Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг 2015-2016

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2015-2016 оны хичээлийн жилд бакалавр, магистр, докторын сургалтад нийт 128 оюутныг (78 бакалавр, 50 магистр, доктор) БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Үүнд: Байгаль орчин ногоон хөгжил, хөдөө аж ахуй, анагаах ухаан, эрүүл мэнд, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, зам тээвэр, барилга хот байгуулалт, боловсрол, урлагийн  чиглэлээр нийт 110, төрийн удирдлага, бизнесийн удирдлага, эдийн засаг, хууль болон хятад хэл судлалын чиглэлээр нийт 18 тэтгэлэг олгоно.  

Нэг. Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчдэд тавигдах шаардлага 

1/ Бакалавр:

Дор дурдсан шаардлага хангасан 25 хүртэлх насны Монгол Улсын иргэн байх:

-  Монголын Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа;
-  БНХАУ-ын их, дээд сургуулийн хятад хэлний бэлтгэл ангид 80 (A, B) ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа;
-  БНХАУ-ын их, дээд сургуулийн хятад хэлний бэлтгэл ангид 1 хичээлийн жилээс илүү хугацаагаар амжилттай суралцаж төгссөн, хятад хэлний түвшин тогтоох шинэ HSK шалгалтад 3 ба түүнээс дээш зэрэг авсан;
-  БНХАУ-ын их, дээд сургуулийн бакалаврын 1 дүгээр дамжаанд 80 (A, B) ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа;

2/ Магистр, доктор:

-    Магистрант: бакалавр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан, 35 хүртэлх насны;
-    Докторант: магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан, 40 хүртэлх насны;


БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт өмнө нь
аль нэг шатны сургалтад хамрагдсан бол тус тэтгэлгийг дахин олгохгүй болно.
 

Хоёр. Бүртгэл 

1/ Бакалавр:

Монгол Улсад суралцагчид өөрийн суралцаж буй сургуулийн сургалтын албанд бүртгүүлнэ. МУИС, ШУТИС тус бүр 40 хүртэл, ЭМШУИС, ХААИС, СУИС, МУБИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль тус бүр 25 хүртэл, бусад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллеж нь тус бүр 10 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, оюутан тус бүрийн шалгалтын хураамж 10000 төгрөгийг сургуулийн захирлын албан бичгийн хамт 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 9-12 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын хэлтэст ирүүлнэ. 

БНХАУ-ын их, дээд сургуулийн хятад хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа болон хятад хэлний бэлтгэл ангид 1 хичээлийн жилээс илүү хугацаагаар суралцсан, нэгдүгээр дамжаанд суралцаж байгаа иргэд дараах бичиг баримтыг Монгол хэл дээр бүрдүүлэн 2015 оны 3 дугаар сарын 28, 29ы өдрийн 10.00-17.00 цагуудад Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны 1 давхрын 102 дугаар өрөөнд өөрийн биеэр (эсвэл эцэг, эх, асран хамгаалагч иргэн) ирж бүртгүүлнэ:

1.    Иргэний үнэмлэх, нотариатаар баталгаажуулсан хуулбар;

2.    Бүрэн дунд боловсролын гэрчилгээний эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбар;

3.    БНХАУ-ын их, дээд сургуулийн хятад хэлний бэлтгэл ангид эсвэл бакалаврын нэгдүгээр дамжаанд суралцаж байгаа бол сурлагын дүнгийн тодорхойлолт,  тодорхойлолтын хуулбарыг баталгаат орчуулгын хамт;

4.    БНХАУ-ын их, дээд сургуулийн хятад хэлний бэлтгэл ангийг төгссөн бол гэрчилгээ болон дүнгийн тодорхойлолт, эдгээрийн хуулбарыг баталгаат орчуулгын хамт;

5.    Хятад хэлний түвшин тогтоох шинэ HSK шалгалтын гэрчилгээний эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбар;

6.    Шалгалтын хураамж 10000 төгрөг.


2/ Магистр, доктор:

Магисрт, докторын сургалтад хамрагдахыг хүсэгч нь дараах бичиг баримтыг Монгол хэл дээр бүрдүүлэн 2015 оны 3 дугаар сарын 28, 29-ны өдрийн 10.00-17.00 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны 1 давхарын 102 дугаар өрөөнд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ:

1.    Иргэний үнэмлэх, нотариатаар баталгаажуулсан хуулбар;

2.    Хамгийн сүүлд ажиллаж буй байгууллагын ажил, зан байдлын дэлгэрэнгүй тодорхойлолт;

3.    Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;

4.    БНХАУ-д бакалаврын боловсрол эзэмшсэн бол ямар зардлаар суралцаж төгссөн тухай сургуулийн албан ёсны тодорхойлолт;

5.    Суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (500-аас цөөнгүй үгтэй);

6.    Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (урлагийн чиглэлээр суралцах бол өөрийн 2 бүтээлийг CD, VCD-нд буулган хавсаргана)

7.    Шалгалтын хураамж 15000 төгрөг.

