Монгол залуус гадаадад төрөл бүрийн тэтгэлгээр суралцдаг. Тухайлбал, Мабучи олон улсын тэтгэлгийн сан (Mabuchi International Scolarship Fondation-MISF) нь 2005 онд үүсэн байгуулагдсан. Азийн орнуудаас Японд суралцаж буй оюутнуудаас шалгаруулж, жил бүр 100 гаруй оюутанд шинээр тэтгэлэг олгодог. Тэтгэлэгт сургалтын төлбөрөөс гадна Японд амьдрах зардлыг бүрэн олгодог буцалтгүй тэтгэлэг юм. Уг тэтгэлгийг манайхаас Японы их, дээд сургуульд сурдаг 90 гаруй оюутан аваад байгаа аж. Харин манайд тэтгэлгээр суралцах ийм боломж бага. Ихэнх тохиолдолд хүүхэд, залуусын суралцах эрх нь эцэг эхийн санхүүгийн байдалтай холбоотой байдаг. Ийм нөхцөл байдлыг өөрчлөхөөр Мабүчи тэтгэлгээр Японд сурсан залуус хамтарч Монгол дахь Мабүчи тэтгэлгийн төгсөгчдийн холбоо байгуулсан байна. Одоогоор тус холбоо 50 гаруй гишүүнтэй болжээ. Тэд Мабүчи сангаас дэмжлэг авч Монголынхоо их, дээд сургуульд суралцах оюутнуудад зориулсан тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлэх санаачилга гарган үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа аж.
Монгол Улсын их, дээд сургуулиудад амжилттай сурч байгаа залуусын нийгмийн
баталгааг хангах, суралцах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна, тэтгэлгээрээ дамжуулан
залуусын сэтгэлгээг тэлэх олон талын үйл ажиллагаа явуулж, улс орныхоо хөгжилд
үнэтэй хувь нэмэр оруулах хүний нөөцийг бэлтгэх нь энэ тэтгэлгийн зорилго юм
байна.
Монголд хэрэгжих Мабүчи тэтгэлэг нь эргэн төлөгдөх нөхцөлтэй сургалтын
төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөр аж. Дотоодын их, дээд сургуулиудын сургалтын
төлбөрийг судлаад нэг хичээлийн жилд нэг оюутанд 1500 ам.долларын тэтгэлэг
олгохоор шийдвэрлэсэн байна. Тухайн оюутан сургуулиа төгссөнөөс хойш хоёр дахь
жилээсээ эхлэн жил бүр 1500 ам.доллараа хүүгүйгээр эргүүлэн төлөх үүрэг хүлээх
аж. Ер нь тэтгэлгийн зээлийг тэтгэлэг олгож эхэлснээс хойш есөн жилийн
хугацаанд багтаан эргүүлэн төлөх юм байна. Энэ хөтөлбөрийн үйл ажиллагааг
тогтмолжуулахын тулд эргэн төлөгдөх нөхцөлийг санал болгож байгаа аж. Мабучи
сангаас авсан мөнгөн дэмжлэгээ эргэн төлөлтөөр дамжуулан цааш нь эргэлдүүлэн
олон оюутныг тэтгэлэгтээ хамруулах боломжтой бас том хариуцлагатай. Тухайн
оюутан тэтгэлгийн мөнгөө заавал сургалтын төлбөртөө зарцуулах ёстой гэсэн хатуу
шаардлага тавихгүй юм байна.
Тэтгэлэгт эхний
жилдээ 30 оюутан хамруулах аж. Төрийн болон хувийн өмчийн нэгдүгээр дамжааны 20
оюутан, гуравдугаар дамжааны 10 оюутныг хамруулахаар төлөвлөж байгаа аж.
Нэгдүгээр курсын оюутны тухайд ерөнхий боловсролын гэрчилгээний голч дүн 80 ба
түүнээс дээш, элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн хэмжээст оноо нь тухайн
хичээлийн улсын дундаж онооноос тус бүр 100 оноогоор илүү байх шалгуур тавина.
Харин гуравдугаар курсын оюутан бол голч дүн нь 3.3 ба түүнээс дээш байх ёстой.
Энэ шалгуурыг хангасан хот, хөдөөгийн ямар ч оюутан тэтгэлэг авах эрхтэй болох
юм байна.
Долдугаар сарын 6-9-ний өдрийн 10.00-17.00 цагийн хооронд “Шинэ Монгол” бүрэн
дунд сургууль дээр хүлээж авах аж. Бүртгүүлэхийн тулд батлагдсан маягтын дагуу
тэтгэлэг хүссэн өргөдөл, “Миний ирэх 10 жил ба мөрөөдөл” сэдвийн дагуу эссэ
бичэх бөгөөд өрхийн орлогыг тодорхойлох бичиг баримт, одоо сурч буй болон
төгссөн сургуулийн тодорхойлолт, ерөнхий боловсролын сургуулийн гэрчилгээний
хуулбар, элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн хуулбарыг авчрах шаардлагатай юм
байна.