ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ сарын 1-нд олимпын аварга Татьяна Навкатай гэрлэхдээ дэлхийд тун цөөхөн тоогоор үйлдвэрлэгдсэн 37 сая рублийн үнэтэй цаг зүүсэн зураг нь олон нийтийн сүлжээгээр тарж багагүй асуудал үүсгээд байгаа билээ. Авлигатай тэмцэх албанд хүртэл шалгуулахдаа тулсан цагныхаа талаар Песков албан ёсны тайлбар хийсэн байна. Тэрээр энэ цагийг хуримын бэлгэнд эхнэрээсээ авсан гэжээ. Песков “ Энэ бол Татьяна Навка надад өгсөн бэлэг. Үнэхээр цөөхөн үйлдвэрлэгдсэн үнэтэй цаг нь үнэн. Гэхдээ хайртай хүнд өгч байгаа бэлгийн хувьд үнэтэй зүйл биш. Энэ цагийг Татьяна өөрийн мөнгөөр худалдаж авсан. Харин ямар мөнгөөр вэ гэдэг нь бусдад хамаагүй” гэжээ.
Гэтэл энэхүү цагны зураг дөрөвдүгээр сард олон нийтийн сүлжээнд байсан хэмээн сөрөг хүчний төлөөлөгч Навальный баталж буй юм. Алексей Навальный “Richard Mille RM 52-01 загварын гоёл. Таны байрнаас ч үнэтэй эд биш үү” гэсэн тайлбартайгаар олон нийтийн сүлжээнд дээрх зургийг тавихдаа “Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч дөрвөн жилийнхээ орлогоор нэг цаг авч зүүсэн үү” хэмээн асуулт өөрийн блогтоо үлдээжээ. Үнэндээ Песковын хууль бусаар орлого олсон хэмээн буруутгасан аж. Навальный өөрийн тэргүүлдэг авлигатай тэмцэх сангийн сайтад “энэ цаг нь 30 ширхэг л үйлдвэрлэгдсэн бөгөөд нэг бүрийн үнэ нь 620 мянган ам.доллар хэмээн батлаад төрийн албан хаагч ямар мөнгөөр АНУ дахь “Richard Mille”-гийн дэлгүүрээс үүнийг худавлаж авав” гэсэн асуулт тавин зургийг нь тавьсан юм. 2014 онд Песковын мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгт түүний жилийн орлого 9 сая 184 мянга 358 рубль гэж тэмдэглэгдсэн байгааг Навальный сануулахаа мартсангүй. Мөн тэрээр “Авлигатай тэмцэх сан энэхүү цагийг аль эрт ажигласан. Песков хуримнаасаа өмнө өөрийн охиныг тэвэрч байгаа зурагт энэ цагийг зүүсэн байсан. Түүний охин Лиза зургийг аль дөрөвдүгээр сард өөрийн “Instagram”-т нийтэлсэн. “Оны хурим гэж нэрлэгдсэн энэ хурим бол үнэндээ хууль бус орлогын хамгийн том илэрхийлэл. Байрнаас үнэтэй цагийг өөрийн хууль ёсоор олдог орлогоор бол хэзээ худалдаж авахгүй” хэмээн Навальный шүүмжилсэн аж. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ цаг нь Песковын жилийн орлого болох 9 сая рублиэс бага зэрэг үнэтэй гэнэ. Гэсэн ч сөрөг хүчний төлөөлөгч Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч энэхүү цагийг хэрхэн худалдаж авснаа албан ёсоор мэдээлэх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Песковын цаг бол сэтгүүлчдэд тавьсан өгөөш
Залуу хосын хуримын зочдын нэг улстөрч найз Олег Митволь тэгвэл энэ цагны талаар шал өөр мэдээлэл өгсөн байна. Тэрээр Песков түүний найз нөхөд хэвлэлийнхнээр даажигнахаар шийдэж, хэрхэн гэрлийн хурдаар хуримнаас өөр түүний тухай өөр мэдээлэл тархаж болохыг үзэхийн тулд хуримд хүрэлцэн ирсэн чинээлэг зочдын нэгнийх нь цагийг зүүсэн. Песков түүний хуримнаас илүүтэйгээр энэ цагны зургийг хэвлэлд тавина гэдгийг мэдэж байлаа. Хуримын үеэр зочид ч хэвлэлд ямар хөгжилтэй мэдээлэл гарахын мэдэж байсан гэнэ. Үнэхээр төлөвлөснөөр сэтгүүлчид дэгээнд орчихсон. Хуримын маргаашаас эхлээд л төрийн албаны ажилтан ямар мөнгөөр ийм үнэтэй цаг худалдаж авсан тухай амтай бүгд л ярьж эхэлсэн хэмээн “МК”-д ярьсан байна.
Би бол олимпын аварга. Олсон мөнгөөрөө сайн бэлэг авах чадалтай
Песковын гэргий Татьяна энэ тухай тайлбар хийхдээ “ Энэ бол үнэхээр миний өгсөн бэлэг. Би бол олимпын аварга. Маш их ажилладаг. Ялангуяа зундаа. Би өөрийнхөө хөдөлмөрлөж олсон мөнгөөр сайн бэлэг авах чадалтай. Хуримынхаа өмнө нөхөртөө ямар бэлэг өгөх вэ гэдэг асуулт сүйт бүсгүй бүрт л байдаг. Би өөрийнхөө энэ асуудлаас гарах гарцыг сайн цаг л гэж үзсэн. Өнөөдөр хүн бүхний яриад байгаа үнэ бол үнэхээр үнэн. Гэхдээ бусдад энэ бол тийм хамаатай зүйл биш байхаа. Олимпын аварга Евгений Плюшенко эхнэртэй маш үнэтэй бөгж бэлэглэж л байсан. Харин өөр олимпын аварга нөхөртөө ийм бэлэг өгч болохгүй юу” гэсэн байна.
Энэ сарын 1-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Димитрий Песков уран гулгалтын төрөлд олимпын аварга болж байсан тамирчин бүсгүй Татьяна Навкатай Сочигийн “Rodina Grand Hotel & SPA”- д хуримласан юм. Түүний хуриманд 100-гаад зочид уригдсаны дотор ОХУ-ын Ерөнхийлөгч хүртэл байсан ч очсон эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Песковын хувьд энэ нь гурав дахь гэрлэлт нь. Өмнөх хоёр гэрлэлтээсээ тэрээр гурван хүү нэг охинтой. Татьяна Навкагийн хувьд хоёр дахь гэрлэлт бөгөөд өнгөрсөн жил хосууд Надежда хэмээх охинтой болжээ.