Эмэгтэй хүн тэр тусмаа харийн эмэгтэй хүн том гүрэнд архитектор байна гэдэг амаргүй. Ялангуяа чи өөрөө ер бусын зүйл хийдэг, сэтгэдэг бол шүү дээ. Би чинь муухай зантай, цочир уурладаг, за тэгээд үргэлж төсөөллийн ертөнц өөртөө бий болгочихсон явдаг хүн. Заримдаа хүмүүс надтай хэрхэн харилцахаа мэдэхээ больчихдог юм. Та намайг Кардифын дуурийн театрын төслийг хэрхэн хийснийг мэдэж байгаа биз дээ. Манай багийнхан тендерт нь гурван удаа ялсан. Гэтэл гүйцэтгэгчид нь бидний барилгыг барихаас татгалзсан. Бөөн асуудал үүссэн. Би анхнаас нь энэ төсөл маань тэдний зүгээс бидэнд хандаж байгаа доромж төдий болох нь гэдгийг мэдэрч байлаа. Надад чи тэмц, британичууд сайхан мэдрэмжтэй хүмүүс гэж хэлэх нэгэн нэг биш байв. Би ч өмнөөс нь харж л байя гэж хариулдаг байсан. Гэвч миний зөв болоод өнгөрсөн. Британичууд зургаан жилийн турш миний төсөлтэй л зууралдсан. Өнөөдөр ч онгоцны буудал дээр таарсан зарим хүн би Уэльсийн нэрийн өмнөөс танаас хүлцэл өчье гэж хэлдэг.
-Та гэхдээ дараа дараагийн төсөлдөө тэднийг буулгаж чадсан биз дээ?
-Үнэндээ тэр үед би бол хэн ч биш байлаа. Тэр төслийн ачаар намайг хүмүүс харин ч их таньдаг болсон байх. Британид ч үүнээс хойш хүмүүс архитектурт анхаарал хандуулдаг болсон юм шиг санагддаг. Үүний дараа манайхныг бууж өгнө гэж хүмүүс бодсон байх л даа. Учир нь бид бас Lottery Funding –ийн тендерт ороод ялагдчихсан. Үнэхээр хэцүү өдрүүд байсан шүү. За ингээд захиалагч олдохгүй болчихлоо гээд л уяман өвчтэй хүмүүс шиг сэтгэлээр унах өдрүүд байсаан байсан. Гэвч бид хөл дээрээ босохын тулд хоёр дахин их ажиллаж эхэлсэн. Нэг талаас болсон явдлыг мартахын тулд ажлаар өөрсдийгөө дарж байсан санагддаг юм. Нөгөө талаас бид цаашид үргэлжлүүлж чадна бууж өгөөгүй гэдгээ батлах байсан юм.
-Үүний дараа та чинь шагналд дарагдсан шүү дээ. Притцкеровын шагнал, ИхБританийн хатан хааны одон, Америкийн Бейрутын их сургуулийн хүндэт докторын тэтгэлэг гээд л. Аль шагналдаа илүү дуртай вэ?
-Би өөрийн хоёр дахь эх орноор сонгосон улсынхаа Хатан хааны хүндэт одонгийн эзэн болсондоо их баярласан. Притцкеровын шагнал миний карьерт маш их нөлөөлсөн. Зарим хүн за одоо тэтгэвэртээ гараад хэвтэхэд санаа зовох зүйлгүй боллоо гэж надад хэлэхэд өөдөөс нь “Би тэтгэвэрт гараад юу хийх хэрэг вэ. Өдөр бүр нүүрээ будаад л суух уу ? “ гэж хариулдаг байлаа.
-Ажиллалгүй яахав дээ. Танд яг одоо хамгийн түрүүнд төлөвлөж, мөрөөдөж байгаа төсөл юу байна?
-Байна аа, Ойрхи Дорнодод бүтээн босгох нэг төсөл байна. Арабын ертөнцөөс гаралтай эмэгтэйн хувьд тэр бүст өөрийн нэртэй нэг томоохон ажлыг хийхийг хүсч байна. Бас хот суурин газар байгуулах төслийг бүхэлд нь гүйцэтгэх юмсан гэж боддог. Одоогоор би тэнд нэг ч төсөл дээр ажиллаагүй байна. Хэрвээ эргэн тойрноо анхааралтай харж чадвал ямар их боломж байгааг төсөөлөх ч аргагүй. Жишээ нь, Лондонгийн олимпын тосгоныг хэтэрхий гунигтай хуучинсаг төрхтэй хийсэн гэж бид боддог юм. Энэ чинь шинэ хот, гайхамшигтай төсөл хөтөлбөр байсан юм шүү дээ.
-Гэхдээ та чинь Спортын төвийн төслийг гүйцэтгэсэн байх аа?
-Тиймээ, олимпын наадамд зориулж бидний хийсэн анхны төсөл. Бээжингийн олимпын усан спортын төв. Бидний зорилго бол олимпын наадмын дараа ч үүнийг тогтмол ашигладаг байгаасай гэж хүсч хийсэн. Энэ барилга маань уртаашаа сунан тогтсон загвартай. Барьсны дараа эхний төслөөсөө их өөр харагдаад байсан шүү. Агаарт өндөрт өргөгдсөн гүүр барина гэдэг амаргүй шүү дээ. Маш сонирхолтой туршлага болсон. Гэвч даалгавар сайн биелүүлсэн гээд надад олимпын урилга ирээгүй. Зурагтаар л тэнд болж байгаа тэмцээнийг хараад өнгөрсөн.