 

Гурав. Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтыг БНХАУ-ын Боловсролын яамны холбогдох журмын дагуу БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хариуцан зохион байгуулна.

1/ Бакалавр:

Бакалаврын сургалтанд бүртгүүлсэн иргэдээс математик, англи хэл, хятад хэлний нэгдсэн шалгалтыг тестийн хэлбэрээр авна. Шалгалтыг 2015 оны 4 дүгээр сарын 4ий өдрийн 10.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимуудад зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана.

Иргэний үнэмлэхгүй иргэнийг шалгалтад оруулахгүй. 

Бичгийн шалгалтын дүн болон ярилцлагад орох иргэдийн нэрс, ярилцлагын цагийн хуваарийг 2015 оны 4 дүгээр сарын 9ий өдрийн 17.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар дээр зарлана.

 Ярилцлагыг 2015 оны 4 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны байранд зохион байгуулна. 

Ярилцлагад ирэхдээ Монгол Улсын их, дээд сургууль, коллежид суралцагч иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, суралцаж буй хугацааныхаа сурлагын болон голч дүнгийн тодорхойлолт, харин БНХАУ-д суралцагч бүртгүүлэхдээ бүрдүүлсэн бичиг баримтаа эх хувиар нь авч ирэх шаардлагатай. 

 Ярилцлагад тэнцсэн иргэдийн нэрсийг 2015 оны 4 дүгээр сарын 16ы өдрийн 17.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар дээр зарлана.


2/ Магистр, доктор:

Магистр, докторын сургалтад бүртгүүлсэн иргэдийн бичиг баримтад үнэлэлт, дүгнэлт өгөх хэлбэрээр сонгон шалгаруулж, ярилцлагад орох иргэдийн нэрс, ярилцлагын цагийн хуваарийг 2015 оны 4 дүгээр сарын 16ы өдрийн 17.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар дээр зарлана. 

Ярилцлагыг 2015 оны 4 дүгээр сарын 1819ий өдрүүдэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны байранд зохион байгуулна. 

Ярилцлагад ирэхдээ бүртгүүлэхдээ бүрдүүлсэн бичиг баримтаа эх хувиар нь авч ирэх шаардлагатай. Ярилцлагад тэнцсэн иргэдийн нэрсийг 2015 оны 4 дүгээр сарын 23ы өдрийн 17.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар дээр зарлана.

Сонгон шалгаруулалтын дүнтэй холбоотой асуудлаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам ямар нэгэн тайлбар хийхгүй болно.


Дөрөв. Тэтгэлэгт нэр дэвшүүлэх ба суралцуулах

Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн бичиг баримтыг бүрдүүлэх ажлыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хариуцан зохион байгуулж, БНХАУ-ын их, дээд сургууль, коллежид суралцуулахаар тэтгэлэгт нэр дэвшүүлнэ.

Тухайн нэр дэвшигчийг хүлээн авч суралцуулах эцсийн шийдвэрийг БНХАУ-ын Боловсролын яам, хүлээн авах сургууль хамтран гаргана. Суралцах урилга хүлээн авсан оюутан нь хятадын талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэлд суралцсаны дараа шалгалт өгнө. Энэ шалгалтад тэнцсэн иргэд үргэлжлүүлэн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр үндсэн сургалтад хамрагдана.

Суралцагч замын зардлаа хариуцах бөгөөд БНХАУ-ын Засгийн газраас сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг санхүүжүүлнэ.

 
БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
ЛАВЛАХ УТАС: 1800-1209, 51-266428

0 Сэтгэгдэл
энэ чинь хугацаа нь болоод өнгөрчихсөн мэдээлэл байна шүү дээ. Тоглоод, шоглоод байх юм аа...Эрх мэдэлтэн, хөрөнгөтнүүдийн хүүхдүүд аль хэдийнээ дүүргэчихсан биз дээ.Төгсөж ирээд Монголдоо ямар ажиллах биш.Тэр чигтээ цаашаа явдаг хүмүүс.
hezeenii yum bicheed baina aa setguulch guai
Хамгийн их уншсан